Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ажлын байран дээрээ архидсан Цэцийн гишүүнд хариуцлага тооцож, эгүүлэн татах уу

Ажлын байран дээрээ архидсан Цэцийн гишүүнд хариуцлага тооцож, эгүүлэн татах уу
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 28
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Баясгалангийн ажлын байран дээрээ согтуу байгаа бичлэг өчигдөр цахим орчинд тарсан. Тэгвэл ёс зүйн алдаа гаргасан Цэцийн гишүүнд хариуцлага тооцох, эгүүлэн татах хуулийн заалт байхгүй юм байна.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд ёс зүйн алдаа гаргасан Цэцийн гишүүнийг эгүүлэн татах зүйл заалт байхгүй харин ч Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа гэсэн бүлэг бий. Түүнчлэн ганцхан тохиолдолд л Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөхөөр заажээ.
Цэцийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4. "Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно" гэжээ.
Түүнчлэн, Цэцийн гишүүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохыг хориглоно гэж заажээ. Тодруулбал, Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно гэж заасан байна.
Мөн төрийн өндөр албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол хийхээр хуульд заасан ч Цэцийн дунд суудлын хуралдаанаар Цэцийн гишүүдийг томилохдоо сонсгол зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд байгаа. Тиймээс Цэцийн гишүүнээр томилогдож байгаа хүмүүст сонсгол хийх боломжгүй болсон билээ.
Дээрх хуулийн зүйл заалтыг харвал, ажлын байран дээрээ архидан согтуурсан Цэцийн гишүүн Г.Баясгаланд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт алга байна. Харин Цэцийн гишүүний ёс зүйн дүрмийн дагуу ёс зүйн хариуцлага л хүлээлгэх магадлалтай.
Тэрээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2019 оны зургадугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон байдаг.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн