Монгол Улсын хэмжээнд үргэлжилж буй зудын улмаас 2.9 сая толгой мал хорогдсон талааар Улсын онцгой комиссын мэдээнд үндэслэн “Globalvoices” мэдээлжээ.
Тус сайтад “Зуд бол өвлийн улиралд их хэмжээний цас орж, хэт хүйтэрсний улмаас тохиолддог байгалийн гамшиг бөгөөд мал олноор үхдэг. Онцгой байдлын штабын дарга Монгол Улсын нутаг дэвсгэрийн 80 хувь нь зудтай байна хэмээсэн. Эрх баригчдынх нь мэдээлснээр гамшигт нэрвэгдсэн нутгийн 21.8 хувь нь монголчуудын нэрлэдэгээр төмөр зудтай байгаа аж. Үлдсэн 78.2 хувь нь цагаан зудтай байгаа бөгөөд их хэмжээний цас орж, мал бэлчээрлэх боломжгүй болдог.
Зуд бол Монголд нийтлэг үзэгдэл бөгөөд хэд хэдэн төрлийн зуд байдаг. Цагаан, төмөр зудаас гадна хар, хүйтэн, хосолсон зуд гэж бий. Хүйтэн зуд бол хүчтэй салхи, их цасны хослол юм. Цаашид үхсэн малын тоо өсөх хандлагатай байна. Холбогдох албаныхан сэг зэмийг нь ялзарч, өвчин үүсгэхээс нь өмнө түүж, устгахаар төлөвлөж байна. Малчид зам талбайг чөлөөлөх замаар үлдсэн малаа авч үлдэх боломжийг эрэлхийлж байна. Монголын хүн бүр малчдадаа туслах аянд оролцож байна. Хоёрдугаар сарын 24-ний байдлаар хандивын хэмжээ 1.6 тэрбум төгрөг (473 мянган ам.доллар) болжээ. Энэ бүх хүчин чармайлт нь Монголын малчдыг малын хорогдлоо багасгахад тусламж болох ч ирэх жилүүдэд илүү том сорилтууд хүлээж байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд зудын давтамж нэмэгдэж, хүн амын 40 орчим хувийг бүрдүүлдэг, мал сүргээрээ хоол хүнс, орлогын эх үүсвэрээ хангадаг нүүдэлчин малчдад асар их хохирол учруулж байна. Түүхэнд тэмдэглэснээр 18-р зуунд 15, 19-р зуунд 31, 20-р зуунд 43 удаа зуд болж байжээ. Тэгэхээр 8-12 жил тутам зуд болж байсан гэсэн үг. Одоо харин хоёр жил тутамд тохиох төлөвтэй байна.
Энэхүү сэтгэл түгшээсэн мэдээ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд үүний үр дүнд Монгол Улсад зун нь дулаарч, хуурайшиж, өвөлдөө хүйтэрдэг болоод байна. Мөн 1990-ээд оны эхэн үеэс малын тоо толгой урьд өмнө байгаагүй өссөнтэй холбоотойгоор бэлчээрийн даац хэтэрсэн. Зудын улмаас ядуурлын түвшин нэмэгдэж, дотоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэнэ. Малчид малаа бүхэлд нь зуданд алдаж, хөдөөгийн амьдралаа орхиж, ажил хайн томоохон хот руу нүүх нь элбэг. Түүнчлэн ойр ойрхон, ширүүн зуд болох нь мянга мянган жилийн түүхтэй нүүдэлчин ахуйд ноцтой аюул учруулж байна.