Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Сурвалжлага: Хичээлдээ удаан явахгүй байх нь хавдраас илүү өвтгөдөг

Сурвалжлага: Хичээлдээ удаан явахгүй байх нь хавдраас илүү өвтгөдөг
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 29
...Бат энэ жил тавдугаар ангийн сурагч. Тэрээр хавдраа даван туулж эдгэрэх шатандаа явж байгаа. Удахгүй "хонхоо цохиж, медалиа зүүнэ" гэж эмч нар нь ч хэлдэг. Гэхдээ түүнд дахин нэг том даваа бий. Тэр бол хичээлийн хоцрогдлоо арилгах. Мэдээж, эрүүл мэнд эрхэм баян. “Эрүүл болсон юм чинь хичээлийн хоцрогдлыг нөхөж л таарна” гэж гэрийнхэн нь Батыг байнга урмаар дэмжинэ. Ганц Бат гэлтгүй хавдар гэдэг онош сонсч, удаан хугацаагаар эмчлүүлж байгаа хүүхдүүд бүгд л сургуульдаа явж, найз нөхөдтэйгөө уулзаж, хичээлдээ явахыг ихэд хүсдэг аж. Тэдний сэтгэлийг засах, өвчнөө ялан дийлэхэд жаахан ч гэсэн дэм болох сургалтын танхимыг саяхан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байгуулж, үүд хаалгаа нээжээ.
undefined
Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ныг “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх өдөр” болгож, олон нийт, нийгмээрээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, хорт хавдрын эмчилгээг сайжруулах, уг өвчнөөр өвдсөн хүүхэд, тэдний гэр бүлийнхнийг дэмжихэд уриалдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг- хавдар судлалын тасгаас “Хавдрыг ялсан эрэлхэг баатрууд” өдөрлөгийг зохион байгуулдаг аж. Үүний сацуу энэ жил хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах зорилготой сургалтын танхимыг шинээр нээсэн нь энэ аж.
Манай сурвалжлах баг тус танхимын сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
undefined
Биднийг очиход хүүхдүүд хэдийнэ эмчилгээндээ орчихсон, зарим нь эмчилгээнээсээ дөнгөж гарч ирж байлаа. Хэвтэн эмчлүүлэх тасгаар орвол үүднээсээ эхлээд цэвэр цэмцгэр, эмч болон хүүхдүүдийн инээж, ярилцах дуу сонсогдоно. Хүүхдүүдийн хувьд эмч нар супер баатар гэдэг нь илт мэдрэгдэнэ. 
Цаашлаад сургалтын танхим руу орвол ширээ сандлыг хоёр эгнээ болгон засаж, сонирхолтой зурагт болон үлгэрийн ном, тоглоомоос гадна хүний биеийн эд эрхтэнг заасан жижиг баримлуудыг тавьж тохижуулжээ. Хүүхдүүд өглөө сэрээд эмчилгээгээ хийлгээд сургалтын танхим руугаа яардаг болсныг эмч нар хэлж байв.
ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг-хавдар судлалын тасгийн цус, хавдрын эмч Т.Хишигдэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.
undefined
Тэрээр “Манайд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь цусны хорт хавдар, тунгалагийн булчирхайн хорт хавдар, тархи, нүд, бөөрний гэх мэтчилэн хавдрын оноштой байна. Шинж тэмдгийн хувьд хавдар болгон өөр, өөр шинжээр илэрдэг. Жишээ нь, цусны хорт хавдар арьс салст цайх, цусархаг тууралт гарах, хамар амнаас ойр ойрхон цус гарах, яс үе мөчөөр янгинаж өвдөх, болон нийтлэг шинжүүд нь шалтгаангүйгээр халуурах, турах зэрэг байдаг.
Хүүхдүүд хавдраар оношлогдсон үед шууд хэлдэггүй. Ар гэр, эцэг эхтэй нь ярилцсаны дараагаар сэтгэл зүйчээр дамжуулан хэлдэг. Зарим хүн манай хүүхдийг хавдартай гэдгийг нь нуугаад өгөөч гэдэг. Хэрэв хүүхдээс хавдартай гэдгийг нь нуух, цаашлаад хүүхэд эмчилгээний явцад өөрийгөө хавдартай гэдгээ мэдвэл би үхэх юм байна , энэ бол үхдэг өвчин гэдэг ойлголттой байдаг. Гэтэл хавдар эрт үе шатандаа оношлогдвол эдгэрэх бүрэн боломжтой. Томчууд, насанд хүрсэн хүмүүс хавдартай гэдгээ сонсоод сэтгэл санаагаар унаж, илт дорддог бол хүүхдүүдийн хувьд эдгэрнэ гэсэн бодол илүү давамгай байдаг учраас эмчилгээний үр нөлөө сайн байдаг. Манай тасагт мэргэжлийн сэтгэл зүйч ажилладаг. Энэ нь давуу тал болж өгдөг. Мөн сургалтын танхимтай болсон нь хүүхдүүдийн сэтгэлзүйд эерэг нөлөөтэй.
Бид БГД-ийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл орж байна. Одоогоор судалгааны зорилгоор дуу хөгжим, дүрслэх урлаг гэх мэт хичээлүүдийг орж байгаа. Нэг хичээл 20-30 минут ордог гэлээ.
Дараа нь “Хавдрыг ялсан эрэлхэг баатар”-ын ээж Л.Энхзулын сэтгэгдлийг сонссон юм.
undefined
Тэрээр “Хүүхдээ 2023 оны хоёрдугаар сарын 27-нд цагаан эсийн цочмог хавдартай гэдгийг мэдсэн. Тухайн үед хүүхдээ хавдартай гэдгийг мэдээд маш их сэтгэлээр унасан. Манай гэр бүлийнхэн “Чи сэтгэлээр унавал хүүхэд чинь дагаад сэтгэлээр уначихна” гэсэн. Тийм болохоор өөрийнхөө сэтгэл санааг тогтвортой болгож эхэлсэн. Хүүдээ бас миний хүү мундаг байгаарай, сайн хичээгээрэй. Миний хүү сайн хичээж чадах юм бол аав ээж нь ч гэсэн сайн байж чадна гэж хэлсэн. Хүү маань ч маш сайн ойлгосон. Одоо эмчилгээнийхээ хүнд үеийг давчихсан. Энэ оны нэгдүгээр сарын 23-нд “хавдрыг ялсан эрэлхэг баатар” гэх хонхоо цохисон. Ер нь хүүхэдтэйгээ эрүүл юм шиг харьцахад хүүхэд хавдраа давж чадна гэсэн улам илүү итгэлтэй болдог” гэдгийг хэлж байсан юм.
Сургалтын танхим байгуулсанд хүүхдүүд маш их баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Танхимд орж ирээд суухад өвчнөө, өвдөлтөө мартаж хэсэг хугацаанд өөр зүйлд сатаардаг гэдгээ хэлж байсан. Заримдаа хичээл, сургуульдаа удаан явахгүй байх нь хавдрын өвчнөөс илүү хүнд тусдаг гэж зургадугаар ангийн сурагч Энэрэл хэлэв.
Энэ танхимд том жижиг гэлтгүй бүгд орж ирээд хоорондоо ярилцаж, бяцхан дүү нартайгаа тоглож, бие биенээ мэдэрч, харцаараа ойлголцож байгаа юм шиг халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 400 мянган хүүхэд хорт хавдар гэх өвчнөөр оношлогддог. Харин манай улсад жилд 100 орчим хүүхэд шинээр оношлогдон эмчлэгддэг байна. Сургалтын танхим нээгдсэнээр дан ганц хүүхдүүд гэлтгүй эмч, эцэг эхчүүд баяртай байгаагаа хэлж байв.
Э.Эрдэнэбилгүүн нь 2024 оны дөрөвдүгээр сараас www.iToim.mn сайтад ажиллаж байна. Тэрээр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд сэтгүүлч мэргэжлээр суралцдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн