Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ч.Очирбат: Луу жил залуу хүмүүст маш сайн, ажил үйлс дэлгэрсэн жил байна

Ч.Очирбат: Луу жил залуу хүмүүст маш сайн, ажил үйлс дэлгэрсэн жил байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 12
XXVI жарны уламжлалт Цагаан сарын баярын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож буй. Энэ жил “Хилэнт-Эх” хэмээх модон луу жил гарч байгаатай холбогдуулан жилийн ерөнхий төлөв байдлын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас тодрууллаа.
-Энэ жилийг тодорхойлж буй “Хилэнт-Эх” хэмээх нэр ямар учиртай вэ?
-Хилэнт-Эх хэмээх ёгт нэр нь гарч буй жилд мэсний аюул гарч болзошгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тодруулбал, энэ нь болзошгүй аюул ослоос сэргийлэх, нөгөө талаар иргэд, малчид мал хуйдаа зориулж өвс ургамлаа сайн базаах, жилийн ном заслаа анхаарч  хийлгэх хэрэгтэй гэсэн далд утга илэрхийлнэ.
-Модон луу жилийн шороон үхрийн зурлага ямар байх вэ?
-Шороон үхрийн зурлагаар энэ жил улс орон амгалан тайван, өвс ургамал дэлгэрсэн сайхан жил болно. Хаврын гурван сар болон улирлуудын эхээр салхи ихтэй байх ч өндөрлөг газар, голын эх, ай сав хөндийгөөр өвс ургамал элбэг тариалан сайн байна. Онцлох зүйл гэвэл энэ жил малчдын хувьд ээлтэй малд сайн жил гарч байгаа. Учир нь ноднин жилийн шороон үхрийн зурлагаар малд хатуу жил гэж бууж байсан ба тухайн хавар олон мал зудад үрэгдсэн, малчид мал хуйдаа ихээхэн сэтгэл зовсон жил болж өнгөрсөн. Үүнээс шалтгаалан 2023 оны шороон үхрийн зурлага нийцсэн үйл явдал боллоо гэж харж байгаа. Энэ жилийн шороон үхрийн зурлагаар эрэгтэй хүн яарч явж буй дүрслэлтэй зураг гарсан нь залуу хүмүүст маш сайн ажил үйлс дэлгэрсэн жил байна хэмээн ажиглагдаж байна. Мөн хүүхэд нялхаст ээлтэй настанд ширүүн гэж гарсан.
undefined
-Энэ жил анхаарвал зохилтой ямар жилтнүүд байна вэ?
-Энэ жилийн харш жил бол нохой жил. Тиймээс харш жилийн заслаа хийлгэх шаарлагатай. Мөн энэ жилийн цагаан жилийн засал хийлгэх хүмүүс бол могой жилтнүүд. Могой жилтнүүд жил нь орсноор сэтгэл санааны хямралд өртөх, бие тавгүйтэх, муу бодол орж ирэх шинжтэй тул онцгой анхаарах хэрэгтэй.
-Тухайн гарч буй жилд төрсөн хүмүүсийг монголчууд жил нь орох гэж ярьдаг. Луу жилтнүүд онцгойлон ямар үйл, засал ном хийлгэх хэрэгтэй вэ?
-13, 25, 37, 49, 61, 73, 88, 97 настай луу жилтэй хүмүүс жил орсны засал хийлгэхээс гадна ивээл жилийн засал хийлгэвэл зохилтой.
-Энэ жил битүүний өдөр тасарсан гэсэн. Тэгэхээр битүүлэхгүй гэсэн үг үү. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Сарны тооллоор өдөр нэмэгддэг, тасардаг сарны явдал байдаг. Үүгээр тооцвол энэ жил битүүний өдөр тасарч байгаа. Гэхдээ хоёрдугаар сарын 9-ний өдөр битүүний өдөр болдгоороо болно. Битүүний өдөр байхгүй боллоо гэсэн буруу ойлголт авахгүй байхыг хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Эрдэнэзаяа
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн