Open iToim app
Зочин | 10 мин уншина

П.Сайнзориг: Метроны төслийг эхлүүлэхийн тулд зөвлөх үйлчилгээний 54 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгана

П.Сайнзориг: Метроны төслийг эхлүүлэхийн тулд зөвлөх үйлчилгээний 54 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгана
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 22
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.
-Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байсан ч хоёр өөр төсөл өргөн барьсан гээд хэлэлцэж чадаагүй. Яагаад хоёр өөр төсөл өргөн барьсан юм бэ?
-Хоёр өөр төсөл өргөн бариагүй. Тэгээд ч 100 тэрбумын зөрүү биш, 28 тэрбум төгрөгийн л зөрүү байгаа. Төлөөлөгчид “100 тэрбумын орлогын эх үүсвэрийг яаж нэмэгдүүлсэн бэ” гэж асуусан. Харин бид шинэ эх үүсвэрүүд гаргаж ирж шийдсэн гэдэг тоог зориудаар өөрөөр тайлбарлаад байна лээ. Өргөн барьсан төсөл бол 371 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаад метро, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын тохижилтыг шийдье гэж оруулж ирсэн. Газрыг дуудлага худалдаагаар илүү оновчтой зохион байгуулж чадвал нэмэлт 28 тэрбум төгрөгийн эх үүсвэр олох боломжтой байсан гэдэг танилцуулгыг хүргүүлсэн. Бид эх үүсвэрүүдийг бодолцож хэд хэдэн хувилбараар боловсруулдаг. Гэтэл үүнийг давхар төсөв гэж ойлгоод байгаа юм.
-Ер нь нийслэлийн төсвийн тодотголоор 371 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдээд гурван чиглэлийн арга хэмжээг санхүүжүүлэх юм байна гэж ойлгосон. Тухайлбал, метрон яг хэдийг, тохижилтод нь хэдийг  зарцуулахаар төсөлд тусгасан бэ гэдгийг Та тайлбарлаж өгөөч?
-Нийслэлийн төсвийг тодотгож, 400 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болгох боломжтой. Энэ эх үүсвэр бол нэгд, өнгөрсөн жил манай улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт сайн, ААНОАТ өндөр байсан. Нийслэлд энэ давсан орлогоос хуваарилагдаж ирсэн. Тиймээс бид төсвийн тодотгол хийж байгаа юм. Хоёрт, бид татварын бус орлогуудыг нэмэгдүүлэх буюу газрын дуудлага худалдаанаас олох орлогыг нэмэгдүүлэх зэрэг боломжуудаа дайчлахаар тусгасан. Ингэж нэмэлт эх үүсвэрүүдийг бий болгосон. Мөн агаарын бохирдлын чиглэлээр хэрэгжүүлж байсан зарим төсөл арга хэмжээгээ зогсоож, зориулалтыг нь өөрчилж байгаа. Нэмэлтээр орж ирж байгаа эх үүсвэрүүдээ бид нар метроны санхүүжилтэд зарцуулна. Метро барихыг Засгийн газар дэмжээд санхүүжилтийг нь Улаанбаатар хот өөрсдөө бүрэн хариуцаад яв гэдэг чиглэл өгсөн. Тиймээс бид метроны төсөл дээрээ эхлээд зөвлөх үйлчилгээ авахаар шийдвэрлэсэн. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, хүмүүстэйгээ хамтраад тендерийн бичиг баримт зураг төсөл дээрээ суугаад метрог барих барилгын ажил гүйцэтгэх компаниа шалгаруулна.
-Метроны төсөл дээрээ зөвлөх үйлчилгээ авна гэж байна. Хэдэн төгрөгөөр зөвлөх үйлчилгээ авч байгаа вэ?
-Метроны зөвлөх үйлчилгээн дээр энэ жил 54 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгасан. Түлхүүр гардуулж өгөх нөхцөлөөр зарлаж байгаа тендерүүдийн зөвлөх үйлчилгээ 4-6 хувь байдаг юм байна лээ.
Бид нар метро барих технологийг мэдэхгүй. Манайд метро барьчихсан туршлага байхгүй. Тиймээс анхнаасаа зөв хяналт тавьж чадахгүй бол зардал өсөөд явчихвал асуудал гарна. Тэгэхээр метрог барих компанитай эн зэрэгцэж, тэдэнд шаардлага тавьж хяналт тавих байдлаар техникийн шийдлүүд хийлгэх, зөвлөх үйлчилгээ авч байж метроны төсөл амжилттай, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хэрэгжинэ. Ямар улсын компаниуд барих тендерт шалгарна тэрнээсээ шалтгаалж өөр улсын компанийн зөвлөх үйлчилгээг авна.
-Метроны тендерийг хэзээ зарлах юм бэ. Энэ жил барилгын ажил нь эхэлж амжих уу?
-Метроны барилга барих компанийг цаад тал нь есдүгээр сар гэхэд шалгаруулна гэж тооцоолж ажлуудаа зохион байгуулаад явж байна. Бүр наашилвал зургадугаар сарын сүүлээр шалгаруулна. Ингэсэн тохиолдолд бол бид 330-аад тэрбум төгрөгийг метроны энэ жилийн ажил дээр нь зарцуулна. Энэ ажлууд дээрээ метроны суурь, гидрогеологийн судалгаа, байршлын судалгаа, тоног төхөөрөмжүүд, барилгын хийцлэл зэрнээ нарийн судалж, татаж авах ажлуудаа хийнэ. Тунель ухах машинаа суурилуулах ажлыг ес, аравдугаар сард эхлүүлэх төлөвлөлттэй байна.
Гэхдээ дандаа гүйцэтгэлээр нь санхүүжүүлж явна. Энэ тендер сонгон шалгаруулсан компани ямар ажил хийнэ түүнд нь тохирсон гүйцэтгэлээр нь санхүүжүүлтийг нь өгнө гэсэн үг.
-Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани метро барьж байгаа ингэж яриарай, ийм шаардлага тавиарай гэх зэргээр зөвлөгөө өгөх юм уу?
-Зөвлөх үйлчилгээний сайн компани авч байж илүү зардал багатайгаар, технологийн хувьд сайн метро бариулна гэсэн үг. Нэг барилга барихдаа хүртэл барилгын инженер, талбайн инженерүүд зургийг нь сурсан хүмүүст хяналт тавиад явдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан бид нарын өмнөөс метро барих компанид хяналт тавьж ажиллана.  Барьж байх хугацаанд нь ийм юмнаас болоод зардал өсөх шаардлагатай байна аа гэдэг зүйлийг гаргуулахгүй байх зураг төслийн дагуу баригдаж байна уу, технологийн сайн юм тавьж байна уу гэх мэт бүх зүйл дээр хяналт тавих зөвлөх үйлчилгээ авах юм.
-Тендерээ хэзээ зарлах юм бэ?
-Иргэдийн хурал төсвийн тодотголыг баталсны дараа метроны тендер зарлана.
-Цахилгаанаар халдаг 1000 зуух тараана гэж байснаа больсон уу?
-Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн алдааны үр дагаврын нэг бол замын түгжрэл нөгөөдөх нь орчны бохирдол. Тэр дундаа агаарын бохирдол байгаа. Энийг шийдэх урт дунд хугацааны төлөвлөлтөөс гадна богино хугацаанд юу хийж чадах вэ гэдэг асуудал бий. Дараа жил өвөл болдгоороо л болно. Хэдийгээр сайжруулсан түлш байгаа боловч иргэн хүн өөрөө зуухныхаа бэлтгэлийг сайн хангачихсан байх ёстой. Цахилгаан зуухуудыг айл өрхүүдэд тодорхой гэрээтэйгээр өгье гэж байснаа больсон. Тэгэхээр үүнд зарцуулах гэж байсан эх үүсвэрүүдийг метро, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулна.
Яагаад энэ бүхнийг одоо хийж байна вэ гэхээр төсөв батлагдсаны дараагаар сургууь, цэцэрлэгийн газруудыг чөлөөлж авсан. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэггүй хороод буюу БЗД-ийн 26, 36 БГД-ийн 18, 25 ч гэдэг юм уу Хан-Уулын алдартай улсын сургууль байдаггүй 18 дугаар хороодод газар чөлөөлж авсан. Тиймээс энэ жил ядаж ажлыг нь эхлүүлье гээд төсөвт тодотголоор оруулсан. Түгжрэлийн гол асуудал сургууль цэцэрлэгийн хүртээмж. Засаг даргыг ажлаа авснаас хойш бид улсын төсвөөс гадна Улаанбаатарын төсвөөс бараг 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг шийдсэн.
