Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан. Өргөн барьсан цагаасаа “Гадаадуудад Монголын газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль батлуулах гэж байна” гэх дайралтад өртөж, хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр эл асуудал дахин сөхөгдөж эхэллээ.
Манай улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай болж байсан. Дараа нь 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болсон түүхтэй. Одоо 2013 оны Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж мөрдөж буй. УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг баталбал өнөөгийн дагаж мөрдөж байгаа хууль хүчингүй болно.
Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулиудад гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлэх, ашиглах тухай ямар тодорхой заалтууд багтсаныг Эдийн засаг, хөгжлийн яамнаас тайлбарлажээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдад газар олгох асуудлыг хүчин төгөлдөр хоёр өөр хуулиар зохицуулж байна
- “1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдахдаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний хугацаа үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхын нөхцөлөөр нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж заасан байна.
Үүний дараа 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болсон байна. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгт Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгахаар зохицуулсан байна. Энэ нь 2002 онд батлагдсан Газрын тухай хууль болон, Үндсэн хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эзэмшүүлэх зохицуулалтыг хасч ашиглуулах зохицуулалтыг хэвээрх үлдээсэн нь Үндсэн хуулийн зарчимд нийцсэн.
Нүүрсний сонсголын үеэр Б.Энхбаяр гишүүний Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн гэх асуудлыг эргэн харвал гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах асуудлыг хоёр өөр хуулиар хоёр өөр байдлаар зохицуулсан байна. Энэ мэт ойлгомжгүй нөхцөл байдал хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд хамгийн төвөгтэй байдлыг авчирдаг. Энэ асуудлыг хууль тогтоогчид нэг талд шийдэх, улс эх орноо хөгжлийн гацаанаас гаргах хэрэгтэй” гэж тайлбарлав.
Доорх слайдаас он оны зохицуулалтыг харна уу.
