Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу арилжааны 18 телевиз сар бүр айл өрхөөс 2500-3500 төгрөгийн хураамж авдаг. Тэгвэл энэ хураамжийг болиулах, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сэтгүүлч Б.Пүрэв хөндөж, нээлттэй парламентаар иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.
Сэтгүүлч Б.Пүрэв хэлэхдээ "Өнөөдөр манай улсад өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 243 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл Монголын телевизүүдийн холбоо гэх нэрийн дор 18 телевизийг онцолж, тэдэнд төлбөр төлдөг нь иргэдийн мэдэх эрх, сонгох эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг юм. Энэ 18 телевиз нь улс төрийн ашиг сонирхолтой, хувийн эзэдтэй, арилжааны, ашгийн төлөө ажиллаж байхад иргэд олон нийт Юнивишн, Скаймедиа, ДДЭШ-ээр дамжуулан 2500–3500 төгрөгийг сар бүр төлж байна.
Айл өрхөөс өргөн нэвтрүүлгийн суваг ашигласны төлбөрт сард дунджаар 20-30 тэрбум төгрөг цуглардаг. Үндсэндээ өргөн нэвтрүүлгийн суваг ашигласны төлбөрийг Монголын телевизүүдийн холбоо гэдэг төрийн бус байгууллага авч, өөрийн 18 телевиздээ хуваарилдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Би энэ хуулийн өөрчлөлтийг анхнаас нь эсэргүүцэж байсан. Уг хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан ч манайд хамаарахгүй, гээд буцаасан. Иймд миний бие уг асуудлаар иргэдийн гарын үсэг цуглуулж, хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна.
Нийт телевизүүдийн 70 гаруй хувь нь хүүхдэд сөргөөр нөлөөлөх агуулга бүхий контент үйлдвэрлэж байна. Телевиз бол олон нийтийн санаа бодлыг удирдах хамгийн хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Энэ хүчтэй хэрэгсэлд төр онцгой эрх өгч, монополь тогтоож, хууль баталж өгсөн. Үүний хариуд ихэнх телевиз эрх баригчдын мэдээллийг дамжуулах, дарга сайд нарыг магтан дуулах, төрөөс өгч буй мэдээллийг л дамжуулдаг болж байна. Иргэдийн байр суурь бүдгэрэх хандлага руу явж байна. Иргэд, айл өрхөөс сар бүр хураамж авч байгаа бол нийтийн эрх ашиг, олон нийтийн боловсролд чиглэсэн контент түгээх үүрэгтэй шүү дээ.
Арилжааны 18 телевизийн зарим хамаарлыг дурдая.
-25 дугаар суваг телевизийг З.Алтай эзэмшдэг. Охин нь УИХ-ын хэвлэлийн албаны даргаар саяхныг хүртэл ажиллаж байсан.
-UBS телевиз Б.Балхжавынх,
-ТВ-5 телевизийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нөхөр нь ажиллуулдаг.
-ТМ, SBN телевиз нь “Наран” группийн С.Болдхэтийнх,
-ТВ-8 телевиз нь “Эрхэт Монгол” группийн Х.Мандахбаярынх.
-С1 телевиз нь Женко Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой.
-ТВ-9 телевиз нь УИХ-ын гишүүн Э.Батшугар, Намбарын Энхбаяр нарын телевиз.
-“Central” телевиз нь MSC группийн охин компанийн телевиз.
-NTV нь “Шунхлай” групп, АПУ-гийн П.Батсайханы телевиз.
-Eagle нь нүүрсний сонсголд нэр холбогдсон “Голомт”-ын Д.Баясгалангийн телевиз.
-Mongol HD телевиз нь “Гацуурт”-ын Ц.Чинбатын телевиз. Охин нь Соёлын сайдаар ажиллаж буй Ч.Номин.
-Тэнгэр телевиз нь “Хас”-ын Ч.Ганхуяг нарын эзэмшдэг телевиз.
-Стар телевизийг Сү.Батболд гишүүний охин нь ажиллуулдаг телевиз.
-“Боловсрол” суваг мөн “Голомт”-ын Д.Баясгалангийн телевиз.
-Малчин, Сүлд тв байна. Их засаг их сургуулийн захирал Т.Ням-Осор, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарын хамааралтай телевиз юм.
Ийм улс төр болон хувийн эрх ашигтай хүмүүсийн телевизид иргэд сар бүр мөнгө төлж байгаа зөв үү. Мэдээллийг нэг урсгалд оруулж, нэвтрүүлэг мэдээллүүд цацаж байна. Тиймээс эдгээр телевизүүдэд өгдөг хураамжийг болиулах хэрэгтэй" гэлээ.
Иргэд саналаа “D-Parliament” сайтад нэвтрэн орж өгөх боломжтой. Санал авах хугацаа гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Бэлтгэсэн: Э.Эрдэнэбилгүүн