МУИС-ийн эрдэмтэд 2017 онд “Mazaalai” нэртэй ажиглалт, судалгааны хиймэл дагуулыг хөөргөж Монгол Улс задгай сансарт анхны хиймэл дагуулаа амжилттай байршуулсан.
Тэгвэл сансрын технологийн “ONDO Space” компани мягмар гаригт /202.03.05/ ”“ONDOSAT-OWL-1" болон “ONDOSAT-OWL-2” нэртэй Монголын анхны арилжааны хиймэл дагуулыг хөөргөх гэж байна. Тиймээс “ONDO Space”-ийн хиймээл дагуулын талаар заавал мэдэх ёстой сонирхолтой баримтуудыг хүргэе.
Дэлхийн гадаргаас дээш 550 км
“ONDOSAT-OWL-1 & 2” нь нам орбитын нано хиймэл дагуул юм. Нам орбит гэдэг нь дэлхийн гадаргаас дээш 160-2000 км хүртэл үргэлжилдэг бидэнд хамгийн ойр байрлах сансрын бүс юм.
Харин нам орбитын хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас дээш 160-1500км-ын зайд байршдаг. Тэгвэл Олон улсын радио сонирхогчдын холбоо(IARU)-ны мэдээлснээр “ONDOSAT-OWL-1 & 2” хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас дээш 550 км зайд орших зайдгай сансарт дэлхийн тойрог замд нийлэх аж.
“ONDO Space”-ийн хиймэл дагуулыг “SpaceX” компани тээвэрлэнэ
“ONDO Space”-ийн хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни мужийн Ванденберг агаарын цэргийн баазаас хөөргөх бөгөөд “SpaceX” компанийн “Falcon 9” дунд оврын пуужингаар тээвэрлэн задгай сансарт хүргэх юм.
“Falcon 9” пуужин нь нийт 15 тонн карго тээвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ “SpaceX” компанийн нууцлалын бодлогын дагуу маргааш хөөргөх “SpaceX's Transporter-10” даалгаврын нийт ачааны жин зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа юм.
Дэлхийн тойрог замд 3000 гаруй харилцаа холбооны хиймэл дагуул ажилладаг
Нам орбитодын хиймэл дагуулууд сансарт харилцаа холбоо, ажиглалт, навигац, судалгаа болон туршилт хийх зэрэг янз бүрийн даалгавар биелүүлдэг. “ONDOSAT-OWL-1 & 2” нь харилцаа холбооны хиймэл дагуул бөгөөд өнөөдрийн байдлаар нам орбитод 3000 гаруй энэ төрлийн хиймэл дагуул үүрэг гүйцэтгэж байна.
“ONDO Space” ирээдүйд “SpaceX”-тэй өрсөлдөнө
“ONDO Space” компани нь ирээдүйд дэлхийн тойрог замд 100 гаруй “Nanosats” хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн байна. Тиймээс маргааш хөөргөх хоёр хиймэл дагуул нь тэдний хиймэл дагуулын сүлжээ(constellation)-ний эхлэл болж байгаа юм.
Тэд сансар судлал, сансрын технологийн салбарын тэргүүлэгчид болох АНУ-ын “SpaceX”, Германы “Exolaunch” болон Японы Кюүшюгийн технологийн дээд сургуультай хамтран ажилладаг байна. “ONDO Space”-ийн албан ёсны вебсайтад мэдээлснээр тус компани нь хиймэл дагуулын технологийн томоохон тоглогч болж, харилцаа холбооны салбарт хувьсгал хийх алсын хараа, зорилготой аж.
Мөн тус компани нь зөвхөн харилцаа холбоо буюу хиймэл дагуулын интернэт, үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэхээс гадна “IoT” салбарт хүчээ сонирохоор төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “ONDO Space” ирээдүйд илүү олон хиймэл дагуул хөөргөж өөрсдийн “constellation”-ыг бий болгосноор алслагдсан орон нутагт сүлжээ холбооны дэд бүтцээс үл хамаарсан үүрэн холбоо болон интернэтийн сүлжээг бий болгох, навигацийн үйлчилгээ, дэлхийн гадарга, агаар мандалын өгөгдлийг судалж цаг агаар, байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан таамаглахаас гадна жолоочгүй автомашин зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг удирдах зэрэг асар олон боломжийг нээх юм.
Дээр дурдсан “Nanosats” гэдэг нь жижиг хэмжээтэй нано хиймэл дагуул бөгөөд куб хэлбэртэй, 6 кг хүртэл жинтэй байдаг. Нэг зэрэг олноор хөөргөх боломжтойн дээр маш хямд өртгөөр бүтдэг нано хиймэл дагуулууд нь сансар судлал, сансрын технологийн ирээдүйг ойртуулах гол цөмүүдийн нэгд тооцоогддог.
Тухайлбал, том хэмжээтэй хиймэл дагуулыг бүтээхэд 100-300 сая ам.долларын зардал шаардагддаг бөгөөд хөөргөхөд 10-400 сая ам.долларын өртөгтэй байдаг аж. Харин “Nanosats” хиймэл дагуул нь бүрэлдэхүүн хэсгүүд, туршилт, судалгаа зэргээс хамааран багадаа 50 мянгаас хэдэн зуун мянган ам.долларын өртгөөр босдог байна. Одоогоор “ONDO Space” компанийн хиймэл дагуулын өртөг тодорхойгүй байгаа юм.