УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээллээ хийлээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн цэцийн тухай шинэчилсэн найруулга, эрх баригчдын өнгөрсөн 4-8 жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал ба түүнтэй холбоотой ЗГ-аас авч буй арга хэмжээ.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцэийн болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг АН-ын бүлэг саналаа нэгтгэж, дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь Үндсэн хуулийн манаач болсон энэхүү байгууллагатай холбоотой эгзэгтэй зүйл заалт орж ирсэн байна. Тодруулбал, цэцийн гишүүнд насан туршид нь хариуцлага тооцохгүй буюу дархлагдсан эрх олгох нь зүйтэй биш гэж үзсэн тул энэ хаврын чуулганаар хэлэлцэхээс татгалзаж байна.
Хоёрдугаарт, сүүлийн 4-8 жилд эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэн хэлэлцлээ. Тодорхой тоо баримт хэлэхэд, ХАА салбарт 10 сая бог, 4 сая бодын арьс хийх үйлдвэр барина гэсэн нь сураггүй байна. 2021 онд ашиглалтад орно гэсэн Газрын тосны үйлдвэр, сарын 1 хувийн хүүтэй зээл гэх мэт маш олон амлалт нэхэж хэлэлцэнэ.
2016-2024 онд Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Гурван хүний нэг нь ядуу хэвээрээ. Дэлхийн банкнаас Монгол Улсын гурван хүн тутмын нэг ядуу гэдэг судалгааг гаргасан. Монгол Улс авлигын индексээр сүүлийн 8 жилийн хугацаанд 50 байр ухарлаа. Товчхондоо олон улсын хараат бус, хөндлөнгийн мэргэжлийн байгууллага Монгол Улсын нөхцөл байдлыг ийнхүү дүгнэжээ. Гэх мэтчилэн бид эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар амлалт нэхэж, анхааруулан ажиллах болно.
АН-ын гишүүн Ц.Туваан: Эрх баригч намаас хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Гэтэл хөдөөгийн мал аж ахуйн салбар дууслаа. Маш олон өрх хотоо харлуулж, эрхэлдэг аж ахуйгаасаа салаад байна. Тиймээс малчдын зээлийн асуудлыг анхаарч, малжуулах хөтөлбөрийг дорвитой хийх хүсэлтийг тавьж байна. Одоо цас хайлж шар усны үер болж, мал хээлтэх үеэр малын хорогдол дахин гарна.
Сумын удирдлагад ядаж нэг цас цэвэрлэх машин баймаар байна. Өвс тэжээлийг өгөхөөс илүү тээврийн зардлыг нэмж авах боломжоор хангаж өгөхийг малчид хүсч байна. Бид ажлын хэсэг байгуулж, шаардлага тавина. Бид "Амь нэгтэй монголчууд" аяныг хэрэгжүүлж байгаа шүү гэдгийг онцолсон юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнөөдөр монгол цэргийн бахархлын өдөр. Монголын түүх бол монгол цэргийн түүх байдаг. Монгол цэргээрээ бид бахархаж болно. Би бол Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдон ажиллаж байгаа хүн. Бүх монголчууддаа баярын мэндийг дахин дэвшүүлье. Өнөөдөр нөхцөл байдал маш хүнд байна. Дэлхийн гамшгийн нөхцөл байдал маш их ойртсон. Монгол Улс эндээс ангид байгаагүй. Гэтэл одоо эрх баригчдын байгаа байдал ямар ч бэлтгэлгүй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ маш өндөр байхад өгөөжийг нь ард түмэн хүртсэнгүй. Хэдэн дарга нар л хүртлээ.
Удаа дараа ямар ч хариуцлага тооцохгүй байсаар байгаад ийм байдалд хүргэж байна. Бид намрын чуулган дээр байнга сануулж байсан. Орон нутагт дизель түлш тасраад байна, амьдрал ойрхон байгаач гэдгийг хэлж сануулсан.
Гаргаж байгаа хууль тогтоомжийг нь хар. Мал төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуульдаа заачихсан байдаг. Гэтэл тэр нь алга. Хөдөөнөөс хотод орж ирсэн иргэдээс хоёр дахь өдрөөс нь 5500 төгрөгийн татвар авах гэнэ. Энэ онцгой байдлын алба ямар ч бэлтгэл, төлөвлөгөөгүй байсан байна. Хүнс хөдөө аж ахуйн салбар шаардлага хангаж ажиллахгүй байна. Хөдөө орон нутагт баг, сумын дарга нар, албадууд бензин шатахуунаа хийгээд ажлаа хийх ямар ч боломжгүй болсон. Гэтэл олон сайд дарга нар Төрийн хэмнэлтийн хуулиас ангид үлдсэн. Сүүлийн 10 жилд монголчуудын гурван хүний нэг нь ядуу гэдэг тоо баримтыг ярьсан. Одоо ард түмний 50 хувь нь ядуурлын шугамд ойртож байна.