-Тохижилт үйлчилгэээд хэдэн төгрөгийн эх үүсвэр тавьсан бэ. Сөрөг хүчин төсөвт тодотгол хийж боржур тавих гэж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Иргэдэд ногоон байгууламж маш их хэрэгтэй байна. ДЭМБ-аас өгч байгаа нэг иргэнд дор хаяж 15 м2 ногоон байгууламж байх ёстой юм. Ногоон байгууламжийн асуудал гэдэг бол эргээд хүнс, стресс бухимдал, ажлын бүтээмж, дасан зохицох чадвар эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд ногоон байгууламжуудтай байх хэрэгтэй. Хүн байгалийн амьтан шүү дээ. Иргэд цаг гарвал машиндаа суугаад Тэрэлж рүү ч юм уу дахиад л олон километр явж байж ногоон байгууламж ойр зуурын юманд хүрч байна. Энэ орчин чинь бусад улс орнуудын хот төлөвлөлтийн жишгээр бол 10-15 минутын зайтай байх ёстой. Ингэж байж иргэн орчин тойрондоо тайван амгалан эрүүл аюулгүй орчинд амьдарна. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ.
Ингэж байж тайвшралыг олно, бүтээмжээ сайжруулна, анхаарал төвлөрдөг болно. Энэ зүйлүүдийг мартчихсан учраас бид зүгээр л барилгын ширэнгэ босгоод л яваад байгаа юм. Тиймээс Урт цагааны болон 32-ын тойргууд дээр ногоон байгууламж бүхий талбай гаргаж өгөхөөр төлөвлөөд байна. Доороо авто зогсоолуудтай байна. Дээрээс нь Улаанбаатар хотод аль болохоор нийтийн тээврээ хэрэглүүлэх бодлогыг барьж байна. Гэтэл иргэд явганаар зорчих боломж байна уу гэдэг асуудал гарч ирнэ.  Өвөлдөө халтираад уначихдаг, зунд үер болж, ус тогтоод маш тухгүй хотод ажиллаж амьдарч байна. Тэгэхээр бид  үүнийг нэг стандарттай болгохоор зорьж байна. Ядаж тэрэг түрээд явж байгаа хүн доргидоггүй, туфли өмсөөд явж байгаа бүсгүй хүний гутал хувцас нь гэмтчихдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчдог ус тогтдоггүй гудамж талбайтай болох шаардлагатай. Мөн 2-3 жилдээ солиод байхааргүй зам талбайгаа засъя гээд 45.6 тэрбум төгрөгийг тавьж байгаа юм.
quote photo
Шүүхийн шийдвэр гарсны дараа “Aqua Garden”-ийн хоёр блокийг нураана. Голын голдирол өөрчилж байгаа учраас нураахаас өөр гарцгүй юм.
П.Сайнзориг
-Улаанбаатарын нийт гудамж талбайг бус хэсэг газрын зам талбайг засна гэж байсан. Аль хэсгийн хэдий хэмжээтэй гудамжийг ингэж засах юм бэ?
-Энхтайваны өргөн чөлөө Чингисийн өргөн чөлөөнд нэлээд өргөн хүрээнд ямар ч байсан эхний ээлжид 170 мянган м2 гудамж талбайг стандартад нийцүүлэн шинэчлэх юм. Ядаж явганаар саадгүй зорчдог бололцоог бүрдүүлж өгөхгүй бол иргэдийг бид автомашины хэрэглэхээ багасгаач ээ гэж хэлэхэд бас хэцүү.
Үүний цаана бас давхар чулуун хийцлийн ААН байгууллагуудыг дэмжих бодлого бий. Хятад руу урсаж байгаа валютыг дотооддоо авч үлдье. Чулуун хийцлийнхэн босоод ирвэл зам талбайн чулуугаа тогтогдохоосоо гадна замын боржурыг ч гэсэн хийнэ шүү дээ. Замын боржурууд чинь бүгдийг Хятадаас оруулж ирдэг. Тэгээд энэ нь өөрөө эргээд чанарын шаардлага хангахгүй буюу давс бодистоо идэгдээд хамуураад солихоос өөр аргагүй болчихдог юм билээ. Гэтэл иргэд бухимдаад “энэ боржур бизнес болчихлоо мөнгө угаалт болчихлоо” гэдэг. Энийг л гаргуулахгүй байх бодлогын шийдвэр гаргаж байгалийн чулуугаар чанартай бүтээгдэхүүн хийдэг ААН байгууллагуудыг дэмжье гэж байгаа юм.
Нөгөө талдаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд буюу тэр дундаа явганаар зорчих тогтолцоог бүрдүүлье гэж байгаа юм. 
-Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ажлаа энэ жил эхлэх юм уу. Хэдэн төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм бэ?
-Урт цагааны ажил хавраас эхэлнэ. Бид зураг төслийг иргэд олон нийтэд танилцуулсан. Яг Урт цагааны хэсэг дээр тэр чигт нь ногоон байгууламж болгоно. Зогсоол нь B1 буюу газар доор нь хийнэ.  Энэ жилдээ ямар ч байсан бүрэн ашиглалтад оруулна. 44 тэрбум төгрөгийг тусгасан. Газрын дор авто зогсоолтой байгууламж учраас өртөг нь өсөж байгаа юм.
-Саяхан та бүхний гаргасан гол шийдэр бол нийслэлд 730 мянгаас дээш авто тээврийн дугаар олгохгүй байх. Одоо 710, 720 мянган дугаар байгаа юм шиг байна. Тэгэхлээр 730 хүртэл жилд нийслэл хэдий хэмжээний дугаар олгох юм бэ?
-Улаанбаатар хотын замын дэд бүтцийг анх төлөвлөгдөхдөө 80-аад мянган машинд зориулж төлөвлөгдсөн. Мэдээж машины хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас авто замын сүлжээг өнгөрсөн жилүүдэд нэмэгдүүллээ. Өнөөдөр 1350-аад километр урт авто замтай болсон хэдий ч түгжрэлийг шийдэх бололцоогүй байгаа. Тэгтэл авто замын урт хэдийгээр 25 хувиар нэмэгдэж байгаа боловч энэ төлөвлөлт хийгдсэнээс хойш автомашины замбараагүй нэмэгдсэн. Тэгэхээр бид жилд 50 мянган машин бүртгэгдэж байгаа урсгалыг тодорхой хэмжээнд тогтоон барьж байж дараа дараагийн шийдлүүдийг хийхээс өөр аргагүй. Өдөр ирэх тутам тэг зогсож энэ тэг зогсолтын цаана эдийн засгийн алдагдал хүлээж иргэд эрүүл мэндээрээ хохирч бүтээмжгүй болж байна. Жилийн 365 хоногийн 30 хоног буюу нэг сарыг бүгд зам дээрээ түгжрэлд өнгөрүүлж байгаа. Энэ бол хайран цаг хугацаа. Маш олон нийгмийн болон эдийн засгийн сөрөг үр дагаврууд гарч байгаа. Тиймээс гаальд урьдчилсан байдлаар мэдүүлсэн тоог үндэслээд 730 мянган машинд дугаар олгох квотыг тогтоосон. Одоогийн байдлаар бол энэ квот тулаагүй байна. Энэ квот тулах юм бол цаашдаа энэ шийдвэр өөрчлөгдөх хүртэл дугаар олгохгүй гэсэн үг.
-Тэгэхээр энэ 730 мянга болохоор иргэд шинэ машин авахдаа яах вэ?
-Та автомашинаа хөдөө орон нутаг руу зарах юм бол дугаараа өөр дээрээ аваад үлдэж болно. Ингээд шинэ машин авахдаа дугаараа ашиглаад явж болно гэсэн үг. Эсвэл таны машин ашиглах боломжгүй буюу эвдэрвэл машин устгалын цэгт өгөөд машинаа устгуулж болно. Ингээд дугаараа бас хадгалаад аваад үлдчихнэ ээ л гэсэн үг.
-Улаанбаатарын дугаарыг хариуцах шинэ агентлаг байгуулна гээд байгаа шүү дээ?
-Зөвхөн Улаанбаатар хотын дугаарыг хариуцах агентлаг байгуулахгүй. Харин ЗТЯ руу чиг үүргээ бид өөрсдөө хэрэгжүүлье гэдэг хүсэлтээ өгчихсөн. Тэгэхээр Авто тээврийн үндэсний төвийн дата дээр нийслэл админы эрхтэй оролцох, манай мэргэжилтнүүд ажиллах юм. Өөрөр хэлбэл, нэгж үүсгэнэ. Нийслэлийн дугаар олголтын асуудлыг хариуцах хүмүүсүүдээ нэг цэгийн үйлчилгээн дээр ажиллуулна.
-Автомашины дугаарыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж анхнаасаа ярьж байсан. Тэгэхээр 9911 шиг болчих вий дээ гэдэг шүүмжлэл гарсан шүү дээ?
-Үүнийг бид оруулаагүй шүү дээ. Азын дугаар гээд дуудлага худалдаагаар боруулж байсан. Энэ эдийн засагт орчихсон хэлбэр байсан шүү дээ. Үүнийг бид гаргаад л арилжааны хэрэгсэл болгоод байгаа юм биш. Аль хэзээний дуудлага худалдаагаар борлуулаад эндээс мөнгө олоод 20 30 саяар нь дугаарыг үнэлээд зараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь аль хэзээний хүний 20 30 саяын үнэтэй буюу тэр дугаарыг эзэмшиж байгаа эрх гэдэг чинь тийм үнэтэй болчихсон.
-Авилга хорооллын хоёр блокийг нураах уу. Асуудал ямар шатандаа явж байна вэ. Барилга баригдаад бараг ашиглалтад орох гэж байна?
-Бид ажлаа аваад Урт цагааныг нураасан. Урт цагааныг нураана гээд олон жил явсан. Нураагаад барилга барих гэж байсан. Харин хэн барилга барих вэ гэдэг дээрээ л цаад хэрүүл нь байсан. Харин бид иргэддээ зориулаад ногоон байгууламж болгож байгаа юм. Мөн “s outlet”-ыг нураагаад эхэлсэн. Голын голдирлыг хашаад нарийсгаж барьсан учраас нурааж байгаа юм. Түрүүчээсээ эхний гурван давхар барилгыг нураах гэрээ хэлэлцээрийг би өөрөө хийгээд шийдсэн. Усан паркийн хоёр блок барилгыг нураах шийдвэр хэвээрээ байгаа. Энэ шүүхийн процедур явж байгаа хоёр блок нь голын голдирол руу орсон. Тэгэхээр тэр хоёр блок барилгыг нураана.
-Хэзээ нураах вэ?
-Хавраас нураана. Шүүхийн л асуудал хүлээгдээд байна. Шүүх дээр манай Засаг даргын захирамжийг түдгэлзүүлчхээд байна л даа. Энэ асуудлуудыг нэг талд нь гаргаад шийдчихвэл нураах ажлыг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ.
-“Aqua Garden”-ийн асуудлаар Засаг даргын захирамжийг шүүх түдгэлзүүлсэн гэж байна. Энэ хууль бус захирамж байна аа гэж үзсэн юм уу?
-Зөрчсөн байна аа гэдэг шийдвэр гараагүй. Үүнийг шийдвэрлэх хүртэл түр хэрэгжүүлэлтээ зогсоож байгаач ээ гэдэг байдлаар л шүүхээс хандсан. Гэхдээ яах аргагүй голын голдиролд ороод хууль зөрчиж байгаа бол энэ хоёр блок барилгыг нураана аа. Улаанбаатар хот хоёр голын томоохон сав газарт байдаг. Туул болон Хэрлэн гол. Дундуур нь Толгойтын гол, Сэлбэ гол Баянзүрхийн нутаг дээр бас том голууд байсан. Энэ голын ай савууд үе, үе сэргэх усархаг аадар борооны үед голын ай сав руу орж ирж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн