Open iToim app
Технологи | 2 мин уншина

Монголд "Starlink"-ийн төхөөрөмж 1.5 сая төгрөг, сарын төлбөр АНУ-аас хоёр дахин хямд байна

Монголд "Starlink"-ийн төхөөрөмж 1.5 сая төгрөг, сарын төлбөр АНУ-аас хоёр дахин хямд байна
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 1
АНУ-ын сансар судлалын “SpaceX”-ын охин компани болох хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлэгч “Starlink” компанийн сүлжээ Монгол Улсад албан ёсоор нэвтэрсэн. Ингэснээр шилэн кабельд холбогдоогүй алслагдсан орон нутгийн сумд болон утасны сүлжээгүй байсан ч Монгол Улсын аль ч цэгээс өндөр хурдны интернэтийн үйлчилгээ авах боломж нээгдсэн.
Тэгвэл "Starlink"-ийн албан ёсны вебсайтад мэдээлснээр өрхийн хэрэглээнд зориулсан интернэтийн сүлжээ хүлээн авагч төхөөрөмж Монгол Улсад 1.525.000 төгрөг, 1-2 долоо хоногт хүргэх бөгөөд тээврийн зардал 150 мянган төгрөг байх аж.
Та, "Starlink"-ийн вебсайтын нүүр хэсэгт харагдах "Order Now" цэсэнд өөрийн байршлаа оруулж үйлчилгээний үнэ тариф, төхөөрөмж захиалах болон бүртгүүлэх талаар мэдээлэл авах боломжтой.
Өрхийн хэрэгцээнд зориулсан интернэт үйлчилгээний хувьд:
  • Хязгааргүй дата хэрэглээ бүхий "150-300Mbps" интернэт хурд
  • Өрх айл зөвхөн нэг байршилд ашиглахад сарын 185 мянган төгрөг
  • Нүүдэлчин болон аялагч нар Монгол Улсын газар нутагт хүссэн байршилдаа ашиглахад сарын 250 мянган төгрөгийн үнэтэй байна.
  • Нэг хүлээн авагч төхөөрөмж(router)-д гар утас, таблет, нөүтбүүк зэрэг 128 хүртэлх төхөөрөмж зэрэг холбогдох боломжтой
Энэ нь "Starlink"-ийн сүлжээ нэвтэрсэн дэлхийн бусад улстай харьцуулахад илүү хурдтай бөгөөд харьцангуй хямд үнэтэй байх аж. Тодруулбал, "Starlink"-ийн өрхийн интернэтийн "Standard" үйлчилгээ АНУ-д "25-220Mbps" хурдтай, сарын 110 ам.долларын үнэтэй. Харин "Mobile" буюу олон байршилд ашиглаж болох хөдөлгөөнт үйлчилгээ нь сарын 150-250 ам.долларын сонголттой байна. Өөрөөр хэлбэл, манай улсад "Starlink"-ийн үйлчилгээ АНУ-тай харьцуулахад хоёр дахин хямд байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн