Open iToim app
Чадлаа | 14 мин уншина

Монконди брэнд Монголд анх удаа масс чихрийн үйлдвэрлэлийг хөгжүүлж ЧАДЛАА

Монконди брэнд Монголд анх удаа масс чихрийн үйлдвэрлэлийг хөгжүүлж ЧАДЛАА
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 26
Манай улсын чихрийн хэрэглээ дэлхийд өндөрт тооцогддог. Тухайлбал, жилдээ 20 сая кг чихрийг хэрэглэдэг аж. Гэхдээ энэхүү хэрэглээний 90 гаруй хувийг импортын гэх чихэр эзэлдэг. Үүний сацуу дийлэнх нь БНХАУ-ын чанаргүй бүтээгдэхүүн гэдгийг мэддэг ч ЕБС, цэцэрлэгийн ойр орчим хамгийн ихээр борлуулагддаг нь харамсалтай. Тэгвэл Боса Холдинг ХХК дотоодын чихрийн зах зээлд хүч түрэн орж ирж, импортын чихрийн хэрэглээг бага багаар бууруулж ЧАДЛАА. Тэд өнгөрсөн 2020 онд Монголын зах зээлд импортын бүтээгдэхүүнийг орлох масс чихрийн үйлдвэрлэл эрхлэх Моnkondi чихрийн үйлдвэрээ ашиглалтад оруулсан юм.
Энэхүү үйлдвэр нь үндэсний хэв маяг, онцлогийг хадгалсан шар сүүн чихрийг үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. Гол нь Монгол Улсын анхны масс чихрийн үйлдвэрлэлийг бий болгож байгаагаараа чухал юм. Эл үйлдвэрийн онцлог бүтээгдэхүүн шар сүүний чихэр нь өдгөө иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж, олон нийтийн сайшаалыг хүртэж байгаа нь монголчуудад зориулсан амт, чанартай нь холбоотой.
Манай сайт энэ удаагийн ЧАДЛАА буландаа Боса Холдинг ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нандинчимэгийг урьж оролцууллаа.
undefined
-Монконди чихрийн үйлдвэрийг, ер нь чихрийн бизнесээ хэзээнээс яаж эхлүүлж байв?
-Манай групп компанид хүнсний үйлдвэрлэлийн бизнес эрхэлнэ гэсэн зорилго байсан учраас санаа, саналаа гаргасан. Санааны хувьд 2018 онд гарч, 2019 онд төсөл нь бичигдээд тухайн оны арванхоёрдугаар сарын сүүлээр тоног төхөөрөмжүүд Монголд ирээд 2020 оноос төсөл эхэлсэн. Гэхдээ 2020 он "Ковид-19" цар тахал эхэлсэн жил байгаа. Бид гаалиас тоног төхөөрөмжөө үйлдвэр дээр буулгаад л хөл хорионд орсон гэсэн үг. 2020, 2021 он бол төслийн хэрэгжилтийн эхний үе шат байсан ч нэлээд хүндхэн цаг үе болж өнгөрсөн.
-Ковидын үед бүх бизнес шулуухан хэлэхэд модоо барьж байхад яаж тогтов, ямар бэрхшээл гарч байсан бэ?
-Бид нэгд хүнсний үйлдвэрлэл эрхлэх нэг том зорилго, хоёрдугаарт борлуулалтын туршлага дээрээс үндэслээд энэ бизнесийг эхлүүлэх болсон. Ер нь чихэр үйлдвэрлэнэ гэхэд Монгол Улсад бэлтгэгдсэн инженер, технологийн ажилчид ховор байдаг. Тиймээс л тоног төхөөрөмж, технологи, түүхийн эд, ноу-хау гээд бүх зүйлийг импортолж байсан юм билээ.
Тоног төхөөрөмжөө авсан цагаас эхлээд гаднын технологич, экспертүүдийг урьж авчирч ажиллахаар байсан ч ковидоос болоод ирэх боломжгүй болчихсон. Ингээд бид 2-3 сар байдлыг азнаад энэ нь хурдан хугацаанд шийдэгдэх боломжгүй юм байна гэдгийг ойлгож, дотоодоосоо хүний нөөцөө бэлдэж эхэлсэн. Инженер техникийн ажилчид болон чихрийн үйлдвэрлэл дээр ажиллах технологичдоо бэлдэж, гаднын технологичтой онлайнаар холбогдож анхны үйлдвэрлэлээ эхлүүлж  байлаа.
Уг нь төр засгаас хүнсний үйлдвэрлэлээ дэмжинэ, жижиг дунд бизнесийг эхлүүлнэ гэдэг ч бодит байдал дээр дэмжлэг үнэндээ байхгүй. Бор зүрхээрээ л явж байна. Тэр тусмаа хөрөнгө оруулалтын зээл Монгол Улсад бүрэн утгаараа хэрэгждэггүй. Хөрөнгө оруулалтын зээл гэдэг нь тав болон түүнээс дээш жилийн хугацаагаар олгож, тухайн бизнест өгөөжөө өгч эхлэх хүртэл дэмжлэг болоод явах ёстой байтал манайд зээл маш богино хугацаатай байдаг. Иймээс ковидын үе тохиосон, нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалт ярьж байгаа учраас санхүүжилтийн хүндрэлтэй нүүр тулсан. Эхний хоёр жил үнэхээр асуудалтай хэцүү байсан ч гурав дахь жилээс учраа олж эхэлсэн л дээ. Мөн эхний үед гарч байсан бүтээгдэхүүний амт, дизайн, нэр, брендинг гээд олон зүйл дээр алдаж байсан бол гурав дахь жилээс хүмүүс маань ч туршлагажиж учраа олсон.
-Нууц биш бол одоогоор хэчнээн төгрөгийг энэ бизнест зориулаад байна вэ. Зээл авсан уу, ашгаа өгч эхэлсэн үү?
-Манайх өөрийн хөрөнгө оруулалтаас гадна арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр төслөө санхүүжүүлсэн. Компани болон бизнес маань шинэ байгаа учраас төр засгаас тодорхой зээл, дэмжлэг байхгүй. Яах вэ, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас жижиг дунд бизнесийг дэмжих зээл олгогддог. Тэр нь жижиг, дунд гэчихсэн байдаг. Манайх эхний боруулалтаараа л том ААН-ийн тоонд орчхож байгаа учраас ямар ч хөнгөлөлт, зээлд хамрагдах боломжгүй л дээ. Арилжааны банкны зээлд асуудалгүй хамрагдаад явсан ч богино хугацаатай, өндөр хүүтэй болохоор санхүүгийн хувьд бидэнд маш хүнд тусаж байгаа. Ийм зээлийн хүүтэйгээр бизнес хийдэг улс орон Монголоос өөр байхгүй байх.
-Бүтээгдэхүүн, чихрийнхээ талаар яръя. Яагаад заавал шар сүүний чихрийг хийхээр болсон юм бэ. Манайх өмнө нь ийм төрлийн бүтээгдэхүүн хийж байсан туршлага, оролдлого байдаг юм болов уу?
-Нэгд, эхний үед гаргаж байсан чихэр маань импортын чихрүүдтэй шууд харьцуулагдахаар амт чанарын айхтар онцлог, ялгарах зүйл байгаагүй. Нэрний хувьд ч зарим нь гадаад нэртэй, амт нь импортын чихэртэй төстэй байсан. Тэгж явж байгаад бид үйлдвэрлэлээ тогтоож авах, ойлгох гэдэг хугацаа өнгөрсөн. Дараагаар нь Монголд үйлдвэрлэж байгаа юм чинь монгол онцлогоо тусгасан, дотоодоосоо түүхий эдээ хангах боломжтой бүтээгдэхүүн гаргах хэрэгцээтэй юм байна гээд шар сүүний чихрийн санааг гаргасан. Шар сүүний түүхий эдийн тухайд 99 хувь нь дотоодоосоо хангагдаж байгаа. Үүнд цэвэр шар сүү, цэвэр цөцгийн тос ордог.
Шар сүүний чихрийн хувьд шар сүүг боловсруулаад тогтворжуулагч нэмэлт бодис ороогүй, хатуу чихрүүдтэй харьцуулбал сахарын агууламж 50 хувиар бага, пробиотик, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Өмнө нь хатуу шар сүүний чихэр огт хийгдэж байгаагүй. Гэхдээ зөөлөн, масс үйлдвэрлэл биш жижиг өрхийн юм уу, гар үйлдвэрлэлээр шар сүүний бүтээгдэхүүн гарч байсан юм билээ. Масс үйлдвэрлэл гэхээр технологи, үйлдвэрлэх арга барил, гарц, үнэ, брединг хийх гээд маш онцлогтой. Нэг хийчих юм бол зогсолтгүй хэдэн мянган тонноор яригдаж байдаг. Харин жижиг үйлдвэрлэл дээр 50 юм уу 100 кг дээр ямар нэг хариу үйлдэл хийх боломжтой байдаг. Бидний хувьд түүхий эдээ авахаас эхлээд сав баглаа боодлоо захиалахдаа хэдэн мянган тонноор хийдэг тул алдах эрхгүй. Хэрэв амжилт олох юм бол үр дүн нь сайн байдаг. Хүмүүс масс үйлдвэрлэл, жижиг үйлдвэрлэлийг холих гээд байдаг юм. Мэдээж сайн судлаад, сайн тооцоололтой хийх юм бол масс үйлдвэрлэл үр дүн сайн. Тухайлбал, манай нэг бүтээгдэхүүн гарах дундаж хугацаа 8-16 сар байдаг. Шар сүүний чихэр дээр гэхэд л 17 сарыг зарцуулсан байх жишээтэй. Санаанаасаа эхлээд, түүхий эдээ судлаад, туршилт хийхэд энэ хугацааг зарцуулсан гэсэн үг. Жишээлбэл, бид шар сүүний гурван амтыг гаргаад 500 өрхөд судалгаа хийж байлаа. Нэг, хоёр амтлуулаад аав нь, ээж нь, хүүхэд нь ямар сэтгэгдэлтэй байна, хэн нь дуртай, хэн нь дургүй байна гэдэг ч юм уу. Энэ байдлаар олон амтнаас нэгийг нь сонгоод үйлдвэрлэлд оруулсан.
undefined

•     •     •
Энэхүү шар сүүний чихрийг үйлдвэрлэх Монконди чихрийн үйлдвэр нь өдөрт дунджаар 5000 кг хатуу болон зөөлөн чихрийг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Ингэхдээ бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол Монгол Улсын чихрийн зах зээлийн 15 хувийг дангаараа "эзлэх" чадамжтай томоохон масс чихрийн үйлдвэр юм.
•     •     •
-Хүчин чадлын хувьд танайх өдөрт хэр хэмжээг үйлдвэрлэх хүчин чадалтай юм бэ?
-Зөвхөн чихрийн хувьд манайх өдөрт 5000 мянган кг хатуу болон зөөлөн чихрийг гаргаж байгаа. Одоогоор чихрээс өөр төрлийн бүтээгдэхүүн гэвэл молко буюу өтгөрүүлсэн сүү гаргачихсан байна. Молко өөрөө онцлогтой бүтээгдэхүүн. Ер нь, бид шинэ гаргаж байгаа бүтээгдэхүүнээ аль болох Монголоос хамгийн эхний гарал үүсэлтэй бүтээгдэхүүнийг илүү үйлдвэрлэлдээ оруулмаар байгаа. Импорт бол байж болно. Амархан, өртөг хямдхан. Харин дотоосоо илүү оролцоо оруулъя гэхээр биднээс илүү сорилтуудыг шаарддаг. Молког бараг хоёр жилийн ойн дээрээ тулж байж л үйлдвэрлэж байна. Молко ч бас өмнөх бүтээгдэхүүнтэй адил тогтворжуулагч, хүнсний нэмэлт, транс тосгүй, цэвэр цөцгийн тос ашигласан гэдгээрээ онцлогтой. Аль болох органик, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн гаргах нь маш их давуу талтай. Гэхдээ сөрөг тал нь өртөг өндөр, хадгалах хугацаа богино, маш их анхаарал халамж шаарддаг. Шар сүүний чихэр ч тэр, молко ч тэр үнэтэй байгаад байгаа. Үүний шалтгаан нь түүхий эдтэй холбоотой. Сайн түүхий эд ашиглая гэвэл бүтээгдэхүүн чанартай гарч, өртөг өндөр болно. Гэхдээ эдгээр зорилтод бүтээгдэхүүнд ямар ч байсан органик, эрүүл, эх орны түүхий эдийг түлхүү ашиглах зорилгынхоо төлөө нүдээ аниад гүрийгээд л байна. Үүн дээр гаргасан хөрөнгө мөнгө, хүчин чармайлтаа ярих юм бол тоймгүй их. Товчхондоо, ашгаа авч эхлээгүй байгаа ч зорилгодоо хүртлээ тамираа тасартал явна.
quote photo
Шар сүүг хөрсөнд шингээж, асгах нь хөрсийг тэр чигт нь үхүүлдэг байгаль орчинд хортой бүтээгдэхүүн. Үүнийг бид хөрсөнд асгах биш бүтээгдэхүүн болгож байна
Б.Нандинчимэг
-Тэгвэл эхний ашгаа хэзээнээс хүртэнэ гэж тооцож байгаа вэ?
-Бидний ашиг олох хугацааг зохицуулах ганц зүйл байгаа нь хөрөнгө оруулалтын зардал. Хөрөнгө оруулалтын зардал төслийн анхны тооцооллоос давж, ковидын жилүүдэд өртөг маш их өссөнтэй холбоотой өндөр алдагдал хүлээсэн зардал нь өдийг хүртэл яваад байгаа юм. Тэр зардлыг бага хүүтэй зээл эсхүл хөрөнгө оруулалтаар дамжуулан бууруулах боломжтой. Үүнийг л шийдэж хурдан хугацаанд өгөөжөө хүртэж эхлэхээр байна.
Бид 2023 онд задгай чихрийн зах зээлийнхээ зургаан хувийг хангаж ажилласан байна. Уг нь манай хүчин чадал задгай чихрийн зах зээлийнхээ 15 хувийг дангаараа хангана. Тэгэхээр боломж байна. Тэр хэмжээний үйлдвэрлэлийг хийж чадна. Монголын зах зээл 20 сая кг чихэр буюу 40 сая доллар байгаа юм. 40 сая долларын 15 хувь гэхээр долоон сая долларыг дотооддоо авч үлдэх юм бол багагүй амжилт. Мөн өнөөдрийн байдлаар манай Боса Кондитер компани Монконди чихрийн үйлдвэр маань хоёр зүйлийг бүтээгээд байна. Нэгд, цоо шинээр 150 ажлын байрыг бий болгочхоод байна. Энэ хүмүүс Монкондид биш юм аа гэхэд дараа дараагийн үйлдвэрүүдэд ажиллах мэргэшсэн боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаа гэсэн үг. Чихэр гэлтгүй шоколад, өтгөрүүлсэн сүү гээд олон бүтээгдэхүүн дээр ажиллах чадамжтай боловсон хүчнийг бэлдэж байна. Хоёрт, шар сүүний чихэр гэдэг цоо шинэ бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. Монголоос гарч байгаа шар сүүний ашиглалт 0 хувьтай байсан. Шар сүүний өөр бүтээгдэхүүн байдаг ч яг Монголоос гарч байгаа шар сүүг ашиглаад хийсэн бүтээгдэхүүн байгаагүй. Шар сүү өөрөө хадгалалт, боловсруулалтын нарийн горим шаарддаг онцлогтой. Шар сүүг хөрсөнд шингээж, асгах нь хөрсийг тэр чигт нь үхүүлдэг байгаль орчинд хортой бүтээгдэхүүн гэдгийг Дэлхийн банкнаас судалсан байсан. Гэтэл үүнийг хөрсөнд асгах биш бүтээгдэхүүн болгож байгаа нь өндөр ач холбогдолтой. Энэ хоёр зүйл бол бидний өнөөдрийг хүртэл бий болгосон хоёр үнэ цэнтэй зүйл гэж онцолно.
•     •     •
Иргэд олон нийтийн зүгээс эл бүтээгдэхүүнийг үнэ, өртөг өндөр байна гэх асуудлыг тавьдаг байна. Гэвч хөдөө орон нутагт үнэгүй хаягддаг шар сүүг тодорхой стандарт, шаардлагад нийцсэнээр нь үйлдвэр, ААН-ээс авахад нэг литр цэвэр сүүнээс үнэтэй байдаг аж. Иймээс л тухайн бүтээгдэхүүн тодорхой өртөг бүхий бүтдэг байна.
•     •     •

-Мал аж ахуйн улс гээд байгаа манай улс, нэг малчин айл өрх жилд дөчнөө хэмжээний шар сүүг гаргадаг гэдэг судалгаа, шинжилгээг харж байсан болов уу. Тэр шар сүүг л бүтээгдэхүүн болгох гээд байна шүү дээ?
-Бүх айл өрх, жижиг цагаан идээ боловсруулж байгаа цехээс түүж аваад боловсруулна гэдэг нь хэцүү. Энэ бол урт хугацаанд яригдах стратегийн ажил байх. Түүхий эд чанартай байж эцсийн бүтээгдэхүүн чанартай болно. Шар сүү гэдэг чинь сүүн бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр хадгалалт нь ямар орчинд байсан юм, цэвэрлэгээ байсан байгаагүй гэдэг нь асуултын тэмдэг болохоор бид нэг өрхөөс шар сүүг нь авъя гэж хэлж болохгүй байгаа юм. Манай цахим хуудас руу манайд 10 литр, 100 литр шар сүү байна. Үнэгүй өгье гээд байдаг. Үүнд хандаж хэлэхэд манайх чанарын стандарттай болохоор болохгүй. Тиймээс л бид хоёр том аарц, ээдэм хийдэг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээс түүхий эдээ авч байгаа. Мөн хэрэглэгчдээс ирдэг нэг гомдол нь та нар үнэгүй асгаж байгаа шар сүүгээр бүтээгдэхүүн хийж байж яагаад ийм үнэтэй байгаа юм гэдэг. Яг үнэндээ үндсэн аарц хийж байгаа шар сүүг өтгөрүүлээд технологи ажиллагаа нэмээд авч байгаа. Тэр шар сүү нэг литр нь цэвэр сүүнээс үнэтэй байдаг. Энэ нь органик түүхий эд гэдэг утгаараа маш үнэтэй. Мөн Монгол Улсад тээвэрлэлтийн зардал өндөр байна. Тухайлбал, сүүгээр аарц хийгээд үлдсэн шар сүүгээ тусгай үйлдвэрийн төхөөрөмжөөр явуулсны дараа манайд ирнэ. Ирсний дараа бид дахин боловсруулалт хийдэг гэдгийг хэрэглэгч ойлгохгүй, ойлголтын зөрүү гардаг. Бидний  хувьд сүүг ээдүүлээд гаргаж авч байгаа шар сүүний 1-3 хувийг нь чихэр болгож авч байгаа. Тэгэхээр цаана нь 97 орчим хувь нь ууршиж, хасагдаж байгаа гэсэн үг. Гэхдээ 1-3 хувь болготол маш их процесс хийгддэг.
Шар сүүг асгаж байгаа юу гэвэл асгаж байгаа. Түүнийг ашиглаж байгаа юу гэвэл ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс цаашид шар сүүгээр гаргах бүтээгдэхүүнээ нэлээд сайн төрөлжүүлэх зорилго тавьж байна. Шар сүүний чихэр дотоодод гэлтгүй гадаадын иргэдэд маш их таалагддаг. Тэд энэ бүтээгдэхүүнийг чинь авъя, манайд нийлүүлээч гэх саналыг байнга ирүүлдэг ч өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлээ л хангаж чадаж байгаа. Иймээс гадагшаа гаргах хэмжээний үйлдвэрлэл эрхлэхэд арай бэлэн биш байна.
-Төрөлжүүлнэ гэхээр ямар төрлөөр, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү?
-Жишээлбэл, шар сүүний резинэн чихэр, иштэй чихэр байж болно. Эсхүл шар сүүн дээрээ аньс, чацаргана гээд жимсний зарим нэмэлтийг хийж болно.
-Түрүүн та туршилт хийхдээ гэр бүлийн гишүүд тус бүрд нь ямархуу амтагдаж байгаа гэдгийг судалсан гэж байсан. Шар сүүнээс гаргаж авсан энэ амт зөвхөн монголчуудад зориулсан амт мөн үү эсхүл бусад улсынханд ч, бүх насныханд ч тааламжтай юу?
-Ер нь, Монголд хийсэн судалгаанаас харахад өсвөр насныхан болон түүнээс доош насныхан төдийлөн таашаахгүй байгаа. Хүчээр идээч гээд чихрийг нь солиод өгөхөөр идэхгүй. Яах вэ, сонголтгүй тохиолдолд хэрэглэж байна. Давтан хэрэглэдэггүй гэсэн үг. Залуучууд болон түүнээс дээшээ насны хязгааргүй, яс үндэс, хүйс харгалзахгүй бүх хүн дуртай байгаа. АНУ, Ази, Европ руу явуулахад бүгд тааламжтай хандаж, давтан хэрэглэх хандлагатай байна. Монгол сүүний онцлог өтгөн, эхүүн амт байдаг шүү дээ. Бид бодохдоо гаднынхан, европууд таалахгүй юм байна гэж байсан ч дахиж явуулаач, дахиж авмаар байгаагаа илэрхийлээд байна. Тэр байтугай Америкийн том оффисууд дотоод хэрэглээндээ авъя гэдэг саналыг явуулсан. Тэгэхээр ингэж гадагшаа гарахад хүмүүс таатай байх ч зах зээлд нэвтэрнэ гэдэг тусдаа том прожект болно.
Монконди
Монконди
-Танайх төслөө хэдий хугацаанд байхаар төлөвлөсөн юм?
-Төслийг анх гурван жил гэж төлөвлөж байсан ч одоо таван жил л болох гээд байх шиг байна. Тэгэхээр 2024 он бидний төлөвлөснөөр дуусах юм бол төсөл хаагдаж, бие даасан бизнес болоод явна гэсэн үг. Одоо төслийн шатандаа маш их туршилтыг хийгээд явж байна.
-Худалдан авалт, борлуулалтыг ямархуу хэлбэрээр явуулж байна?
-Борлуулалтын хувьд Монгол Улсад байгаа бүх худалдааны цэгт хүрч ажиллахыг зорьж байна. Одоогоор тархалт 60-70 хувьтай явж байгаа. Сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, найман нэрийн дэлгүүр, зах худалдааны төв, хот хөдөө орон нутаг гээд бүх газар түгээлтээ хийгээд явж байна.
-Цаашдын амбиц?
-Амбиц бол дэлхийд гарах шүү дээ. Бид чихрийн үйлдвэрлэлээ яаж явуулах вэ гэдэг учраа олчихсон. Тиймээс үүнийгээ хөгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, нэг бүтээгдэхүүн гаргахдаа хэнд зориулж хийх юм, ямар сав баглаатай, нас нь хэдтэй, өртөг нь хэд байх юм, худалдах хүн хэн байх юм, хаана борлуулах юм, хэнтэй өрсөлдөх юм гээд нарийн тооцоолж төсөл болгож ажилладаг л даа. Одоогоор бид дотооддоо л ажиллаж байна. Гэтэл дэлхийд гарна гэдэг маань чихрийн үйлдвэр байгуулахтай адилхан том хэмжээний прожект болж гарах ёстой. Дараагийн том мөрөөдөл дэлхийд гарах л байна. Гэхдээ энэ бол алс холынх гэж бодохгүй байна. Маш ойрхон дөхөөд ирчихсэн байгаа.
Ази гэлтгүй Европоос бүтээгдэхүүн авъя гэдэг санал ирээд байна. Тиймээс бид дотооддоо бэлтгэл ажлаа хангах ёстой. Нэг л сүлжээнд орох юм бол бид тасалдал үүсгэх эрх байхгүй шүү дээ. Гадагшаа гарна гэдэг дотооддоо зарж байгаа бүтээгдэхүүнээ гадагшаа ачаад явуулахын нэр биш. 2024 он бол үүний бэлтгэл ажлыг эхний шат байх болов уу гэж харж байна. Дээрээс нь хэлэхэд өөрсдийн үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнээ нэлээд сайн төрөлжүүлэх төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжид молко, дараагийн ээлжид шоколадыг нарийн боовны цех, жижиг, дунд чихэр чихрийн төст бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийн шоколадны түүхий эдийг нийлүүлэх боломжтой болж байна. Мөн хавтгай шоколадыг үйлдвэрлэх төсөл эхэлчихсэн 2024 онд зах зээлд гарахаар байна. Шоколадны кремийн төсөл, судалгааны ажил явагдаж байгаа.
-Төрөлжүүлэхдээ түүхий эдээ гаднаас авна гэсэн үг үү. Монголд шоколадны түүхий эд олдоц хэр байдаг юм?
-Бид бүх зүйлийг өөрсдөө хийхгүйгээр аль болох кластер хөгжлийг зориод байгаа юм. Бидэнд олон нийлүүлэгч байвал сайн. Бүгдийг өөрсдөө хийх гэж огт зорихгүй. Бид эцсийн бүтээгдэхүүнийг гаргах гэж л зорино. Бидэнд шаардлагатай байгаа түүхий эдийг дотоодын үйлдвэрүүд нийлүүлэх юм бол  нээлттэй ч хамгийн гол нь чанар, стандарт, тогтвортой байдлыг чухалчилж үзнэ. Жишээлбэл, шар сүүн дээр тогтвортой нийлүүлэгч олох гэж маш их судалгаа хийсэн. Бидний шаардлагыг хангасан харилцагч үнэхээр олдохгүй байсан.
Төрөлжүүлэх тал дээр нэмж хэлэхэд, 2024 онд яригдаж байгаа эмийн ургамалтай чихэр байна. Заавал эмчилгээний биш юм аа гэхэд эмийн төст чихэр гэсэн үг. Монголоос гаралтай маш үнэтэй, маш ховор эмийн ургамал байгаа шүү дээ. Энэ ургамлуудыг ашиглаад эмийн төст чихэр хийдэг болчихмоор байна. Ер нь, дотоодоос аль болох түүхий эдээ ашигладаг болмоор байна.
Монконди
Монконди
-Шар сүүний чихэр нь нэг талаараа эрүүл мэндийн бүтээгдэхүүн болоод байх шиг. Тиймээс уураг болон бусад ашигтай зүйлсийг нь хэмжүүлж, шинжилгээнд өгөх гэж байгаа гэж байсан. Тэр шинжилгээний хариу нь ирсэн үү. Хариу нь юу гэж гарсан бэ?
-Тэрний хариуг бид тэсэн ядан хүлээж байгаа. Хариу нь арай ирээгүй байна. Тун удахгүй ирнэ.
-Ер нь, чихрийн бизнес ямархуу байна вэ, ажиллахад сонирхолтой салбар байх шиг байна?  
-Жилд 20 сая кг чихрийг гурван сая иргэндээ хуваахаар нэг хүн жилд бараг 10 орчим кг чихэр идэх гээд байгаа юм. Миний чихрийн хэрэглээ 10 кг биш. Тэгэхээр миний идээгүй чихрийг өөр нэгэн идэж байна гэсэн үг шүү дээ. Ингээд харахаар энэ зах зээл том, дээрээс нь монголчуудын чихрийн хэрэглээ их байна.
40 сая доллар гадагшаа явуулж байна гэхээр зах зээл нь том ч улсын хувьд бага дүн байх. Гэхдээ зөвхөн нэг үйлдвэр зах зээлийн 6-7 хувьд ажиллахад 150 ажлын байрыг бий болгож, татвар төлж байна гэж үзвэл ялт ч үгүй зөв салбартаа, зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Монконди
Монконди
Монконди чихрийн үйлдвэрийн тухайд ийм тоо хэмжээгээр зах зээлд үйлдвэрлэж байгаагаараа анхдагч. Өмнө нь манай улсад Талх Чихэр ХК хатуу чихрийг үйлдвэрлэж байсан удаатай. Гэхдээ тэр үеийн тоо хэмжээ бол одоо маш багад тооцогдох юм. Ийнхүү Монгол Улсад анх удаа масс чихрийн үйлдвэрлэл хөгжиж, тэд бүтээгдэхүүнээ амжилттай олон нийтэд хүргэж ЧАДЛАА.
Сонирхуулахад, Монконди чихрийн үйлдвэр нь сар шинийн баярыг угтан монголын анхны АI-аар бүтээсэн загвартай ХӨХ ЛУУ бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд өдгөө дөрвөн үзэсгэлэн худалдаанд амталгаат болон урамшуулалт худалдааг хийж байна.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн