Нийслэлд аюултай ачаа ачиж явсан том оврын ачааны автомашин осолдож, дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амь насаа алдаж, 10 хүн түлэгдэж, бэртэж гэмдсэн харамсалтай явдалд болсон. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, осол гаргасан хоёр жолоочийг 48 цагийн хугацаатай баривчилжээ.
Хяналтын камерын дүрс бичлэгт үлдсэнээр ачааны автомашин баруун тийш уулзвар нэвтрэх үед жижиг оврын автомашинтай мөргөлдөж ёмосын битүүмж алдагдсанаар газ тархаж дэлбэрэлт болсон байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Иргэд уг дүрс бичлэгийг үндэслэн ослын шалтгаан нөхцөлийн талаар янз бүрийн байр суурийг цахим орчинд илэрхийлсэн. Өөр өнцгөөс авсан хяналтын камерын бичлэг болон мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр ослын шалтгаан тодорхой болно.
Тэгвэл “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр хүний амь нас эрсэдсэн ачааны автомашины нийт ослын 36.1 хувь нь уулзвар нэвтрэх хөдөлгөөн хийх явцад буюу жолоочийн “сохор бүс”-д жижиг оврын автомашин болон бусад объекттой мөргөлдөх эрсдэлтэй үед гарсан байна. Өөрөөр хэлбэл, хүн нас барсан ачааны автомашины гурван осол тутмын нэг нь жолоочийн “сохор бүс” буюу үзэгдэх орчин “хаалттай” байх үед болдог аж. Харин хүний амь нас эрсэдсэн ачааны автомашины ослын 63.9 хувийг шулуун замд гарсан осол эзэлдэг байна.
Том оврын автомашин осолдсон хагас сая тохиолдолд судалгаа хийхэд 55 хувь нь орон нутгийн замд, 45 хувь нь хотын замын хөдөлгөөнд оролцох үед осолджээ. Хол замд жолооч ядарч нойрмоглох, ачаалал багатай замд хурд хэтрүүлэх, эрсдэлтэй даваа, гүвээ огцом эргэлт ихтэй, зарим жолооч шөнийн цагаар гэрлээ шилжүүлдэггүй зэрэг нь орон нутгийн замд ачааны автомашин осолдох шалтгаан болдог байна. Нийт 500.000 ослын 79.6 хувь нь өдрийн цагаар гарсан бол 20.4 хувь шөнийн цагаар гарсан байжээ.
Мөн 500.000 орчим ачааны автомашины ослын ердөө 1 хувьд нь тухайн тээврийн хэрэгсэл аюултай ачаа тээвэрлэж явсан.
Ачааны автомашины ослын зонхилох шалтгааныг харвал:
Цаг агаарын таагүй нөхцөл байдал, халтиргаатай зам: 13%
Согтуурсан үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцсон: 6.7%
Жолоо барих үед анхаарал сарнисан: 5.2%
Түүхий эд, бараа материалыг тээвэрлэх зориулалттай ачааны автомашинууд нь эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хөгжингүй орнууд том оврын автомашинтай холбоотой статистик мэдээллийг нарийвчлан судалж ослын шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх болон оновчтой төлөвлөлт, бодлого боловсруулахад ашигладаг байна. Харамсалтай нь, манай улсад зам тээврийн ослын талаарх статистик мэдээллийг нарийвчлан судалдаггүй нь оновчтой, үндэслэлтэй шийдвэр гаргах боломжийг хязгаарладаг аж.