Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд ирэх хаврын чуулганаар Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг өргөн барьж, батлуулахаар төлөвлөж байгаа билээ. Монгол Улсыг зургаан бүсэд хувааж, бүс бүрийн онцлог, нөөцөд нь тохирсон хөгжлийн замын зураглалыг гаргах юм.
Бүсчилэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах хүрээнд хоёрдугаар сарын 1, 2-ны өдөр “Монголын эдийн засгийн форум 2024 – Бүсчилсэн хөгжлийн зөвөлгөөн”-ийг зохион байгуулж, зургаан бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлов. Уг зөвлөгөөнд нийт 2775 төлөөлөгч оролцож 300 гаруй санал зөвлөмжийг гаргажээ.
Бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлсан байна.
Говийн бүсийн (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)
-Барилгын материалын үйлдвэрлэл
-Бүх төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл
-Уул уурхай, эрдэс баялаг, хүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл
-Палеонтологи, байгаль, шашин
-Хил орчмын аялал жуулчлал
-Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр ложистик
Төвийн бүс (Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
-Барилгын материалын үйлдвэрлэл
-Эрчимжсэн хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдэрлэл
-Хил орчмын аялал жуулчлал
Баруун бүс (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай)
-Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл
-Тусгай сонирхол болон хил орчмын аялал жуулчлал
-Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр ложистик
-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл
Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Өвөрхангай)
-Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл
-Байгаль, түүх соёл, археологи, рашаан сувилал
-Гадаад, дотоод худалдаа, тээвэр ложистикийн төв
Зүүн бүс (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
-Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр ложистик
-Хил орчмын болон хил дамнасан аялал жуучлал
Хойд бүс (Булган, Орхон, Хөвсгөл)
-Аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэл
-Хил орчмын аялал жуулчлал
Бүх бүсэд боловсрол, мэргэжилтэй ажилтан бэлтгэх төв, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төвүүдийг ижил хэмжээгээр хөгжүүлэхээр тусгах аж.
Төрийн байгууллагуудыг бүсчлэлийн дагуу тараан байршуулна
Бүсүүдийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан төрийн байгууллагуудыг нийслэлээс орон нутаг руу шилжүүлэн ажиллуулах аж. Тодруулбал, нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын төрийн байгууллагуудыг бүсчлэлийн дагуу байршуулах тухай тогтоолыг УИХ баталж, өнгөрсөн долоо хоногт албажжээ. Энэ дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бүсчлэлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан байршуулах боломжтойг Ерөнхий сайд онцолсон.
Мөн бүсчилсэн хөгжлийг хүрээнд нийслэл Улаанбаатараас орон нутаг руу шилжиж байгаа иргэд болон компани, түүний ажилчдыг дэмжих орон сууцжуулалтын реформ эхлүүлэхээр бэлтгэж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөний хаалтын үеэр онцолсон. Түүнчлэн, Ерөнхий сайд зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийн хүрээнд тодорхой бодлого, шийдвэр гаргаж ажиллахаа мэдэгдэв.
Байгалийн баялгийг зохистой ашиглаж байгаа газар нутаг түрүүлж хөгжих боломжийг эрх зүйн хувьд нь нээж өгнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бүсчлэлийн байнгын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчин, татварын орчинтой холбоотой асуудлыг бүс болгон дээр ярьсан байна. Бүс бүр л хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, аж үйлдвэр байгуулах бөгөөд тэнд ялгаатай эрх зүйн орчин хэрэгтэй гэсэн саналууд гарсан байна. Эдгээр гаргасан санал дээр үндэслэн Засгийн газар бодлого гаргаж, улс төрийн намуудтай зөвшилцөнө.
Хоёрт, эдийн засгийн бүсчилсэн хөрөнгө оруулалтын тогтолцоог Үндэсний баялгийн сантай холбож, бүс ба орон нутгийн хөгжлийг дэмжих сан байгуулна. Байгалийн баялгийг зохистой ашиглаж байгаа газар нутаг түрүүлж хөгжих боломжийг эрх зүйн хувьд нь нээж өгөх чиглэлд ажиллана.
Гуравт, бүсчилсэн хөгжлийн талаар гарсан саналуудыг олон нийтэд хүргэх, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгах тал дээр Үндэсний олон нийтийн телевизээр мэтгэлзээний цаг гаргахад бэлэн байна.
Ирэх гуравдугаар сард Бүсчилсэн хөгжлийн форум нийслэл Улаанбаатар хотын асуудлаар үргэлжилнэ. Нийслэл бүсчлэн хөгжихийн тулд давхацсан бүтцүүдээ орон нутагт шилжүүлэх концепцыг хамтдаа ярилцана. Тухайлбал, Улаанбаатарт Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж байхад яг хажууд нь Нийслэлийн Нийгмийн даатал газар байх нь зохистой юу. Улсын татварын газар байхад нийслэлийнх нь гэж тустай байх ёстой. Улаанбаатар хотын төвд байгаа 50 га талбай дээрээс төрийн бүх үйлчилгээг авдаг болсноос өнөөдрийн түгжрэл болон бусад асуудлууд хүндэрсэн байна. Тиймээс нийслэлийн концепцыг өөрчлөх цаг болсон.
Мөн Толгойт, Баянхошуу, Дарь-Эх гэх мэт газрыг хот болгох асуудлаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, Улаанбаатар хот өөрөө бүсчилж хөгжих зам руу явах ёстой гэлээ.
Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнөөс гарсан нэгдсэн саналыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах Ажлын хэсэг бодлогын баримт бичигтээ тусгаж, Засгийн газраас хэлэлцүүлэх юм. Засгийн газар хэлэлцсэний дараа УИХ-д өргөн мэдүүлэх аж.