Үндэсний бөхийн "Алтан цом"-ын төлөөх гуравдугаар тойргийн барилдаанууд эхэллээ. Эхний хоёр хэсгийн барилдааны мэдээллийг тоймлон хүргэе.
Увс, Өмнөговийнхон өрсөлдөгчөө илүүрхэв
“А” хэсэгт Завхан, Увс, Орхон, Өмнөговь аймгийн баг багтсан. Тэгвэл гуравдугаар тойрогт “Увс нуур” дэвжээнийхэн Завханы багийг 17:8-аар илүүрхэв. Увсын багт даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, О.Түмэн, аймгийн арслан Л.Энхсаруул, Э.Мөнх-Эрдэнэ нар багтжээ. Тэднээс улсын начин О.Түмэн дөрвөн даваа авч багаа манлайлсан бол аваргууд тус бүр гурван даваатай уг барилдааныг дуусгав.
Увсынханд ялагдсан Завханы баг улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан М.Амарсанаа, аймгийн арслан А.Нармандах, Д.Батбаатар нар байв. Уг нь тав дахь бөх нь аймгийн арслан Х.Болдбаатар байсан ч барилдсангүй. Хүн дутуу, мөн сэлгээгүй байсан нь завханчуудын хол зөрүүтэй ялагдах гол шалтгаан байлаа. Завханаас улсын начин Т.Дүгэрдорж гурван даваагаар багаа манлайлсан бол хурц арслан М.Амарсанаа, аймгийн арслан Д.Батбаатар нар тус бүр хоёр, А.Нармандах нэг даваа авчээ.
Харин Өмнөговийн хүчтэнүүд Орхоныг мөн л илт илүүрхлээ. Тэд 19 даваа авснаар хэсгээ тэргүүлсэн юм. Өмнөговь аймгийн багт улсын начин Ш.Дарханбат, Э.Нямаа, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, аймгийн заан Б.Баянсүх , аймгийн заан С.Доржпалам нар багтжээ. Сүүлийн үед уран барилдаанаараа гайхуулж буй аймгийн заан С.Доржпалам таван даваа авснаараа багаа манлайлав.
Тэгвэл эсрэг баг болох Орхонд улсын начин Б.Ганхуяг, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Д.Уртбаяр, Б.Гантөмөр, Ч.Мөнхбат нар багтсан. Гэвч тэд ердөө зургаан даваа авлаа. Аймгийн арслан гурван даваа авснаар багаа манлайлсан бол начин Б.Ганхуяг, аймгийн арслан Б.Гантөмөр нар нэг ч даваа авч чадсангүй. Орхоны манлай начин Ө.Батзул өдгөө Говь-Алтай аймагт сэргэлтийн бэлтгэлд хамрагдаж буй. Учир нь, ирэх сард олимпын эрх олгох тэмцээн, Азийн аваргад оролцохоор Киргизстаныг зорих юм. Дээрх шалтгаанаар Алтан цомыг өнжихөд хүрсэн нь багийн амжилтад нөлөөлөв.
Аваргууд аархаж, Өлгийн хүчтэнүүд шуугиуллаа
“Б” хэсгийн эхний барилдаанд Сүхбаатар-Архангайн багийн хооронд өрнөлөө. Архангайчууд анхдугаар алтан цомын аварга бөгөөд энэ жил тус амжилтаа хамгаалах зорилготой ирсэн. Бүрэлдэхүүнд улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат, аймгийн арслан Э.Мөнхжаргал, Д.Ням-Очир, цэргийн заан Ө.Батсуурь гэсэн хүчтэнүүд багтжээ. Энэ хүчирхэг бүрэлдэхүүний эсрэг Сүхбаатарын бөхчүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Өнгөрсөн жилийн аваргууд Сүхбаатарын бөхчүүдэд ердөө дөрөвхөн даваа алдлаа. Эсрэгээрээ өөрсдөө 21 даваа авч илт илүүрхэв. Аваргуудаас цэргийн заан Ө.Батсуурь уран барилдаанаараа гайхуулж таван даваа авсан бол улсын харцага С.Сүхбат бэлтгэл сайн байгаагаа харуулан мөн л таван даваа авах нь тэр.
Тэгвэл Сүхбаатар аймгаас аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр гурван даваа авсан бол түүнд аймгийн заан С.Ган-Эрдэнэ ганцхан даваагаар дэм боллоо. Улсын начин Бо.Батжаргал, аймгийн арслан Э.Буянтогтох, аймгийн заан Б.Бадамдорж нар даваа авсангүй.
Энэ хэсгийн дараагийн барилдаанд өнгөрсөн жилийн дэд аварга Булганы баг Баян-Өлгийтэй өрсөлдлөө. Бөх сонирхогчид төдийгүй мэргэжилтнүүд Булганы долоон начинг илүүрхэнэ гэж таамагласан. Ингээд барилдаан эхэллээ. Булганы гараа өөрчлөгджээ. Амаргүй Д.Амарсайхан начин, залуу начин Б.Түвшинтөгс нар сэлгээнд үлдэв. Булганы багийн хувьд бага зэргийн бэртэл гэмтлийн асуудалтай. Д.Амарсайхан, Э.Сумъяабат нар бэртэлтэй байлаа. Гэсэн ч Э.Сумъяабат гарааны бүрэлдэхүүнд багтлаа. Тэр багтаа эхний давааг давсан. Гэвч эхний тойрогт Өлгийн хүчтэнүүд 3:2-оор ялах нь тэр. Сонирхолтой бөгөөд таамаглаагүй эхлэл.
Хоёрдугаар тойрог эхэллээ. Булганыхны барилдаан ер болсонгүй. Энэ тойрогт 4:1-ээр дахиад ялагдав. Нөхцөл байдал эвгүйдээд эхэлснийг мэдэрсэн Булганы дасгалжуулагч, улсын заан Д.Баасандорж эхний сэлгээгээ орууллаа. Д.Амаржаргал начныг суулгаж, Б.Түвшинтөгс гарлаа. Тэр ч сэлгээгээр орсон үүргээ онц биелүүлэв. Гэхдээ л Булганыханд ялалт хэрэгтэй байсан учраас үзэгчид, хөгжөөн дэмжигчид Д.Амарсайхан начныг барилдаанд оролцуулахыг хүсэж байлаа. Дасгалжуулагч гүрийсээр.
Гуравдугаар тойрогт дахиад л 3:2-оор ялагдах нь тэр. Ингээд гурван тойргийн дараа 10:5-аар Баян-Өлгийн бөхчүүд тэргүүлсэн хэвээр. Огт тааварлаагүй үр дүн учраас шоконд орлоо. Барилдаанд оролцох боломжгүй байгаа улсын заан Б.Серик болон өсөх идэр начин Н.Мустафа нар багаа сайн дасгалжуулж байв.
Дөрөвдүгээр тойрог эхэллээ. Энэ үед Булганыхан ёстой бужигнуулсан. Өнгөрсөн жилийн финалд шалгарсан шижигнэсэн долоон начингийн барилдаан мөн шүү. Яг л ингэж бужигнуулдаг даа гэмээр барилдлаа. Өөрсдийн арга барилаараа барилдсан Булган начингууд энэ тойрогт 5:0-ээр илүүрхэж, дөрвөн тойргийн дараа давааны харьцаа 10:10 болж тэнцлээ. Сүүлийн буюу тавдугаар тойрогт ялагч тодорно. Хурц арслан М.Еркебулан удаан барилдаж ядарсныг эс тооцвол хоёр багийн бөхчүүд аль аль нь сэтгэл зүйн хувьд өндөр түвшинд хүрсэн байлаа. Ялагчийг тодорхойлох чухал тойрог учраас хоёр баг шийдвэрлэх сэлгээгээ хийх нь тэр. Баян-Өлгийгөөс өсөх идэр начин Н.Мустафа, Булганаас үзэгчдийн удаан хүлээсэн Д.Амарсайхан орж ирлээ. Н.Мустафа Э.Сумъяабаттай, Д.Амарсайхан М.Еркебулантай таарчээ.
Булганы бөхчүүдийн хөл урагшаа цөмрөөд байсныг хэд хэдэн барилдаан дээр Өлгийн хүчтэнүүд анзаарч, даваа авсан. Энэ удаа ч Н.Мустафа Э.Сумъяабатын хөл цөмөрснийг анзаарч багтаа даваа авлаа. Гэхдээ үүнээс өмнө улсын начин Б.Түмэндэмбэрэл учраагаа төвөггүй давж, баг нь анх удаа тэргүүлж эхэлсэн. Үүнээс хойш бүх зүйл эсрэгээрээ эргэж Өлгийн хүчтэнүүд энэ тойрогт 4:1-ээр ялснаар, нийлбэр дүнгээр 14:11-ээр ялагдлаа. Ийм зүйл болно гэж хэн ч таамагласангүй. Булганыхан Д.Амарсайханд хэт найдсан. Харин Д.Амарсайхан хэт шатаж барилдсаныхаа горыг амсаж М.Еркебуланд өвдөг шороодлоо. Хурц арслан М.Еркебулан хэдийгээр багтаа ганцхан даваагаар тус болсон ч энэ нь ялалтын даваа байсан юм. Шийдвэрлэх мөчид амаргүй начин Д.Амарсайханыг өвдөг шороодуулсан нь Өлгийн хүчтэнүүдийг дараагийн шатанд шалгаруулсан юм. Нэгэнт ялагч тодорхой болсон учраас Б.Түвшинтөгс начин хурц арслан У.Берекед даваагаа бараг бэлэглэсэн. Түүнээс тэгж амархан шахаж татуулах бөх биш юм. Өлгийн хүчтэнүүд шилдэг наймд шалгарсан бол өнгөрсөн жилийн дэд аваргуудын алтан цомын төлөөх аялал харьцангуй эрт дууслаа. Д.Баасандорж дасгалжуулагч тактикийн алдаа гаргасан бол Өлгийн хүчтэнүүдийн бэлтгэл, судалгаа онц байлаа. Тэд судалгаагаа сайн хийсний үр дүнд Булганы начингуудын үндсэн барилдааныг огт гаргуулаагүй. Ерөнхийдөө өөрсдийн хэв маягт тааруулж тогтуун барилдсаны ачаар хүчтэй багийг яллаа.
Өлгийн хүчтэнүүд шөвгийн наймд ямар багтай таарахыг дараагийн тоймоороо хүргэе.