Хувийн болон нийтийн зориулалттай авто зогсоолыг нэгдсэн санд бүртгэхээр боллоо. Ингэснээр иргэд зорчих гэж буй тухайн газрынхаа ойр орчимд зогсоол байгаа эсэхийг шалгаж очих боломжтой юм. Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай тогтоолын төслөөр нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянган байхаар тогтоолоо. Ингэснээр 730 мянгаас дээш тооны автомашинд улсын дугаар олгохооргүй болж байна гэсэн үг юм. Нийтийн тээврээр зорчих төлбөр одоогоор том хүн 500 төгрөг, хүүхэд 200 төгрөг байгаа. Тэгвэл өнөөдрийн баталсан журмаар нийтийн тээврээр зорчих төлбөрийг 1000 төгрөг байхаар тогтоолоо. Гэхдээ мянган төгрөг нь нэг удаагийн зорчилт бус өдрийн турш зорчих төлбөр юм. Товчхондоо, иргэн мянган төгрөгийг төлж, өдөрт дөрвөн удаа зорчих боломжтой юм. Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг зорчих юм бол 1000 төгрөг, 48-аас дээш цагаар нийслэлд зорчих юм бол хоног тутамд 5000 төгрөг төлнө.
