Зочин | 6 мин уншина

Г.Түвдэндорж: Мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гарах ёстойг байгаль дэлхий сануулж байна

Г.Түвдэндорж: Мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гарах ёстойг байгаль дэлхий сануулж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 26
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цастай, 1.5 сая мал хорогдсон, 72 мянган малчин өрх хүнд нөхцөлд ороод байгаа энэ цаг үед мал аж ахуйн салбарын хөгжил, асуудлын шийдэл, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих зэрэг багц сэдвээр Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.
-Зуд ярихаас өмнө би танаас мал аж ахуйн салбар ер нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн жин дардаг, ямар оролцоотой салбар вэ гэдгийг асуумаар байна.
-Мал аж ахуй бол үнэхээр маш чухал нөлөөтэй, монгол хүн бүрийн амь амьжиргаатай холбоотой гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Манай улсын эдийн засаг 2023 онд 7.0 хувиар өссөн боловч уламжлалт голлох салбар-хөдөө аж ахуйн салбар 8.9 хувиар буурсан. Гэвч энэ салбарт 2023 оны байдлаар 298.3 мянган хүн ажилладаг буюу манай улсын хөдөлмөр эрхэлж буй нийт хүн амын 25 хувийг энэ салбар дангаараа ажлын байраар хангадаг гэж болно. Иймд бууралттай байгаа тус салбар байгалийн гамшигт өртсөнөөр улсын эдийн засаг, ядууралд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Нөгөө талдаа мал аж ахуйн гаралтай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу махны хэрэглээний 99 хувийг, сүүний хэрэглээний мөн л 90 гаруй хувийг энэ салбараас хангаж байна.
-Тэгвэл зудын дараа эдийн засагт үүсэх сөрөг нөлөөлөл олон хүний амьдралд нөлөөлөх нь. Та ямар эрсдэлүүд харж байна вэ?
-Зудаас шалтгаалан эдийн засагт үзүүлдэг гурван голлох сөрөг нөлөөлөл бий.
Нэгд, малчин өрхүүдийн амьжиргааны түвшин буурна. Хоёрт, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, нийт улсын ядууралд нөлөөлнө. Гуравт, хот суурин газар руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжиж, ажилгүйдэл нэмэгддэг. Жишээ нь, сүүлийн 30 жилээс хамгийн хохирол их амссан гэдэг 2009-2010 оны зудад 10.3 сая малаа алдсан байдаг. Энэ тухайн үеийн нийт малын 23.4 хувь нь хорогдсон гэсэн үг. Мөн 18 аймгийн 97.5 мянган малчин өрх зудад нэрвэгдсэнээс 8,700 гаруй өрх бүх малаа, 33 мянга орчим өрх малынхаа талаас илүү хувийг алдсан гэсэн тоо мэдээ байдаг. Энэ зудын нөлөө  шууд бусаар Монгол Улсын нийт хүн амын 28 хувьд нь буюу 769.000 хүнд нөлөө үзүүлсэн гэсэн тооцоолол байдаг.  Мөн эдийн засагт 570.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ жил үүнээс ч их хохирол амсахыг үгүйсгэх аргагүй болоод байна
-Малгүй болсон айлууд хот, суурин бараадахаас өөр сонголтгүй. Хотод ирээд л асуудал шийдэгдэхгүй. Өөр, ямар гарц хувилбар байна гэж та харж байна вэ?
-Энэ бас зудын дараа гардаг сөрөг хүчин зүйлсийн нэг. Сүүлийн 30 гаруй жилийн дунджаас харахад Улаанбаатар хотод шилжин ирж буй иргэдийн тоо дунджаар 22,6 мянга байсан. Харин томоохон зуд болсон жилүүдэд шилжилт хөдөлгөөнд онцгой өөрчлөлт орсон байдаг. Тухайлбал 2002 онд 12, 2003 онд 77, 2010 онд нийт мөн 77 хувиар дунджаас өндөр шилжилт хөдөлгөөн ажиглагдсан. Мөн нийслэлээс гадна тухайн аймаг, бүсийн төв суурин газарт шилжих иргэдийн хөдөлгөөн зуд, томоохон гамшгийн дараа нэмэгддэг. Тиймээс бид зуд болоход малчдадаа туслаад давах биш, илүү эрсдэлд тэсвэртэй, эдийн засгийн өндөр өгөөжтэй мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх цаг болсныг байгаль дэлхий бидэнд анхааруулсаар байгааг, давтамж нь ойртсоор байгаа гамшигт үзэгдлүүд харуулсаар байна.
Манай улсын ХАА-н салбар сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа боловч тэр хэрээр бид энэ салбартаа үндэсний уламжлалт онцлогоо хадгалж, инновац технологийн хөгжлийн ололт амжилтыг нэвтрүүлсэн өндөр өгөөж, үр ашигтай салбар болгон хөгжүүлэх хэрэгтэй байна.
Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж

-Таны ярьсан агуулгууд зөрчилдөөд байх шиг. Мал аж ахуй бол эдийн засгийн чухал салбар туслах ёстой гэсэн нэг агуулга, малчдад нэг удаа туслаад өнгөрөх биш урт хугацааны шийдэл гэсэн хоёр дахь агуулга. Яг таны бодол юу вэ?
-Хүнд үед нь малчдадаа туслах нь зөв. Учир нь, энэ салбар Монгол Улсын хэчнээн иргэд шууд болоод дам нөлөөтэйг танд өмнө тоо баримттай ярилаа шүү дээ. Гэхдээ л өвөлжилт, хаваржилт хүндрэх бүрд сандарч үймээд байдаггүй, эрсдэл даах чадвартай хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь чухал болоод байна. Энэ зудын ард гарчихаад тайвшраад сууж болохгүйг л би хэлээд байгаа юм. Малчдын орлого амьжиргааны түвшинг бодитоор нэмэгдүүлэх, тооноос чанарт шилжих инновац технологийг нэвтрүүлэх, төрөөс олгох дэмжлэг байндаа тусдаг байх зэрэг асуудлыг ярих цаг нь болжээ л гээд байгаа
-Тэгвэл танд шийдэл байна уу?
Нэгдүгээрт: Манай хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй нь байгаль, хүрээлэн буй орчинтойгоо шууд уялдаа холбоотой байдаг онцлог салбар. Иймд малчин өрхүүдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлж, аливаа байгалийн болон нийгмийн эрсдэлд өртөмтгий байдлыг бууруулахын тулд мал аж ахуйгаас хүртэх ашгийг бодитоор нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Үүний тулд түүхий эд, бүтээгдэхүүний стандарчлалыг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний чанар, ашигт шимт байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Чанартай бүтээгдэхүүнээ бирж болон үйлдвэрлэл технологийн паркийн оролцоотойгоор түүхий эд, бүтээгдэхүүний нэмэгдэл тогтоодог болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төр, малчин хоёр хамтран чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ биржээр арилжаалдаг тогтолцоог бүрдүүлснээр малчдын орлого бодитоор нэмэгдэх бололцоотой.
-Тооноос илүү чанарт анхаардаг болно гэж ярьсаар цөөнгүй жил өнгөрсөн. Зүгээр яриад хийчихдэг асуудал биш байх л даа. Үүн дээр шийдэл байна уу?
-Тооноос илүү чанарт төвлөрсөн, чадавх бүхий мал аж ахуйн салбарыг бий болгох зайлшгүй шаардлагатай. 2023 оны байдлаар манай улсын нийт малын тоо 64,7 саяд хүрсэн. Харин сүргийн бүтцийг нь аваад харвал хонь, ямаа буюу нарийн мал дангаараа 60 гаруй хувийг нь эзэлж байна. Гэтэл 2016 онд А.Бакей академичийн хийсэн судалгаагаар бэлчээрийн даацад тохирох өнтэй жилийн малын тоо 37.0 сая, ган-зудтай  жилийнх 22.0-33.0 сая тоо толгой мал байна гэж тооцоолсон байдаг.  Гэтэл бид Ашиг шим өгдөг сүүний чиглэлийн үнээний тоо 2 дахин, ноос нэхмэлийн үйлдвэрийг нарийвтар ноосоор хангаж байсан хонины тоо 1.9 дахин хорогдуулсан байгаа юм.
Манай улстай хүн ам, хөгжүүлж ирсэн эдийн засгийн уламжлалт, голлох салбарын хувьд төстэй Шинэ Зеланд улс 1984-1990 онд ХАА-ын салбартаа татаасыг онцгой шаардлагатай нөхцөлд олгох, инновац технологийг эрчимтэй нэвтрүүлэх зоригтой бодлого хэрэгжүүлсний дүнд өдгөө экспортын  80 гаруй хувийг ХАА-ын салбараасаа бүрдүүлж, ДНБ-нийхээ 40 орчим хувийг бүрдүүлж байна.
Тэгэхээр бид уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, үндэсний соёлын онцлогоо хадгалахын зэрэгцээ, яалтчгүй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх шаардлагатай. Дэлхийн малчид
o   малын эрүүл мэндийн үзүүлэлтийг хянах
o   салхины хурд, цаг агаарын төлөв байдлыг урьдчилан тооцоолох
o   усны болон тэжээлийн чанарыг тогтоон шинжлэх
o   бэлчээрийн шинжилгээ хийх
o   Малын бэлчээрлэж буй байршлыг ухаалаг технологи ашиглан хянах
o   үржлийн процессыг хянаж, зохицуулалт хийх
зэргийг тусгай мэдрэгч, дрон зэрэг технологи, тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэж байхад бид, өвөл бүр зуд яриад суугаад байж болохгүй биздээ.
-Ер нь таны ярьж байгаа шиг мал аж ахуйн салбарт өгч буй төрийн дэмжлэг байгаа онож байна уу?
-Өмнө дурдсан Шинэ Зеландад 1984-1990 онд голчлон хийгдсэн эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд төрөөс хөдөө аж ахуйн салбарт олгож буй чөлөөт өрсөлдөөн, бүтээгдэхүүний ашиг шимийг сааруулж буй зохисгүй татаасыг бууруулж зөвхөн шаардлагатай, ирээдүйд ашигтай, эрсдэл гамшгаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дэмжлэгийг олгох болсон байдаг. Өөрөөр хэлбэл малын өвчнийг бууруулах, технологийн дэвшил инновацыг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэх болон гамшгийн үеийн эрсдэлээс сэргийлэх, даван туулахад чиглэсэн татаасуудыг л төрөөс олгоход голчлон анхаарсан байна. Ингэснээр хөдөө аж ахуйн салбараас гарч буй бүтээгдэхүүний бүтээмж нэмэгдэж, гадаад улсад экспортлоход чанарын шаардлага хангах хэмжээнд хүрч очсон байдаг.
Хэдийгээр манай улсын ХАА-н салбар сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа боловч тэр хэрээр бид энэ салбартаа үндэсний уламжлалт онцлогоо хадгалж, инновац технологийн хөгжлийн ололт амжилтыг нэвтрүүлсэн өндөр өгөөж, үр ашигтай салбар болгон хөгжүүлэх хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн