Ярилцлага | 7 мин уншина

“Шадар гурван цэрэг” физикл драм хүн аливаа зүйлд тууштай байвал юунд ч хүрч болдгийг харуулна

“Шадар гурван цэрэг” физикл драм  хүн аливаа зүйлд тууштай байвал юунд ч хүрч болдгийг харуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 23
Францын нэрт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” зохиол физикл драм хэлбэрээр анх удаа Монголын тайзнаа тавигдах гэж байна. Тодруулбал, энэхүү зохиолыг “Pro theatre”-ийн уран бүтээлчид энэ оны гуравдугаар сарын 1-ээс үзэгчдэд хүргэнэ. Энэ нь “Pro theatre”-ийн зургаа дахь уран бүтээл бөгөөд Оросын Шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-д нээнэ.
Уг жүжгийн найруулагчаар О.Итгэл /О.И/ ажиллаж байгаа бөгөөд  эмэгтэй туслах дүрд түүний гэргий жүжигчин Т.Энэрэл /Т.Э/ тоглохоор болсон байна. Тэдэнтэй “Шадар гурван цэрэг” физикл драмынх нь талаар ярилцлаа.
-Юуны өмнө ярилцлагын урилга хүлээн авсанд талархлаа. Ярилцлагаа та хоёрын мэргэжлээс эхэлье. Яагаад жүжигчин гэх мэргэжлийг сонгох болсон бэ?
 О.И: Манай эхнэр бол жүжигчний удамтай. Миний хувьд олдмол цустай байхгүй юу /инээв/. Ер нь, хүнд багаасаа мэргэжлээ сонгодог нэг үе байдаг шүү дээ. Тэр үедээ л яг өөрийгөө сонсож, сонгож, ярилцаж, хүмүүсээс асууж бас зөрж, хүсэж олж авсан мэргэжил.
Т.Э: Миний хувьд жүжигчнээс тэс өөр мэргэжилтэй болох гэж байгаад яг сургуулиа төгсөөд юмыг яаж мэдэх вэ таалагдах ч юм билүү гээд жүжигчний ангийн  шалгалтын өмнөх сургалтад суусан. Тэр сургалтад сууж байхдаа л чадах ч юм шиг санагдсан даа. Ингээд шалгалт өгөөд тэнцсэн, суралцсан. Тэгээд л жүжигчин болсон доо.
-Та хоёр СУИС-д сурч байхдаа танилцаад гэр бүл болсон  уу?
Т.Э: Тийм ээ. Бид 2008 онд танилцаж байсан. Дундуур нь манай хүн Орос руу сургуульд явсан. Ингэж явсаар 2014 онд  гэр бүл болсон. Хамтдаа амьдраад 10 жил болжээ.
-Гэр бүлийн хоёр хоёулаа урлагийн хүн байх хэцүү гэж зарим хүн ярьдаг. Үнэхээр хэцүү байдаг уу. Бие биедээ, гэр бүлдээ хэрхэн цаг гаргадаг вэ?
-Т.Э: Бид хоёр өөр, өөр албан байгууллагад ажиллаж байхдаа бие биенээ нөхөөд болдог байсан шиг. Хүүхэд сургуульд ороогүй байхад ойр тойрныхондоо харуулаад зав гайгүй байсан. Харин том хүүхэд маань сургуульд орсноос хойш бүтэн цагийн ажил хийх ч боломжгүй болсон. Нэг газар хамт ажиллах юм бол гэртээ, хүүхдүүддээ зарцуулах цаг байхгүй.
О.И: Аль аль нь улсын байгууллагад ажиллаж байхад нэг нэгэндээ тавих анхаарал ч бага байсан. Одоо бол өдөр тутамдаа хамт байгаа учраас амар байгаа. Шийдвэрлэх асуудлаа дор, дор нь шийдвэрлээд явчихна. Хамт байгаад байхаар хүүхдүүд л үлдчих гээд, юм юмнаас хоцорчих гээд байдаг тал байна. Бусдаар бол гайгүй дээ.
Т.Э: Ерөнхийдөө бол хамтдаа ажиллахгүйн тулд их хичээсэн. Хувь хүнийхээ талаас хувийн орон зай, сонирхолгүй байх ч юм уу, ажил нь ч мэдэгдэхгүй амьдрал нь ч мэдэгдэхгүй байх вий гээд их зугтаасан. Одоо харин яалтчгүй л хамт байхаас өөр аргагүй болчихоод байна. Эсвэл нэг нь ар гэрээ хариуцаад нэг нь мэргэжлээрээ явахаас өөр аргагүй болчихоод байна шүү дээ. Гэтэл бид хоёр өөр үзэл бодолтой, өөр өөрийн хувийн зүйлсээ хийгээд явмаар байдаг. Тэгээд одоо бие биендээ буулт хийдэг болсон. Ямар боломж байна. Тийм болохоор цагт баригдсан ажил ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Жишээ нь энд /театрт/ ажиллаж байхад чи намайг түр дааж аваад байж бай, би хүүхдээ сургуулиас нь аваар ирье гэж болж байгаа юм. Хэрэв улсын байгууллагад ажиллавал би ажлынхаа дундуур хүүхдээ аваад ирье гэх эрхгүй. Ер нь хэцүү.
-Нэг уран бүтээлд дүр бүтээх, хамтарч ажиллах ямар байдаг вэ. Гэртээ бол эхнэр нөхөр, харин ажил дээрээ бол найруулагч жүжигчин хоёр шүү дээ?
О.И: Ажил бол ажил. Амьдрал бол амьдрал. Үзэл бодлоо илэрхийлнэ. Бид хоёр чинь гэр рүүгээ харих замдаа л, машин дотроо эхнэр нөхөр болсныхоо дараа хоорондоо ярилцана.
 Т.Э: Гэрт орлоо тэр бол унтах цаг. Амьдрал байхгүй, зүгээр л унтах цаг /инээв/.
О.И: Гэрт орлоо л бол шууд ор руугаа явж байгаа юм чинь. Хоорондоо юм ч ярьдаггүй /инээв/.
Т.Э: Ачаалалтай үед бол тэгдэг л дээ. Ажиллаад байна уу, амьдраад байна уу гэдгээ ч бодож амждаггүй. Гэхдээ энэ бидний анхны хамтрал биш. Бид хоёр дахь жүжигтээ хамтарч байна. Өмнөх жүжгийн хувьд бол нэг аятайхан ч юм шиг, нэг аягүй ядаргаатай ч юм шиг учраа олохгүй байсан. Санал зөрөлдөх асуудал бас гарч байсан. Хааяа эхнэр, нөхрийн хандлагаа ажил дээрээ гаргачих тал байсан. Энгийн хүнд бол хэлэхгүй үгнүүдээ арай зөөллөж хэлдэг ч юм уу тэ. Тэр үед бол ахиж хамт ажиллахгүйдээ гэж бодож байсан ч одоо бол дасчихаж. Гэхдээ ажил дээрээ бол эхнэр нөхөр гээд байнга хамт суугаад байдаггүй. Хувь хувийнхаа ажлыг хийгээд л, харихдаа нэг машиндаа уулзаад л харьдаг даа.
О.И: Энд л /театрт/ цагийг их өнгөрөөж байна даа. Гэртээ бол гурав, дөрвөн л цагийг өнгөрөөж байна.
Т.Э: Ингэхэд хүүхдүүд чинь хаана байгаа билээ /инээв/.
О.И: Энэ дашрамд хэлэхэд хүүхдүүдийг минь харж хандаж байгаа бурхан шиг хадам аав, ээж хоёртоо мөргөе. Ийм л замаар урлагийн амьдрал үргэлжилж байна даа.
-Өмнө нь хамтарч ажиллаж байсан уран бүтээлээсээ дурдвал?
Т.Э: “Pro theatre”-ийн “Инээмтгий хүн” жүжиг.
О.И: Дээрээс нь 2014, 2015, 2023 он гээд гурван клипэнд хамт тоглосон.
-Энэ удаа физикл драм дээр хамтарч ажиллах ямар байна?
-О.И: За. Pro theatre маань энэ жил “Александр Дюма” мэндэлсний 222 жилийн ой, Pro theatre үүсгэн байгуулагдсаны нэг жилийн ойн хүрээнд “Шадар гурван цэрэг” хэмээх том романыг сонгон авч, тайзны уран бүтээл болгохоор ажиллаж байна. Миний хувьд найруулагчаар ажиллах үүрэг даалгаврыг авсан. Удахгүй нээлтээ хийх гэж байна.
Т.Э: Энэ жүжиг бол манай нөхрийн найруулж буй том хэмжээний уран бүтээл. Мөн дээрээс нь хүсэж хүсэж найруулж байгаа уран бүтээл нь. Тэгээд хувь тавилангаар энэ жүжигт оролцох гээд байж байна. Би хувьдаа оноогдсон дүрээ үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэсэн том давааны өмнө жоохон айдас, догдлолтой байна.
-Жүжигчин Т.Энэрэлийн хувьд өмнө нь “Шар гэгээ”, “Сүрэг” гэх зэрэг  кинонуудад бүтээж байсан дүрээс одоо бүтээж байгаа дүр юугаараа онцлог ялгаатай вэ?
Т.Э: Ер нь аливаа жүжигчний харагдах байдлаар дүрд оноогддог л доо. Тийм болохоор одоо бүтээж байгаа дүр маань өмнө нь тоглосон “Инээмтгий хүн”-ий дүртэй төстэй. Гэхдээ яг адилхан бол биш. Тийм болохоор энэ дүрээ яаж өмнөх дүрээсээ ялгах вэ гэдэг мэргэжлийн, нарийн юман дээр л төвлөрч байна даа. Шал өөр л баймаар байна.
-Кино контент, УСК бүтээх болон театрийн уран бүтээл хийх хоёрын хооронд ямар зөрүү байдаг вэ?
О.И: Энэ хоёр бол тэс өөр ойлголт. Яах вэ, салбар нэг ч асуудал  гээд бүх юм нь тусдаа хоёр өөр зах зээл. Театр бол өдөр болгон хүнд яг тэр мэдрэмжийг нь өгнө. Кино бол цаг зав бүх юмаа зориулж байж хэсэг хугацаанд гараад л болчихно. Театр бол байнгын хөдөлмөр, ямарваа нэг юманд баригдаж явдаг. Үүгээрээ их ялгардаг. Театр их хэцүү .
Т.Э: Кинон дээр их төлөвлөгөө шаарддаг. Театр бол бэлдэж, бэлдэж байгаад эхнээсээ дуустал тухайн мөчдөө өөр хүнээр амьдарч байгаа учраас төрүүлж байгаа мэдрэмж нь гоё байдаг. Театр жүжигчнээс илүү их ур чадвар, мэргэжлийн зүйл шаарддаг.  
-Энэ жүжгээсээ хүмүүс ийм л юмыг хараасай, мэдрээсэй хүлээж аваасай гэж бодож байна вэ?
О.И: Юм юмыг л ойлгох байх гэж бодож байна. Манай жүжигт хайр дурлал, атаа жөтөө, жаргал зовлон бүх зүйл гарч байгаа. Төлөөлөл нь л тусдаа байгаа боловч. Хамгийн гол юм нь хүн тууштай байвал юунд ч хүрч чаддагийг л ойлгож авах юм ёстой юм болов уу. Хүн тууштай байвал ямарваа нэгэн юм заавал өгөөжөө өгдөг. Тууштай байснаараа бид нар тодорхой хэмжээний мэдлэг туршлагыг хуримтлуулж авдаг. Одоо энэ жүжгийн гол дүрийн Д’Артанъян гэх залуу жүжиг эхлэхэд онгироо сагсуу учраа мэдэхгүй нусгай байсан бол жүжгийн төгсгөлд тэр эр хүн, шадар цэрэг болчихсон байгаа юм. Тэгэхээр эндээс л хамгийн чухал авах ёстой юм нь байгаа болов уу гэж бодож байна.
-Нэг нэгэндээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Т.Э: Намайг хайрлаж байна гэж бодвол өөрийгөө хайрлаж, эрүүл мэндээ анхаараарай. Тэрэндээ чи бас их муу шүү. Чи одоо бол дангаараа хүн байхаа больсон шүү. Хоёр хүний өмнө хариуцлага хүлээж байгаа эцэг хүн болсон шүү гэж л хэлье. 
О.И: Энэ сайнтай муутай амьдралыг чадах ядхаараа л хамт туулъя. Хамт амьдарья. Амьдралын олон бэрхшээлийг хамт даваж туулъя. Угаасаа туулна. Туулах ч болно.
-“Шадар гурван цэрэг” жүжиг хэзээ хаана тоглогдох вэ?
Pro theatre-н зургаа дахь уран бүтээл “Шадар гурван цэрэг” физикл драм маань ирэх гуравдугаар сарын 1-ээс Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээлтээ хийхэд бэлэн болсон байна. Та бүхэн сонирхож ирж үзээрэй. Залуу театрийн залуу уран бүтээлчдийн юу хүсэж, юу мөрөөддөг байсан, юуны төлөө юуг зорьж, хэрхэн хаана юуг сурч мэдсэнтэй бүгд хамт байгаарай. Бид өөрсдийнхөө хүссэн нэгэн түүхийг тайлагнахад, ярьж өгөхөд бэлэн болсон байна. “РЦНК”-д уулзацгаая.
- Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн Э.Эрдэнэбилгүүн
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн