Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Үндсэн хуулийн Цэцийн дараагийн дарга хэн болох вэ

Үндсэн хуулийн Цэцийн дараагийн дарга хэн болох вэ
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 20
Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн бүрдсэн ч даргаа сонгож чадахгүй олон сар болж байна. Цэц Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд гурвыг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилсон.
Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж саналыг нууцаар хурааж олонхын санал авсан хүнийг гурван жилийн хугацаагаар сонгодог хуультай. Гэтэл одоо ч даргаа сонгох хурал товлогдоогүй нам жим байна.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэц зургаан даргатай байжээ. Хамгийн анхны дарга Г.Совд. Түүнээс хойш Н.Жанцан, Ж.Бямбадорж, Ж.Амарсанаа, Д.Одбаяр, Н.Чинбат гээд таван дарга ажилласан байх юм. Н.Чинбат даргын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас түүнийг чөлөөлж оронд нь Дээд шүүх О.Мөнхсайхан хуульчийг нэр дэвшүүлэн томилуулсан билээ. Түүнээс хойш Цэцийн гишүүн Ш.Солонго Цэцийн даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа юм.
Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг боловч Цэцийн дээр эрх баригч нам байдаг болоод удаж байна. Цэц эрх баригч намын талд ажилладаг, шийдвэр гаргадаг болсон нь ч олон нийтэд ил цагаан болсон. Тиймээс Цэцийн даргаар томилох хүнийг ч угтаа бол эрх баригч нам эхлээд сонгох биз. Гэхдээ Цэцийн одоогийн бүрэлдэхүүн харьцангуй залуу бөгөөд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс томилогдсон. Тиймээс Цэцийн унаад байгаа нэр хүндийг сэргээх, эрх баригч намын талд ажилладаггүй гэдгийг харуулах боломж, цаг үе нь. Одоогийн бүрэлдэхүүнээс Ш.Солонго, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган гээд дарга болох боломжтой хүн цөөнгүй бий.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд:
 6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ
1.     Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
2.     Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
3.     Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
4.     Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.
5.     Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
6.     Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно.
 
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн