Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Б.Батжаргал: Групп буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгох дүрэм өөрчлөгдсөн

Б.Батжаргал: Групп буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгох дүрэм өөрчлөгдсөн
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 16
Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрмийг шинээр батлаад байгаа билээ. Шинэчлэн батлагдсан дүрмээр групп буюу хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж тогтоолгоход хэд хэдэн онцлох өөрчлөлт оржээ. Тиймээс онцлох өөрчлөлтүүдийн талаар ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал-аас тодрууллаа.
Тэрээр, Нийгмийн даатгалын багц хууль өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан. Энэ хуульд нэг том өөрчлөлт орсон. Манай монголчууд групп тогтоолт гэж ярьдаг. Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн холбогдох дүрэм журам зааврыг шинэчлэх хууль батлагдсан. Монгол Улсын 2024 оны 448 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа. Ингэж батлахдаа дараах хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан.
2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарт процессын дахин инженерчлэлийн томоохон судалгаа явагдсан. Энэ судалгаа нь групп тогтоох үйлчилгээг чирэгдэл их байна, хоёр удаагийн хурал дамжиж орж байна, иргэдийн орон нутаг, хол газраас  дуудаж байна, авлига ашиг сонирхлын зөрчил харагдаж байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Бид судлаад Засгийн газраас баталсан Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэмд маш олон өөрчлөлтийг тусгасан.
Нэгд, өмнө нь иргэн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгохын тулд хоёр удаагийн хурал дамждаг байсан. Энэ нь Эмнэлэг хяналтын комисс, Эрүүл мэндийн магадлалын комисс гэсэн хоёр комиссын хурлаар ордог гэсэн үг. Үүнийг бид шийдэж нэг удаагийн хурлаар оруулдаг болгож байгаа. Хоёр удаагийн хурлаар орохоор иргэдэд маш их чирэгдэл үүсгэдэг байсан тул өөрчилсөн.
Хоёрт, тухайн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох гэж байгаа иргэнийг дуудахаа больж байгаа. Ингэснээр цас зудтай эсхүл хол сумаас ирж байгаа иргэд аймгийн төв рүү явах шаардлагагүй болсон. Хурлаар орохдоо зөвхөн хариуцсан эмч нь “хамгаалж” орохоор болсон. Ямар эмч вэ гэхээр тухайн хүнийг эмчилдэг эмч, хяналтдаа байлгадаг хяналтын эмч, хариуцдаг өрхийн эмч нь тухайн хүний өмнөөс Эрүүл мэндийн магадлалын зөвлөлөөр орно. Орохдоо ийм хүн байна, энэ хүнийг ингэж оношилж байна, ийм оношны бүлгээр хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдаж байна гэдгийг эмч танилцуулж, хамгаалах юм. Энэ нь Эрүүл мэндийн магадлалын зөвлөл буюу нийгмийн даатгалын байгууллагыг өөрөөр ажиллах шаардлагыг тавьж байгаа. Бидэнд зориулаад эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн сан хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл тухайн хүн өөрөө ирэхгүй учир ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн, ямар эм авч уусан гэдэг мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага зайлшгүй авах шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн яамтай хамтарч мэдээлэл солилцох ажлаа эхлээд явж  байна.
Тоо баримт дурдахад, 2023 оны эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 102600 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Энэ нь нэлээд өндөр дүн. Тиймээс Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтарч энэ хүмүүсийг эрүүлжүүлэх ажлыг хийж байгаа. Тухайлбал, эмчлэх, эрүүлжүүлэх, ажлын байранд гаргах, хамт олон, цалин хөлстэй болгох, нийгэмшүүлэх ажлыг хийхээр  байна. Энэ зорилгын хүрээнд бид нийгмийн даатгалын байгууллагын дэргэд тусгайлсан эрүүл мэндийн эмнэлэгтэй болохоор хуульчилсан байгаа. Мэдээж нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, ЭМЯ-тай хамтраад эмчлэх ажлыг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн, бид хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг өвчнөөр нь ангилж судалгаа хийсэн. Ингэхэд 102600 хүнд голлон тохиох таван өвчин байна. Нэгд, дотрын өвчин. Хоёрт, сэтгэцийн эмгэг. Гуравт, мэдрэлийн өвчин. Дөрөвт, гэмтэл согог. Тавд, нүдний өвчин орж байна. Эдгээр таван өвчин нийт хөдөлмөрийн чадвар алдагсдын 78 хувийг эзэлж байна. Тэгэхээр Засгийн газар, ЭМЯ, ХНХЯ эдгээр таван өвчний шалтгааныг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байна. Хүний өвдсөнийх нь дараа эмчилнэ гэдэг маш их зардалтайгаас гадна тэр хүнийг цалингүй, ганцаардмал, хамт олонгүй болгодог. Тиймээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг хийхээр Нийгмийн даатгалын багц хуульд тусгаснаас гадна эрүүл мэндийн холбогдох хуульд тусгаж байгаа.
Мөн бүсээр нь харьцуулж үзсэн. Хөдөлмөрийн чадвараа алдсан хүний тоог Улсын нийт хүн амд харьцуулаад үзэхэд гурван хувьтай тэнцэж байгаа. Гэтэл гурван хувиас их 4.9, 4.8, 4.5 хувьтай аймгууд байна. Эдгээрт Сэлэнгэ аймаг, Дорнод аймаг, Завхан аймаг, Увс аймаг, Баян-Өлгий аймаг багтаж байна. Энэ аймгуудад мөн дээр дурдсан таван өвчин голлож байгаагаас гадна мэдрэлийн гаралтай, сэтгэцийн гаралтай өвчин нэлээд өндөр хувийг эзэлж байна. Тэгэхээр бид энэ жил улсын дунджаас дээгүүр байгаа аймгуудад мэргэжлийн салбар зөвлөл буюу мэргэжлийн эмч нарын багтай хамтраад тухайлсан хяналт шалгалт, сургалт хийхээр байгаа. Товчхондоо, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоогоод орхидог биш урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох,  эмчлэн эрүүлжүүлэх, судалгаа шинжилгээ хийх ажлыг хийнэ.
Энэхүү хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход гол баримталдаг зүйл нь өвчний жагсаалт байдаг. Үүнийг бид оны өмнө ЭМЯ-тай хамтраад шинэчлэн батлаад мөрдөж байгаа. Хоёр яам өвчний жагсаалтыг батлахдаа хугацаагүй тогтоодог заалтыг нэмсэн. Өмнө нь 87 өвчнийг хугацаагүй тогтоодог байсныг 97 болгосон. Мөн хугацаагүй тогтоодог байхад дахин дуудаад байх юм гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс бид хугацаагүй өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон бол дахиж магадлалын хурлаар оруулахгүй байхаар журамласан байгаа/ гар хөлөө тайруулсан, хүнд хэлбэрийн сүрьеэ зэрэг өвчин орно/ гэлээ.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн