“М-Си-Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Чухал зуун сэдэв” нэвтрүүлэгт оролцон, метроны төслийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Тендерийн сонгон шалгаруулалт, гэрээ хэлэлцээрийн явцад ажлаа баталгаатай дуусгах нөхцөл чухал. Сайн хуульч, сайн гэрээ хийх хэрэгтэй” гэдгийг тодотгож байв. Мөн “Метро барина гэдэг мэдээллийг сонсоод их баярласан. Энэ бол маш олон жил яригдаж байгаа сэдэв. Улаанбаатар хотын иргэний хувиар бодоход ч түгжрэл бол хамгийн том асуудал. Түгжрэлийг бас хэрхэн шийдвэрлэх вэ гэж хувийн хэвшлийнхэн бид байнга ярилцаж, хэлэлцэж байдаг. Яах аргагүй метро баригдаж байж л түгжрэл шийдэгдэх юм байна. Зураг төслөө хийгээд, өөрсдөө бүх тоног төхөөрөмжөө гаргаад, материалаа оруулж ирж барих нь л EPC нөхцөлтэй тендер гэсэн үг шүү дээ. O буюу Operation нэмж байгаа нь зөв байх. Яагаад гэвэл метрогоо барьчхаад ажиллуулж, аюулгүй байдлаа жигдрүүлтэл тодорхой хугацаа хэрэгтэй байх. Тэгэхээр ажиллуулж үзээд, сургаад өгөх сайн компани сонгогдох хэрэгтэй. Том үнийн дүнтэй инженерийн бүтээн байгуулалт учир гүйцэтгэлийн баталгаа чухал. Яагаад гэвэл сонгогдсон компани ажлаа дуусгахгүй бол яах вэ гэдэг асуудал бий. Өмнө нь анзаарч хараагүй өөрчлөлт, маргаанаас үүдэн ажлаа хаяад явчихвал яах вэ, үнэ өртөг нь нэмэгдвэл яах вэ гэх мэтчилэн асуудлууд байна. Тэгэхээр тендерийн сонгон шалгаруулалт, гэрээ хэлэлцээрийн явцад ажлаа баталгаатай дуусгах нөхцөл чухал. Сайн хуульч, сайн гэрээ хийх хэрэгтэй. Тэгэхээр анхнаасаа гар таталгүй сайн хуульчид хөлслөн, гэрээгээ боловсруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, EPC нөхцөлд ажиллаж байсан хуульчдыг сонгож ажиллуулах ёстой. Нэг үеэ бодвол эдийн засгийн чадвар сайжирч, нэг хүнд ноогдох ДНБ 5000 доллар гарчихлаа. Нөгөө талаасаа Улаанбаатар хотын замд өдөрт 400-500 мянган машин зорчихоор яах аргагүй тэг зогсоод, боломжоо алдаж байна. Түгжирч байх хугацаанд эдийн засгийн бүтээмж багасаж байгаа учраас асар их алдагдалтай. Метро бий болсноор түгжрэлийг дагасан эдийн засгийн асар том алдагдсан боломж нөхөгдөх боломжтой. Нэн дариу хийх ёстой гэж бодож байна” гэлээ.