Ярилцлага | 5 мин уншина

Ц.Туваан: Нэг сая мал алдахад 2000 айл амьжиргаанаасаа салж, ядуусын эгнээнд орно

Ц.Туваан: Нэг сая мал алдахад 2000 айл амьжиргаанаасаа салж, ядуусын эгнээнд орно
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 21
УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.
-АН-ын бүлгээс төсөвт тодотгол хийж, малчдын зээлийг тэглэх санаачилга гаргасан. УИХ-ын даргад ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт өгсөн. Өөр ямар санаачилга гаргаж байгаа вэ?
-УИХ-ын гишүүд ард түмнийг төрд төлөөлөх эрх авсан хүмүүс. Малчидад давагдашгүй хүчин зүйл буюу байгалийн гамшиг тохиолдсон үед бид өргөсөн тангарахынхнаа хүрээнд цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тиймээс АН-ын бүлгээс хуулийн төсөл, тогтоолын төсөл санаачлах, УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлах хүсэлт өгсөн. Сар орчмын дараа хаврын чуулган нээлтээ хийнэ. Энэ хугацаанд эрсдэл нэмэгдээд, цаг хугацаа алдах учраас яаралтай ээлжит бусаар хуралдах шаардлагатай байна. Мөн Их хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Учир нь аливаа хуулийг хэлэлцүүлэхийн тулд гишүүд төслөө өргөн бариад 30 хоног хүлээдэг зохицуулалтыг өөрчлөөд яаралтай асуудлуудаа хэлэлцүүлдэг байх хуулийн төсөл санаачилж байгаа. Тогтоолын төслийн тухайд тодорхой дөрвөн заалттай.
Нэгд, Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тиймээс хүнд нөхцөлийг хохирол багатай даван туулах, үр дагаврыг арилгах чиглэлд тодорхой төлөвлөгөө боловсруулж, УИХ-аар батлуулах
Хоёрт, малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл хоёр банкинд байна. Малчид зээлээ гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сард төлдөг. Гэтэл малчид эх үүсвэр болсон малаасаа салж байна. Зүүн аймгуудад богоосоо 100 хувь салаад хотоо харлуулчихсан айл маш их байгаа. Үхсэн ямаагаараа өвс, тэжээл сольж байгаа малчид ноолуур самнаж зээлээ төлөх ямар ч боломжгүй. Мөн малаа борлуулж зээлээ төлөх боломжгүй боллоо.
Гуравт, Засгийн газар малын тэжээл, өвс гэх мэт тодорхой нэр төрлийн бараануудын гааль, НӨАТ-аас чөлөөлөх зүйлийг судалж, УИХ-д оруулж ирэх чиглэлийг Сангийн сайдад өгсөн байсан. Үүн дээр нэмээд малын хөлийн татварыг чөлөөлөх, хоёр жилийн хугацаагаар хойшлуулах саналыг оруулж ирэх
Дөрөвт, их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байгаа учраас 2024 оны төсөвт тодотгол хийж, санхүүжилтийг гаргахаас өөр аргагүй. Бид төсөвт тодотгол хийж гурав хүртэлх их наяд төгрөгийг танаж малчдын зээл, малын хөлийн татварыг чөлөөлөх, мөн малгүй болсон иргэдээ малжуулах, халамжийн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө татан төвлөрүүлэх шаардлагатай байгаа. Энэ бүхнийг яаралтай шийдвэрлэхийн тулд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай байгаа учраас УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн.
-УИХ-ын дарга гишүүдийн шаардлагад хариу өгөх хугацаа гэж бий юү. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах бүрэн эрх нь УИХ-ын даргад байгаа шүү дээ?
-Яг үнэн. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах бүрэн эрх нь УИХ-ын даргад байгаа учраас бид УИХ-ын даргад хандаж байгаа. Мөн Засгийн газраас санал авах гэх мэт 30 хоног хүлээх ямар ч боломж алга. Хаврын чуулганыг хүлээвэл бүх зүйл оройтсон байх болно. Бүхэл бүтэн улс байна, төр байна. Тиймээс үүн дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ ганцхан малчдын асуудал биш.
2024 оноос хойш мал, амьжиргаанаасаа салсан иргэдийн нүүдэл нийслэл, аймгийн төвүүдийг чиглэнэ. Юун хотоос хөдөө рүү, хөдөөгийн сэргэлт байхгүй болно. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авч хэрэгжүүлдэг халамжийн тэтгэмж нэлээдгүй их хэмжээгээр нэмэгдэнэ. Тиймээс одоо яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Бараг дайны нөхцөл шиг гамшгийн байдал үүссэн ийм үед бид нийлж, нэгдэж ажиллахаас өөр аргагүй болж байна.
-Улс ч тэр, айл өрх ч тэр бэлтгэлгүй байв уу. Одоогоор 800 мянга мал хорогдоод байна. Цаашдаа ч энэ тоо нэмэгдэх байх. Намар хүнд өвөл болно малаа махалъя гэдэг уриалгыг ч гаргаж байсан?
-Энэ жилийн өвөл жирийн өвөл биш зудтай байна. Тэр дундаа шилэн төмөр зуд. Тэгэхээр үүнийг малчид ямар ч бэлтгэлтэй байлаа гээд даван туулах боломжгүй. Энэ бол гамшгийн нөхцөл байдал. Малчид байтугай том эдийн засагтай улс хүртэл сөхөрдөг. Үүнийг манайхан ойлгох хэрэгтэй.
Нөгөө талдаа малчдад өвөлд бэлтгэх, мал, мах, арьс, шир түүхий эдээ борлуулаад санхүүгийн нөөц хуримтлал үүсгээд хадлан тэжээл бэлтгэх боломжийг гаргаж өгсөнгүй. Дээрээс нь түлшний хомстол гээд олон асуудал дараалчихаар малчид яаж дийлэх вэ. Малчдыг шүүмжлэх өнгө аяс их байна. Энэ бол буруу. Монгол Улс дэлхийд ганцхан нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа, нүүдлийн соёл иргэншилтэй өв соёл тээгчид. Тэгэхээр бид энэ малчдаа суурин мал маллагааны БНХАУ, Өвөр Монголын малчидтай жишиж яриад байдаг нь буруу.
Монгол Улсын эдийн засгийн хоёр дахь салбар хөдөө аж ахуйн салбарын 90 хувийг бүрдүүлдэг мал аж ахуйн салбар уналтад орох гэж байна. Тухайн малаас авдаг мах, дотор, түүхий эд, валютын эх үүсвэр олдог ноолуургүй болох эрсдэлтэй боллоо. Энэ хавар ямар ямаагаа самнах вэ. Энэ манай эдийн засагт сөрөг үр дагавар үүсгэнэ гэдгийг бид ойлгох ёстой.
-Малчдын зээлийг тэглэх санаачилгыг иргэд эсэргүүцэж байна. Нийт малчдын зээлийг тэглэх бус, малынхаа 60,70 хувийг алдсан малчид гэх мэт ялгамж тогтоох уу?
-Манай улсын газар нутгийн 90 орчим хувь зудтай байна. Мал ногоонд цадаад наадмын өмнө л хэдэн мал үхэв, ямар хэмжээнээ хохирол учрав гэдэг эцсийн тоо гарах учраас урьдчилан харж байгаа хэмжээндээ ярьж байгаа. Мэдээж зудгүй орсон газрыг эргээд харж ярьж болно.
Ер нь цаашдаа Улаанбаатар хот, аймгийн төв рүү маш их нүүдэл орж ирэх нөхцөл үүсч байна гэж дахиад хэлье. Нэг сая толгой мал хорогдоход 2000 орчим өрх ядуучуудын эгнээнд орж ирнэ. 10 сая толгой мал хорогдоход 20 мянган айл амьжиргаанаасаа салаад суурин газар бараадахаас өөр аргагүй болно. Тэгэхээр малжуулах төслийг хэрэгжүүлэх шаардлагатай.
-Төсөвт тодотгол хийж гурван их наяд төгрөгийн эх үүсвэрийг гаргана гэж байна. Төсөвт тийм боломж байгаа юу?
-Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. 2023 онд манай улс 21 гаруй их наяд төгрөгөөр нэг жилээ даагаад болж байсан. Гэтэл сонгуулийн жил төсөв 5-6 их наядаар нэмэгдсэн. Тиймээс төсөвт тодотгол хийж шаардлагатай санхүүжилтээ гаргая гэж байгаа юм. Сэтгэл гаргаад хийе гэвэл болохгүй зүйл байхгүй.
Ер нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагуулаад Баялгийн сангийн тухай хуулиа батлаад Баялгийн сан гээд тодорхой сан, мөнгө үүсгэчихсэн байсан бол заавал төсөв гээд байхгүйгээр хүндрэлтэй үед асуудлаа шийдэх боломжтой байсан.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн