Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Сурвалжлага: Махны үнэ тогтвортой, ууцны мах 240-300 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна

Сурвалжлага: Махны үнэ тогтвортой, ууцны мах 240-300 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 16
Өвлийг өнөтэй давсны баяр болох Цагаан сар хаяанд иржээ. Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1 хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож буй. Хэдий Цагаан сарын баярын бэлтгэл ажилд зарцуулах өртөг нь иргэдийн амьдралд тодорхой дарамт үүсгэдэг ч манай улсын хамгийн том уламжлалт баяр тул хэн бүхэн идээ будаа элбэг дэлбэг тэмдэглэн өнгөрүүлэхийг хүснэ. Цагаан сарын ширээний гол хүнс болох ууц, өвчүүний үнэ өртөг, худалдан авалтын талаар Хүчит шонхор захаас сурвалжиллаа.
Хүчит шонхор
Хүчит шонхор
Хүчит шонхор зах баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөлд аль хэдийнэ дарагджээ. Тус зах нь хөдөө орон нутгийн иргэд махаа борлуулах, нийслэлийн ААН, иргэдийн өдөр тутмын хэрэглээний мах, махан бүтээгдэхүүнээ цуглуулдаг гол газар юм.
Ийн Хүчит шонхор захын дотогш орж, ууц өвчүү борлуулах хэсэгт очиход худалдаачид болон орон нутгийн иргэд ууц, өвчүүгээ машинд ачиж, түүн дээрээсээ худалдаалж байлаа. Үнийн хувьд ууц 160-480 мянган төгрөгийн үнэтэй, дундаж нь 240-300 мянган төгрөг, том нь 300-аас дээш мянган төгрөг байгаа бол өвчүү кг нь 12-15 мянган төгрөг, нийтдээ 15-35 кг-тай өвчүү байгаа аж. Уг нь өнгөрсөн жилээс үнэ өсөөгүй ч худалдан авалт тааруу байгаа гэдгийг худалдаачид дурдаж байв.
Өвчүү
Өвчүү
Худалдаачин 1: Би Дундговь аймгаас цөөн хэдэн “юм”-тай ирсэн. Энэ жил говь нутгаар зуншлага сайхан байсан шүү дээ. Гэхдээ аль ч аймгийн мал тарган л байх шиг байна. Худалдан авалтын хувьд өнөөдөр хүн ихтэй байна. Тэрнээс өчигдөр огт хүнгүй байсан. Ер нь тааруухан байгаа. Өвөлжөө, хаваржаа хүндэрч магадгүй гэдэгтэй холбоотойгоор хүмүүс гайгүйг нь ууц болгож, жаахан таарууг нь гулууз мах болгож хоёр янзаар махаа бэлдэж ирсэн байх шиг байна. Хүмүүс дундаж буюу 300 орчим мянган төгрөгт тохирох ууцны мах хайж байна. Уг нь 200 гаруй мянгын ууц байгаа. Гэхдээ авахгүй байна.
Худалдаачин 2: Өнөөдөр жаахан муу байна. Өчигдөр арай дээр байсан. Хүмүүс мөнгөнийхөө боломжоор л авч байна. Дунджилбал 200 гаруй 300 мянгад л хайж байна. 180, 240, 360 гээд янз янзын жижиг, том ууц байна. Миний зарж байгаа ууцнуудаас хамгийн дээд тал нь 380 мянга гэж байгаа. Гэхдээ үүнээс том нь бусад хүмүүс дээр 400 бараг 500 мянган төгрөг хүрсэн байгаа байх. Бас ус шахсан, хөөлгөсөн зүйл гэж байхгүй. Юу гэж хүмүүсийн ярьдаг шиг ус шахаад хэдэн зуун км-ын цаанаас авчрах билээ.
Худалдаачин 3: Худалдан авалт иргэдийн орлогоос хамаарч янз янз байна. Иргэд 22-25 кг-тай л мах хайгаад байна. Гэтэл малын дундаж жин багасчихсан шүү дээ. Ихэвчлэн л 21 кг-тай байгаа. Хүмүүс тэрийгээ хайж эргэлдээд л яваад байна. Эргэлдэж байгаад эхнийх дээрээ л буудаг юм даа гэлээ. Тэдний хувьд тус зах дээр 2-7 хоног, 10-аас дээш махтай ирсэн аж. Мөн ихэвчлэн өдөрт 5-6 ширхгийг худалддаг байсан бол өдрийн туршид нэгийг л зарах тохиолдол байгаа
Харин иргэдийн тухайд үнэ өртөг өнгөрсөн жилийнхээс өссөн. Өмнө нь авдаг байсан дундаж хэмжээтэй ууц, өвчүүг 20-50 зөрүүтэй авч байна гэдгийг дурдаж байлаа. Түүнчлэн, ууцыг зөвхөн настнууд тавьдаг, өвчүүг эмэгтэйчүүд тавьдаг гэдгийг үгүйсгэж, нас залуу ч гэсэн ууц тавихаар зэхэж байгаа гэдгийг хэлж байв. 
Мөн Цагаан сарын баяраар тавих ууц, өвчүүнээс гадна буузны махаа Хүчит шонхор захаас худалдан авах иргэд ч байв. Ингэхдээ үхрийн мах кг-аар авах нь харьцангуй үнэтэй тусаж байгаа тул  хонь, ямааны махыг бүтэн гулуузаар нь авах болжээ.
undefined
Өнөөдрийн байдлаар Хүчит Шонхор захад:
-Үхрийн ястай мах 12500 төгрөг
-Үхрийн цул мах 13500-14500 төгрөг
-Адууны мах 10500-11500 төгрөг
-Ямааны мах 9000-9500 төгрөг
-Хонины мах 9800-10000 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.
Ууц
Ууц

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн