Америкийн Зүрхний нийгэмлэгээс (AHA) өнгөрсөн лхагва гаригт нийтэлсэн шинэ судалгаагаар зүрхний өвчин АНУ-ын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг онцолжээ. AHA-аас 2023 онд явуулсан судалгаагаар АНУ-ын насанд хүрэгчдийн 51 хувь нь зүрхний өвчнийг улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан гэж боддоггүй нь ил болжээ. Мөн судалгаагаар хүмүүсийн 18 хувь нь хорт хавдрыг нас баралтын гол шалтгаан гэж андуурч, 16 хувь нь мэдэхгүй гэж хариулж, 49 хувь нь зүрхний өвчин гэж зөв хариулжээ. Зүрхний өвчинд зүрхний хэд хэдэн төрлийн эмгэгийг багтаах боловч АНУ-д хамгийн түгээмэл нь цусны урсгалд нөлөөлж, зүрхний шигдээс үүсгэдэг титэм судасны өвчин байна. АНУ-д өдөр бүр зүрхний өвчнөөр 1905 хүн нас бардаг бөгөөд 40 секунд тутамд хэн нэгэн зүрхний шигдээс өвчнөөр өвчилдөг гэж AHA мэдэгджээ.
Яагаад буруу ойлголттой болсон бэ
Жиллингс сургуулийн тархвар судлалын тэнхимийн профессор, доктор Уэйн Розамонд "Хүмүүс эрүүл мэндтэй холбоотой асар их хэмжээний мэдээллийг маш олон эх сурвалжаас авдаг. Зүрхний өвчин манай нийгэмд томоохон эрсдэлтэй хэвээр байгаа бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэхийн тулд бидний хийж чадах зүйл олон байдаг гэсэн чухал мессеж хэрэгтэй байна” гэжээ.
Стэнфордын их сургуулийн зүрх судасны анагаах ухааны дэд профессор, доктор Абха Ханделвал зүрхний өвчний талаарх боловсролыг бага наснаас өгөх хэрэгтэйг онцолжээ. Тэрээр "Манай одоогийн эрүүл мэндийн дэд бүтэц нь аль хэдийнэ өвчтэй эсвэл өвчин туссан хүмүүст л анхаардаг. Сурталчилгааны кампанит ажил нь бага наснаасаа, тэр байтугай цэцэрлэгээс эхлэх ёстой” гэжээ.
Цусны даралт ихсэх буюу "чимээгүй алуурчин" нь ямар ч шинж тэмдэггүй байж болох бөгөөд эмчлэхгүй бол зүрхний шигдээс, цус харвалт, бөөрний гэмтэлд хүргэдэг. Файнбергийн анагаах ухааны сургуулийн зүрх судасны профессор, Санжив Шах “Yahoo Life”-д өгсөн ярилцлагадаа AHA-ийн судалгааны үр дүнд огтхон ч гайхахгүй байгаагаа ярьжээ. Тэрээр "Зүрхний өвчнийг эмчлэх арга сүүлийн хэдэн арван жилд нэлээд ахицтай явж байгаа ч хорт хавдрыг эмчлэхэд хэцүү хэвээр байгаа нь хүмүүсийг үхлийн гол шалтгаануудын талаар буруу ойлголттой болоход нөлөөлж магадгүй” гэжээ.
Зүрхний өвчин тусах эрсдэлд юу нөлөөлдөг вэ
Зүрхний өвчин тусах магадлалыг нэмэгдүүлэх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Чихрийн шижин, цусны даралт ихсэх, цусан дахь холестерины түвшин, илүүдэл жинтэй байх нь зүрхний өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна.
Тамхи татахаа боль. Тамхи татахаа больсон даруйд зүрхний өвчний эрсдэл буурч эхэлдэг.
Унтахыг урьтал болго. Өдөр бүр дор хаяж долоогоос бага цаг унтах нь цусны даралт ихсэх, зүрхний шигдээс тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Эрүүл хоолло. Шинэхэн жимс, хүнсний ногоо, загас, үр тариа, эрүүл өөх тосыг их хэмжээгээр хэрэглэж, элсэн чихэр ихтэй хоол хүнс хэрэглэхээс зайлсхий.
Дасгал хийх. Өдөрт 30-60 минутын биеийн тамирын дасгал хийх ёстой бөгөөд алхах, шатаар алхах зэрэг энгийн үйлдлүүд багтана.