Open iToim app
Зочин | 6 мин уншина

Д.Долгорсүрэн: Цагаан сар бол бэл бэлчингийн бус ёс бэлгэдэл, хүндэтгэлийн баяр

Д.Долгорсүрэн: Цагаан сар бол бэл бэлчингийн бус ёс бэлгэдэл, хүндэтгэлийн баяр
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 2
Сар шинийн баярын талаар МУИС-ийн багш, угсаатан судлаач Д.Долгорсүрэнтай ярилцлаа.
-Цагаан сарын баяр хэдийнээс үүсэлтэй вэ. Энэ түүхээс хоёулаа яриагаа эхлүүлье?
-Цагаан сарыг анх намрын улиралд цагаан идээний баяр болгон тэмдэглэдэг байсан түүхтэй. Хожим 13-р зууны эхээр Тэмүүжин Их Монгол Улсыг байгуулаад гуравдугаар жарны хөхөгчин үхэр жилийн сүүл сарын эцэс улаан барс жилийн хаврын тэргүүн сарын шинэ дээр хаана ширээнд суух ёслол болсон. Ийнхүү Их Монгол Улсын нэгдсэн төрийг нээсэн баярыг шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард түмний нийтлэг ёсоор журамлан Цагаан сарыг намраас хаврын улиралд албан ёсоор шилжүүлэн хамтатган тэмдэглэсэн гэж үздэг. Тодруулбал, 1206 оноос цагаан сарыг хавар ёсолдог болсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 
 -Битүүлэх ёсны тухайд?
-Цагаан сарын өмнөх өдрийг битүүний өдөр гэж нэрлэдэг. Энэ өдөр бол тухайн жилийнхээ алдаа, оноо, муу муухай зүйлээ мартдаг, бие, биеэ уучилдаг, хашаа хороогоо цэвэрлэдэг, дуусгаагүй байсан ажлаа хийж дуусгадаг. Шинийн 1-ний өглөө шинээр бүхнийг эхлүүлж байна гэсэн утгаар бэлгэддэг. Мөн энэ өдөр битүү хоол буюу шүүс идээ, битүүлэг голдуу зооглодог. Түүнчлэн тэр орой ширээ болоод ширдэгний бэлгэдэлтэй тоглоомоор тоглоно. Ширээний тоглоомд нь хорол, үүчүүр, зэндмэнэ, төгс жаргалан мэтийн гэр барьдаг тоглоомууд багтдаг. Шагайн төрөл нь  ширдэгний тоглоом.
 -Ууц шүүс тавих ёсны талаар тайлбарлаж өгөхгүй юу. Ямар утга учрыг агуулдаг юм бол?
 -Ууц бол Өндөр гэгээн Занабазарын үеэс уламжилсан  хүндэтгэлийн идээ. Тэр утгаараа эрт дээр үед төрийн өндөр дээд хэргэм зэрэгтэй хүмүүс, ахмад настай хүмүүс ууц тавьдаг байсан. Харин орчин үед Цагаан сараар айл болгон ууц тавьдаг болж. Эртний ёсондоо бол тийм байгаагүй.
Ууц тавих ёсны тухайд бол нарийн дэг жаягтай. Мал амьдаараа байгаа юм шиг толгой, ууц, бусад эрхтнүүдийг нь байрлуулж, толгойн хэсгийг нь гэрийн хоймортоо чиглүүлж тавих ёстой байдаг. Орон сууцтай айлууд бол энэ ёс жаягийг маш сайн мэдэж байх ёстой. Зарим айл хониныхоо толгойн хэсгийг үүд рүүгээ, сүүл хэсгийг хойрмортоо харуулаад тавьчихсан байдаг. Харин ууц таллах ёсны тухайд  тухайн нутгийн хамгийн ахмад настай хүн ууцанд гар хүрэх ёстой байдаг. Мөн зарим нутагт аавын талын хамгийн том төрөл саднаар ууцыг таллуулдаг уламжлалтай. 
-Зарим нутагт шинийн нэгэнд аавынхаа гэрт золгууд хийж очихдоо ууц, тавгийн идээ авч очдог уламжлал бий. Эртний уламжлалдаа ийм ёс байв уу?
-Тийм ёс байгаагүй. Орчин үед гарч ирсэн заншил.
-Цагаан сарын ууц худалдаж авах, дээрээс нь бэлэг авна гээд нэлээд зардал гаргах тал бий. Бид өөрсдөө сар шинийн баяраа хүндрүүлээд байдгийн нэг шалтгаан бэлэг юм болов уу. Анх Цагаан сараар бэлэг өгдөг байсан юм болов уу?
-Эртний заншилдаа хүүхдэд л хувь хүртээнэ гэж цагаан идээ, ааруул, ээзгий боож өгдөг байсан юм. Мөн Цагаан сарыг цагаан идээний баяр болгож тэмдэглэдэг байх үед цагаан даавуу, алчуур бэлэглэдэг байсан юм билээ. Энэ уламжлалууд явсаар өнөөдөр хүн бүрт бэлэг өгдөг заншил болж хувирсан. Цагаан сар хүндрэлтэй байна гээд байгаа нь энэ баярыг тэмдэглэх арга, хэв маягаа бид өөрсдөө өөрчлөөд байгаа болохоор хүндрэлтэй болоод байгаа юм. Түүнээс Цагаан сарын баяр хүндрэлтэй зүйл биш. Хүндэтгэл, бэлгэдлийн баяр шүү дээ.
-Цагаан сараар ахмад настай хүмүүст мөнгө, архи барьж золгодог. Энэ тухайд?
-Мөнгө, архи барьж золгох бол эртний ёсонд байгаагүй зүйл. Ахмадаа хүндэлж цагаан хадаг барьж золгодог байсан уламжлал бий. Одоо бол тэр хадагны үүргийг л архи, мөнгөөр оруулаад байх шиг байгаа юм.
-Тавгийн идээг хэдээр өрөх ёстой юм бол?
-Тавгийн идээг 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор өрдөг. Зовлонгоор эхлүүлж, жаргалаар дуусгаж байна гэж бэлгэдэл. Тавгийн идээ өндөр байх тусмаа тухайн өрхийн тэргүүний хүндэтгэлийг илэрхийлж байдаг. Сүүлийн үед энэ хүндэтгэлийн чанар нь алдагдаад бэл, бэлчингээрээ биеэсээ дээгүүр гарах гэсэн хандлага ажиглагдаад байдаг. Аавынхаасаа өндөр идээ өрчихсөн залуу гэр бүлүүд харагддаг шүү.
-Битүүний орой лхам бурхан ирнэ гэсэн бэлгэдлээр гэрийнхээ тотгон дээр мөс, өвс тавьдаг. Харин орон сууцанд амьдардаг айлууд мөс, өвсөө цонх, тагтан дээрээ тавьдаг. Нүүдэлчний уламжлалт энэ ёс суурьшмал соёл иргэншилтэй зөрчилдөөд байх шиг?
-Битүүний орой лхам бурхан ирнэ гэсэн бэлгэдлээр тотгон дээрээ гурван мөс, баруун хатавчиндаа харгана, өвс хавчуулах ёс бий. Нөгөө талаар энэ нь муу муухай зүйлийг гэрт оруулахгүй гэсэн утгыг бэлгэддэг. Орон сууцтай айлуудын хувьд бол цонх, тагтан дээрээ өвс, мөсөө тавьдаг. Орчиндоо тохируулаад энэ зан үйлээ авч үлдэх гэж хичээж байгаа нь сайшаалтай хэрэг. Мөн цайны дээж өргөхдөө цонхоороо цацчихдаг. Тэр нь цонхны дор байсан машин тэргэн цацагдаад байдаг. Угтаа бол цайны дээжийг гэрээсээ гараад уул, уус хангай дэлхий, нарандаа өргөх ёстой. Гэтэл хангай дэлхийдээ биш машин тэргэнд өргөөд байна. Ёс заншлаа авч үлдэх гэж байна гээд буруу аргаар үйлдээд байна. Мэдээж орчин нөхцөл нөлөөлөх ч зөв аргаар нь үйлдээд явах юм бол хотын соёлтой зөрчилдөхгүй. Хотжилттой холбоотой нүүдэлчин уламжлал зөрчилдөж байгаа юм биш  өөр хэв маягт шилжиж байгаа юм.
-Эртний ёсонд Цагаан сараар гурван хүү төрүүлсэн дархан бэрдээ золгууд хийж, хүндэтгэдэг уламжлал байсан гэж ярьдаг. Энэ талаар?
-Ер нь бол дархан бэр маш хүндтэй хүн. Айл гэрийн голомтыг залгамжлах гурван хүү төрүүлсэн бэр хүн бол тухайн айлд маш том байр суурь эзэлдэг, тэр хүний үгийг сонсдог ёс уламжлал байсан. Харин Цагаан сараар золгууд хийж хүндэлдэг уламжлал байгаагүй. 
-Шинийн нэгний өглөөний золгох ёсны тухайд? 
-Энэ бол төрөө дээдлэх монголчуудын уламжлалтай холбоотой. Үүний дараа хамгийн ахмад настныдаа хот айлаараа ороод золгодог. Монголчуудын энэ ёслол бол ахмад настнаа хүндлэх гол утгатай юм шүү. Тэгээд орж золгохдоо тэр ахмад настантай ивээл жилтэй хүн түрүүлж амрыг нь асууж золгодог.
Эрт үед ахмад настантай золгохдоо үүднээс эхлэн хоймор хүртэл "Та амар байна уу" гэж нэг удаа, "Та амар айлдаж байна уу" гэж хоёр дахь удаагаа, "Амархан сайн байна уу" гэж гурав дахь удаагаа хэлж баруун өвдгөө нугалан хадаг барьж золгодог ёстой байсан. Энэ нь ахмад настнаа бие, хэл, сэтгэл бүхнээрээ дээдлэн хүндэлж байгаагийн билгэдэл болдог байна. Мөн золгууд хийх үедээ дээл хувцсаа засаж, малгайтай байх ёстой. Орчин үед залуучууд малгайны саравчаа буруу харуулж өмчхөөд л золгоод байдаг. Энэ бол толгойгоо хойш нь харуулчхаад золгож байгаатай адил зүйл. Мөн сар шинээр айлд ирж байгаа хүн тухайн айлын гадаа бие засахыг цээрлэдэг. Ирээд гэрт нь оролгүйгээр бие засч байна гэдэг тэр айлыг доромжилж байна гэж үздэг байсан. 
-Цагаан сарыг Азийн зарим орнуудад бас тэмдэглэдэг шүү дээ. Монгол цагаан сарын онцлог, ялгааг та хувьдаа юу гэж хардаг вэ?
-Солонгос, Япон, Хятадад бол цагаан сарыг тэмдэглэхдээ нас барсан өвөг дээдсээ дурсан санаж, тэдэнд хүндэтгэл үзүүлдэг бол Монгол Цагаан сараар монголчууд одоо байгаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, амьд сэрүүн байгаа аав, ээждээ золгож ирээдүйд болох зүйлийнхээ сайн сайхныг бэлгэддэг. Нэг үгээр хэлбэл, бусад улсад Цагаан сарыг дурсан санах баяр болгож хийдэг бол, Монгол Цагаан сарыг ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж аз жаргалтайгаар хийдэг.
2017 оны ярилцлагыг сэргээн нийтлэв.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн