Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Зөвлөмж: Залуус нударга болон луу, түмэн насан хээтэй дээл сонгохоос зайлсхийгээрэй

Зөвлөмж: Залуус нударга болон луу, түмэн насан хээтэй дээл сонгохоос зайлсхийгээрэй
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 5
Монгол түмний Цагаан сарын баяр хэдхэн хоногийн дараа болно. Цагаан сар бол эртний түүхтэй, Монголын ард түмний хүндэтгэл, ёс бэлгэдлийн баяр билээ. Эл баяраар ард иргэд үндэсний дээл хувсаараа гоёж, өв уламжлалаа хадгалан тэмдэглэдэг. Хубилай хаан 1363 онд монгол дээлийг бусад орны үндэсний хувцаснаас тодотгон хуульчилсан байдаг аж. Тухайлбал, монгол дээл нь босоо захтай, дөрвөлжин энгэртэй гэдгээрээ бусад орнуудын үндэсний хувцасны хэв маягаас ялгагдаж байхаар хуульчилсан юм байна. Жил ирэх тусам үндэсний дээл хувцасны хэрэглээ нэмэгдэж, Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар монгол дээлээрээ гангардаг болсон. Гэхдээ монгол дээлийг зөв өмсөхгүй байна гэдэг шүүмжлэл гарах болсон. Иймд олон жил дээл урласан урлаачдын зөвлөгөөг хүргэж байна. 
Монгол дээлний деталь бүр бэлгэдэл шингээсэн байдаг
Б.Сувд

Монгол дээлийг онол ба практикийн үүднээс судалсан судлаач, доктор, профессор, "Монгол костюмс" төвийн захирал Б.Сувд
-“Орчин үед шинэ загварын үндэсний хувцас гаргаж байна гээд зарим талаар монгол хувцасны ёс заншлыг алдагдуулж байна. Залуу дизайнерууд монгол хувцасны үндсэн элементийг зөв гаргаж, авч явах ёстой. Нэн ялангуяа залуу дизайнерууд монгол хувцасны үндсэн элементийг зөв гаргаж, зан заншил, уламжлалаа мэддэг байх хэрэгтэй. Дээлний деталь бүр ямар нэг бэлгэдлийг шингээж байдаг. Хээ угалзны тухайд гэхэд юу урлаж байгаагаас хамааран бэлхүүснээс дээш байх уу, доош байх уу гэдэг нарийн ёс журамтай байдаг. Энгийн жишээ гэхэд, монголчуудын хувцасны дэг жаягт настай хүн, хүүхэд хоёрын дээл ганцхан шилбэтэй, идэр насных нь гурван шилбэтэй байх ёстой гэдэг. Энэ бүхнийг нарийн сайн мэдэж байх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс энгийн, босоо захтай дээл сонирхох болсон. Тод өнгөтэй, саатай материал давамгайлж байна” гэлээ.
Дээлнийхээ хээг сонгохдоо эхлээд насаа харгалзаарай
Ж.Оюунчимэг

“Батзүү” компанийн захирал Ж.Оюунчимэг:
-“Монголчууд дээлэндээ хээ тавихыг маш чухалд тооцон хүндэтгэлтэй ханддаг байсан. Дээлний материал сонгоход ч мөн  адил. Тухайлбал, хэт үнэтэй, хээтэй торго нь хүүхдийн насанд хүнддэг гэж үздэгээс гадна хээний ороогдсон оёдол, нүх сүв бүр нь маш том агуулгатай учраас хүүхдэд үнэтэй, хээ хуартай дээл өмсгөхөөс зайлсхийдэг байжээ. Хүүхэд ороогдсон хээ ихтэй дээл өмсвөл нүхэнд орох, янз бүрийн зүйлд орооцолдоно хэмээн цээрлэдэг. Тийм учраас хүүхдэд сатин, цэвэрхэн торго, даавуун материалаар дээл хийвэл тохиромжтой. Харин залуу хүмүүс пүүсүү ч гэдэг юм уу үнэтэй торго эдлэх нас нь болоогүй гэж хэлж болно. Тэгэхээр залуу охид, бүсгүйчүүд ургаж, төлжиж байгаа гэдэг утгаар цэцэгтэй материал, унасан дээлний материал сонгож болох юм.
Харин 30-аас дээш насныхан өөрт таалагдсан материалаараа дээл хийж өмсөж болно. 60-аас дээш настай хүмүүс түмэн насан хээтэй дээлний материал сонгох нь илүү тохиромжтой. Түмэн насан хээ нь амьдрал тэгш, дардан байхыг бэлгэддэг.
Сүүлийн үед хүмүүс хээг хамаагүй хэрэглэх болсон байна. Уг нь хээ болгон учир агуулгатай байдаг. Тухайлбал, хаан хээг бүтэн зургаар нь харвал маанийн үсэг  байна гэдгийг хятадын эрдэмтэн судалсан байгаа юм. Уг маанийн үсэг нь хүний эр зоригийг бадраах, зам дардан болгох, өвчин эмгэг холдуулдаг хэмээн үздэг байх жишээтэй. 
Баянхошуу, усан долгио, түмэн насан, хаан бугуйвч, хатан сүйх, хас, хорол, ланз гэх мэт хээ болгон өөр өөрийн онцлогтой. Иймээс дур мэдэн тавьж болохгүй. Дээлний хээг сонгохдоо наад зах нь насаа харгалзан үзэх нь зүйтэй. Сүүлийн үед ихэнх хүмүүс түмэн насан хээтэй дээл өмсөж байна. Уг нь түмэн насан хээтэй дээлийг 50-аас дээш насны хүмүүс урт удаан насан жаргахыг бэлгэдэн өмсвөл тохиромжтой байдаг. Учир нь түмэн насан хээ нь амьдралыг он удаан үргэлжлүүлэх, мөнх байдлыг билэгддэг. Луун хээ нь хүч бэлгэдлэг учраас залуу хүн луун хээтэй дээл өмсвөл аюул дагуулна хэмээн цээрлэдэг. Ер нь залуу хүнд үүлэн хээ юм уу, уул ус байгальтай зохицдог дүрстэй хээг хүнддэг гэж үздэг.   
Үүнээс гадна дээлийн хээг ганц, нэгээр тавьсан харагдаж байна. Уг нь ганц хээ тавьдаггүй. Ганц хээ нь үргэлж ганцаараа байх эсвэл үр хүүхдээсээ холдох нигууртай учраас хөөрөгний даалингийн дөрвөн буланд хээ тавьдаг байх жишээтэй. 
Дээлийн хээ, шаглаа, хаваас зэргийг оёход маш нарийн ур чадвар шаарддаг. Тиймдээ ч манай Монголд зөвхөн дээлээ хавж оёдог байгаа юм. Монгол дээл нь өөрөө маш том соёл, шинжлэх ухаан юм. Энэ соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд өнөөгийн бид ёс заншлаа алдахгүй байх хэрэгтэй.     
Дээлний нударгыг насны заагаар ялган хэрэглэж байсан. Ер нь 50-иас дээш настай хүн нударгатай дээл өмсдөг байсан юм билээ. 50 нас хүрээгүй хүн нударгатай дээл өмсвөл  нударгаа эргүүлэн золгож, ахмадаа хүндэтгэдэг байжээ. 
Дээлний нударганаас гадна эмжээр маш чухал байдаг. Тухайлбал, улаан дээлийг хар материалаар эмжиж болохгүй. Нөгөө хүнээ устган үгүй болгож буй хэмээн цээрлэнэ. Ер нь бараан өнгөтэй дээлний материалыг цайруулж эмжих нь тухайн хүн өөдлөн дэвжиж эдийн сайныг өмсөж, эдлэнэ хэмээн билэгддэг. Дээлийг эмжихэд хүртэл утга агуулга байдаг учраас хүүхдийн дээлийг эмждэггүй” гэж зөвлөлөө. 
Дээлийн өнгө зөв сонгох нь чухал
“Монгол костюмс” төвийн музейн тайлбарлагч, багш Г.Дамдиндулам
-“Монголчуудын эртнээс мөрдөж ирсэн цээрлэх ёсон бий. Тухайлбал, хүнтэй золгохдоо гараа буюу шуугаа гарган золгодоггүй. Тоодон дээл буюу хэт богино дээл эрэгтэй хүмүүс өмсөх нь зохимжтой бус гэж үздэг.
Үндэсний хувцасны таван овоо гэж байна. Тухайлбал, гутал, дээл, хантааз, малгай, бүс нийлээд нэг цогц үндэсний хувцас болж, сайхан харагдана. Хүмүүс орчин цагтаа тохируулаад хөнгөн, нимгэн хувцас өмсөж болно. Гэхдээ богино хамцуйтай хувцас өмсөхгүй байхыг эрмэлзээрэй. Үүнээс гадна эмэгтэйчүүд үндэсний баяраар ялангуяа Цагаан сараар хамаг гоёлоо гарган зүүдэг уламжлалтай. Эрэгтэй хүмүүс хөөрөг, дайлан хэт хутга, малгай, гутлаа гарган өмсдөг. Монголчууд хувцсандаа бэлгэдлийг шингээж урласан байдаг. Тухайн жилийн дээлийн өнгө, идээ будаанаас айлын жилийн өнгө харагддаг гэж үздэг учраас хувцсаа их сайхан дээдэлж өмсдөг байсан. Тиймээс монгол дээлээ аль болох цэгцтэй өмсөөрэй. Ер нь дээл, гутал, малгайгаа бүгдийг өмссөн хүний хувцас бүтэн харагддаг.
Настай хүмүүс ихэвчлэн хүрэн, хул шар өнгийн дээл өмсдөг. Залуу охид аль болох хурц, тод өнгийн дээл өмсдөг. Хээний хувьд алтан луун хээ ч юм уу, хүнд хээтэй дээлийг өдөр тутамдаа өмсөх нь зохимжтой биш. Дээл хувцсаа зөв хэрэглээрэй. Ахмад хүмүүстэй золгох, айлд орохдоо дээлийн товчоо бүрэн товчлон, бүсээ бүсэлж, нударгаа эргүүлж орно. Ханцуйгаа дотогш шамлан орж болохгүй. Юм идэж байхдаа ч ханцуйгаа шамладаггүй. Айлд орохдоо аль болох сайхан бэлгэдлийн үг хэл. Уламжлалт ёсоо дээдлээд сайхан шинэлээрэй” гэлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн