Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн ядуурлын судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарсан байна.
Үндэсний статистикийн хороо/ҮСХ/ нь Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд үндэслэн ядуурлын шугамыг тооцдог. Тэгвэл ҮСХ 2022 онд ядуурлын суурь шугамыг шинэчлэх төлөвлөгөөтэйгөөр 2022 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд хамрагдагч өрхийн тоог нэмсэн аж. Ядуурлыг тооцохдоо 12 мянган өрхийг хамруулдаг байсан бол 2022 онд 23 мянган өрхийг хамруулжээ.
Түүнчлэн, өмнөх онуудын ядуурлын түвшинг гаргахдаа 2010 оны суурь тоог ашигладаг байсан. Харин 2022 оноос эхэлж шинэ аргачлалаар ядуурлын шугамыг тооцохоор баталсан бөгөөд өмнө нь хийгдэж байсан ядуурлын тооцоололтой харьцуулах боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд тодотголоо.
Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг: Монгол Улс нь үндсэн хэрэглээний зардал буюу хэрэглээнд тооцсон ядуурлын шугамыг тооцдог. Ингэхдээ бид хүнс болон хүнсний бус гэсэн хоёр шугамыг гаргаж авдаг. Хүнс, хүнсний бус ядуурлын шугамаа гаргаж авахдаа хүний авах ёстой хүнс болон хүнсний бус хэрэглээний наад захын зардлыг тооцож гаргадаг. Тухайн наад захын зардал нь нийт Монгол Улсын хүн амын ядуурлын шугам болж тооцогддог гэсэн үг.
Хүнсний ядуурлын шугамаа гаргаж авахдаа хүн амын хэрэглээгээр нь эрэмбэлж, хамгийн бага хэрэглээтэй хүн амаасаа жишиг бүлгийг тогтоодог. Тухайн жишиг бүлэг хүн амынхаа хүнсэнд хэрэглэсэн нэр төрлийг гаргаж, 90 хувийг нь эзэлж байгаа нэр төрлийг нь ялган авч хүнсний сагсны нэр төрөл болгодог. Үүний дараагаар хүнсний сагсанд орсон бүтээгдэхүүн бүрийг хэрэглэсэн дундаж хэмжээ болон 100 гр-д ногдох илчлэгийн хэмжээ, зах зээлийн дундаж үнийг тооцоод хүн хоног 2400 ккалори авахад хэчнээн төгрөг шаардлагатай вэ гэдгийг гаргадаг. Үүнийг хүнсний ядуурлын шугам гэж тооцдог.
Харин хүнсний бус ядруулын шугамыг тооцохдоо 2400 ккалори буюу хүнсний ядуурлын шугамтай ойролцоо хэрэглээтэй байгаа хүн амыг жишиг бүлэг болгож авдаг. Тухайн жишиг бүлгийн хүнсний бус хэрэглээний зардлыг тооцож боддог. Ийн хүнс, хүнсний бус хэрэглээний ядуурлын шугамаар нийт ядуурлын шугам тооцогдож байгаа хэмээлээ.
2022 оны байдлаар насанд хүрсэн нэг хүний дундаж хэрэглээ 657 мянган төгрөг байна. Харин 418 мянга 90 төгрөг Монгол Улсын ядуурлын шугамд тооцогдож байна. Тэгэхээр уг мөнгөн дүнгээс доош хэрэглээтэй иргэн ядууралд өртсөн буюу ядуурлын шугамаас доош хэрэглээтэй тооцогдоно гэсэн үг юм.
Түүнчлэн, 2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь гэж гарсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны байдлаар 914.2 хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу ядууралд өртсөн байна.Үүнийг бүсээр нь авч үзвэл хамгийн өндөр ядуурлын түвшинтэй бүс нь баруун бүс байна.
Баруун бүсийн ядуурлын түвшин 36.5 хувь
Хангайн бүсийн ядуурлын түвшин 33.5 хувь
Төвийн бүсийн ядуурлын түвшин 24.6 хувь
Зүүн бүсийн ядуурлын түвшин 35.3 хувь
Улаанбаатар хотын ядуурлын түвшин 21.6 хувь байна.
Дээрх тоон үзүүлэлтийг суурьшлаар нь авч үзвэл нийт ядуу иргэдийн 57 хувь нь хотод, 43 хувь нь хөдөө амьдарч байна. Өөрөөр хэлбэл, нийт ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй иргэдийн 37 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Өөрөөр хэлбэл, ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 5хүн тутмын 2 нь Улаанбаатар хотод амьдарч байна.