Open iToim app
Технологи | 2 мин уншина

“Starlink” Монгол Улсад хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлж эхэлснээ зарлав

“Starlink” Монгол Улсад хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлж эхэлснээ зарлав
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 1
АНУ-ын сансар судлалын “SpaceX”-ын охин компани болох хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлэгч “Starlink” компанийн сүлжээ Монгол Улсад албан ёсоор нэвтэрлээ.  
Тухайлбал, “Starlink” -ын албан ёсны вебсайт баасан гаригт өөрсдийн сүлжээнд холбосон улсуудын жагсаалтыг шинэчилсэн бөгөөд уг жагсаалтад Монгол Улсад албан ёсоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн гэж тэмдэглэсэн байна. Мөн “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск өөрийн албан ёсны "X" хаягаар дамжуулан "Starlink"-ын сүлжээ Монгол Улсад нэвтэрсэн талаар мэдэгдсэн юм.
“SpaceX” компани өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улсад хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нэвтрүүлээд байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны дөрөвдүгээр сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан. Уг бодлогын баримт бичиг батлагдсанаар “SpaceX”, “OneWeb” зэрэг нам орбитын хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломж нээгдсэн.
Ийнхүү технологийн салбарын тэргүүлэгч “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск 2022 оны гуравдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зорилгоор “Старлинк сервисес монголиа” ХХК-ийг “Starlink Holdings”-ын охин компани хэлбэрээр үүсгэн байгуулсан.
Улмаар Монгол Улсын Засгийн газар 2023 оны хоёрдугаар сард “SpaceX” компанид нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоод байсан юм.
Монгол Улс нь “Starlink” -ийн хиймэл дагуулын интерэнт сүлжээнд холбогдсон Азийн дөрөв дэх улс боллоо. Ийнхүү “Starlink” компанийн сүлжээ Монгол Улсад албан ёсоор нэвтэрснээр шилэн кабель, үүрэн холбооны сүлжээгүй газрууд өндөр хурдны интернэтэд холбогдох боломжтой болж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн