Манай улсад хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж буй. Тэгвэл энэ удаад эмэгтэйчүүдийн дунд тархац өндөр байгаа умайн хүзүүн хорт хавдрын талаар Улаанбаатар медика эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Клиникийн профессор Ж.Сарангэрэлтэй ярилцлаа.
-Умайн хүзүүн хорт хавдар манай улсад их байгаагийн шалтгаан нь яг юу байна вэ?
-Умайн хүзүүн хорт хавдрын үндсэн үүсгэгч нь хөхөнцөр вирус. Хөхөнцөр вирусийн нийт 150 төрөл байдаг юм. Үүнээс өндөр эрсдэлийн 14 вирусийг сүүлийн үеийн судалгаагаар гаргачхаад байна. Ерөнхийдөө хөхөнцөр вирус гэдэг бол ковидын вирустэй төстэй вирус байдаг. Дээр дурдсан 150 вирус дунд зарим хоргүй чанарын вирус нь арьс нь дээр үү хүртэл үүсгэдэг хэлбэр байдаг. Хорвуу чанартай вирус нь савны амсар дээр умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг. Одоогоос тав, зургаан жилийн өмнө хөхөнцөр вирусийг бэлгийн замаар л халддаг гэж үздэг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар хүрэлцэхүйн замаар буюу арьс арьсаар шүргэлцсэн тохиолдолд халдана гэсэн судалгаа гарсан. Харин 18, 16, 33, 38 гэсэн төрлийн хөхөнцөр вирусийг бэлгийн замаар халддаг гэж үзэж байгаа.
2018 онд дэлхийн хэмжээний судалгаа хийхэд монгол хүний хувьд умайн хүзүүн хорт хавдрын нас баралтын түвшингээрээ Африкийн ард орж байна. Харин Монгол Улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын 2021 статистикаар нийт хавдрын 30.3 хувийг элэг, 11 хувь буюу 312-г умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Үүний үндсэн шалтгаан нь хөхөнцөр вирус гэж үзвэл урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Анх бэлгийн харьцаанд орох үед хөхөнцөр вирусийг авсан гэж үзвэл 5-20 жил хугацаанд тээгч болж, тэр хугацаанд хавдар үүсэж болно. Тэгэхээр вирусийг аваад шууд хавдар болчихдоггүй. Үүнийг хавдар болоход нөлөөлдөг зүйл нь тамхи. Хэрэв тухайн хүн өөрөө юм уу, нөхөр нь тамхи татвал, дархлаа сул байвал вирусийг байнга идэвхтэй байлгаж умайн хүзүүг гэмтээснээр хорт хавдрыг үүсгэдэг. Түүнчлэн, энэ вирус нь зөвхөн умайн хүзүүн хорт хавдар үүсгэдэг вирус гэж үзээд нэлээд хэдэн жил ярьсан ч сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй хүнд улаан хоолой, шулуун гэдэсний хавдар үүсгэдэг гэж гарсан. Тиймээс дэлхийн чиг хандлага эхлээд эсийн шинжилгээгээр умайн хүзүүн хорт хавдрыг илрүүлнэ гэдэг байсан. Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс сорьц авч микроскопоор шинжилдэг шинжилгээгээ юм. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар энэ шинжилгээ нь хоёр хүний нэгийг нь илрүүлдэг болж таарсан. Тэгэхээр хөхөнцөр вирусийг илрүүлэх шинжилгээ нь хамгийн гол шинжилгээ болж байгаа хэрэг. Гаднын оронд охид, залуу хүмүүс өөрөө өөрөөсөө шинжилгээ авдаг болсон. Тухайлбал, өөрсдөө тестээр үзээд ч юм уу, лабораторид аваачиж өгөөд өөр өөрөөсөө шинжилгээ авдаг өндөр эрсдэлийн бүлгийн вирусийг илрүүлэх тестүүд бий болчихсон байгаа. Манай орны тухайд яг одоогоор энэ төрлийн тестүүд байхгүй. Гэхдээ хөхөнцөр вирусийн илрүүлэг байгаа ч улсын эмнэлгүүдэд хийгдэхгүй байгаа учраас цөөхөн хүнд хийгдэж байна. Уг нь вирусийн тоо нь 16, 18 гээд ямар хэлбэр нь байна гэдгээс хамаарч өндөр, бага, хорт хавдрын эрсдэлийн вирус гэж ангилаад хяналтын хугацаагаа холдуулж, ойртуулдаг. Гэтэл манай улсад хийж байгаа гол шинжилгээ нь эсийн шинжилгээ. Огт илрүүлэхгүй байснаас эсийн шинжилгээгээ хийгээд хоёр хүний нэгийг нь илрүүлж байгаа нь зөв болж байна.
-Урьдчилан сэргийлэлтийн тухайд та уншигчдад зөвлөгөө өгнө үү?
-Урьдчилан сэргийлэлт дээр өсвөр насны хүүхдэд вакцин хийх дэлхийн чиг хандлага бий. Дөрөвт, зургаат, ест гээд янз янзын вакцин байна. Эдгээрээс дөрөвт вакцин нь манай улсад ороод ирчихсэн ХСҮТ-д хийж байгаа. Залуучууд сайн дураараа хийлгэж болно гэсэн үг. Мөн бэлгийн харьцаанд орохоос нь өмнө 9-13 насны хүүхдэд вакциныг хийж болно. Бэлгийн харьцаанд орсон ч хөхөнцөр вирусийн шинжилгээ өгөхөд ямар нэг вирус тээгдээгүй, ганц хоёр вирус илэрсэн байвал вакцин хийлгэх бүрэн боломжтой. Ингэснээр бусад вирусийн халдварыг авахгүй, халдвар үүсэх эрсдэл багасна гэсэн үг. Энэ бол анхдагч урьдчилан сэргийлэлт. Дэлхий дахинд вакциныг зөвхөн охидуудад гэлтгүй 9-13 насны хөвгүүдэд ч хийж байна. Учир нь улаан хоолой, шулуун гэдэсний хавдраас сэргийлж байгаа юм. Тэгэхээр хөхөнцөр вирус, умайн хүзүүн хорт хавдар манай улсад их байна гэдэг нь ходоод, улаан хоолойн хорт хавдар байгаатай холбоотой. Ходоодны хавдраар Монгол Улс дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Охид, хөвгүүд вакцин хийлгэх юм бол анхдагч урьдчилан сэргийлэлт хийсэн гэж үзэж болно. Тиймээс эмэгтэй, эрэгтэй хүүхдэд хоёуланд нь хийх хэрэгтэй.
Харин анхдагч урьдчилан сэргийлэлтийг хийж чадаагүй бол эмэгтэйчүүд тодорхой хугацаанд хөхөнцөр вирусийн илрүүлгийг хийлгэж, эмчид үзүүлж умайн хүзүүгээ шалгуулан улайлт, үрэвсэл байгаа эсэх, эмчилгээ үйлчилгээ хийлгэх үгүйдээ анхаарах хэрэгтэй. Үгүй бол хавдар гэдэг өвчин ямар ч зовуурь байдаггүй. Хэдийд зовуурь илэрдэг вэ гэхээр гурав, дөрөвдүгээр шатад цус алдахад л илэрдэг. Тэгээд эмчээ би цус алдаад байна гэж ирээд үзүүлэхэд умайн хүзүүн хорт хавдрын дөрөвдүгээр зэрэгтэй болчихсон байдаг. Тэгэхээр умайн хүзүүн хорт хавдрын гол зүйл нь урьдчилан сэргийлэх үзлэг.
Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь эсийн шинжилгээ болон хөхөнцөр вирусийн илрүүлэг. Хэрэв хөхөнцөр вирус илрэх юм бол 18, 16, 31, 33-ын аль вирус гэдгээс хамаарч зургаан сар, жилд нэг үзүүлээрэй, үрэвслээ эмчлүүлээрэй гээд эмчийн хяналтад явах хэрэгтэй болно. Ингэх юм бол хавдар болохоос өмнө илрүүлж, умайн хүзүүг өөлөх эмчилгээг хийдэг юм. Миний хувьд сүүлийн 8-9 жил умайн хүзүүний эрт илрүүлэг дээр ажиллаж байгаа. Одоогоор 200 гаруй хүнд өөлөх эмчилгээ хийж, хяналтдаа 100 гаруй хүнийг аваад явж байна. Миний хувьд охид, хөвгүүдийг өсвөр насанд нь вакциныг хийлгэ, вакцин хийлгээгүй бол эсийн болон хөхөнцөр вирусийн шинжилгээгээ хийлгээд ямар нэг байдлаар тогтмол үзүүлж, эмчилгээ хийлгээрэй гэж зөвлөхөөр байна.
-Вакциныг хийлгэж болохгүй заалт гэж байх уу. Ямар нэг эм тарианд харшлах хүн гэж байдаг шүү дээ. Тэр хүмүүс яах вэ?
-Одоогоор вакцин дээр хориглосон заалт байхгүй ч бусад вакцинаас харшилтай, маш харшламтгай хүмүүст хийхгүй байж болно. Гэхдээ дэлхийн ихэнх оронд 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд хийхгүйгээр эсрэгээрээ залуу хүмүүст л хий гэж байна. 30-аас дээш насныханд илүү хяналт тавиад явсан дээр гэж үзсэн хэрэг л дээ. Мөн зарим улс, тухайлж хэлбэл Австрали улсад 30 нас хүрсэн ч хөхөнцөр вирус илрээгүй бол хийлгэж болохоор байна.
Ж.Сарангэрэл
-Ер нь ннэ хөхөнцөр вирус гэж яг юуг хэлээд байна вэ?
-Хөхөнцөр вирус гэдэг нь хэлбэрээсээ л болж байгаа юм. Ковидын вирустэй ижил хэлбэртэйг нь хөхөнцөр вирус гэж болно.
-Шинж тэмдэг илрэхгүй учраас мэргэжилтнүүд гурав, зургаан сар тутамдаа үзүүлж, эмчилгээ үзүүлэх хэрэгтэй гээд байгаа шүү дээ. Гэтэл хөдөө орон нутагт байдаг ч юм уу эсхүл зав зай муутай, хайнгадуухан иргэдийн тухайд тэр бүр тогтсон хугацаанд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд байдаггүй. Тэгэхээр яг яах ёстой болж таарч байна вэ?
-ДЭМБ-ын зөвлөмжөөр эсийн шинжилгээг гурван жил, хөхөнцөр вирусийн шинжилгээг таван жил тутамдаа өг гэж байгаа. Хэрэв хөхөнцөр вирусийн шинжилгээг нэг удаа өгсөн бол таван жилдээ харьцангуй гайгүй явж болно. Эсхүл бэлгийн хамтрагчаа сольсон бол давтан өгч болно. Тэгэхээр хүн таван жилдээ нэг үзүүлэхэд бололцоотой шүү дээ. Нэг үзүүлэхдээ хөхөнцөр вирусээ илрүүлээд байна, байхгүй гэдгээ мэдчихсэн тохиолдолд тухайн хүн сэтгэл амар байж болно. Хэрэв хөхөнцөр вирус байгаа тохиолдолд зургаан сар тутамдаа үзүүлэх ёстой. Ингэж хяналтад байгаа хүмүүс хөхөнцөр вирус илэрсэн байдаг ч дан ганц нэг вирус илэрдэггүй. Ихэнх нь хоёр гурван вирус хавсарсан байдаг.
Тэр дундаа 16, 61, 82 гэсэн вирусийн төрөл байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ вирус олон байх тусмаа хавдар үүсэх эрсдэл өндөр байна гэсэн үг. Дэлхий дахинд 30-аас дээш насныхан эсийн шинжилгээ өг гээд байна. Гэхдээ монголчуудын хувьд гэрлэлт, бэлгийн харьцаанд орох нас харьцангуй эрт байгаа. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар бэлгийн харьцаанд орсноос хойш гурван жилийн дотор хөхөнцөр вирусийн шинжилгээг өгнө гэсэн байгаа. Тэгэхээр заавал 30 насыг хүлээхгүйгээр бэлгийн харьцаанд ороод гурван жил болчихсон бол хөхөнцөр вирусийн шинжилгээгээ хийлгээд явахад л болно.
-Өмнө нь бэлгийн замаар л вирус халдана гэдэг байсан чинь арьсаар, хүрэлцэхэд дамжина гэдгийг тогтоосон гэж байна шүү дээ. Тэгэхээр хүрэлцэх гэдгийг яаж тодорхойлж байна вэ?
-Зүгээр гар барихыг хүрэлцэх, шүргэлцэх гэж тооцохгүй. Харин бэлэг эрхтнээрээ шүргэлцэхийг хэлж байгаа юм. Бэлгийн харьцааны маш олон хэлбэр байгаа шүү дээ. Жишээлбэл, аман секс гэдэг нь хүртэл халдаах бололцоотой.
-Умайн хүзүүн хорт хавдар үүсэх хугацаа нь янз янзын байгаа байх. Гэхдээ манай улсад хэр хэмжээний хугацаанд зонхилж хавдар үүсэж байна вэ?
-Үүсгэгчийн тооноос шууд хамаарна. Нэг үүсгэгч байх юм бол харьцангуй удаан. Хоёрт, 16, 31, 33 эсхүл 81, 62-ын аль хэлбэр нь гэдгээс хамаарна. Хэрэв 18, 16, 31, 33 байх юм бол хугацаа ойрхон байдаг. Тав, арван жилийн хугацаанд үүснэ гэсэн үг. 61, 62, 52, 53 гэдэг хэлбэр байвал 20 жилээр холдоно. Вирусийн умайн хүзүүгээ гэмтээх гэмтэцтэй холбоотой байдаг юм.
-Эмчилгээний тухайд яривал?
-Урьдчилан сэргийлэлт бол вакцин. Харин эмчилгээний тухайд эмийн эмчилгээ гэж байхгүй. Яах вэ, вирусийн эм уугаад хурдцыг сааруулна гэдэг ч төдийлөн үр дүнгүй байх. Эсрэгээрээ эрт илрүүлэг, өөлөх эмчилгээ үр дүнтэй. Өөлөх эмчилгээ бол 95 хувийн эдгэрэлтэй байдаг юм. Гэхдээ өөлөх эмчилгээ хийлгэсэн ч гэсэн 10 жил тухайн хүн хяналтад явна.
-Хавдар дахидаг шүү дээ. Умайн хүзүүн хорт хавдар хэр дахих магадлалтай байдаг юм бэ?
-Бид хавдар болохоос өмнө өөлөх эмчилгээг хийж байгаа. Хавдар болсон тохиолдолд умайн хүзүү тайрах, сав авах эмчилгээг хийдэг. Нэгэнт эрхтэн авчихсан тохиолдолд хавдар дахихгүй. Харин өөлөх эмчилгээ хийчихсэн, вирус хадгалагдаад үлдсэн тохиолдолд дахих нь бий. Гэхдээ маш цөөн тохиолдолд.
-Умайн хүзүүн хавдартай хүн өөр нэг хавдраар өвчлөх нь ажиглагддаг шүү дээ. Энэ тал дээр таны байр суурь?
-Ялангуяа эмэгтэйчүүдийн хавдрын нэг хавдраар нь өвчилсөн бол нөгөө хавдраар нь өвчлөх эрсдэл өндөрсөнө гэсэн дэлхий дахины судалгаа бий. Жишээлбэл, хөхний хавдраар өвдсөн хүн өндгөвчний, савны, умайн хүзүүн хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Эсхүл хамаатан садан нь умайн хүзүүн хавдраар өвдсөн бол тухайн хүн умайн хүзүүн хавдраар өвдөх магадлал их эрсдэлт бүлэгт орчихдог.
-Удамшил хэр байдаг вэ. Энэ төрлийн хавдартай эмэгтэйд төрөхөд, хүүхэд тээхэд асуудал үүсэх үү?
-Нэгд, өвчлөл бол удамшина. Бүх төрлийн өвчнийг удамшдаг гэж үздэг. Тиймээс ээж эсхүл ойрын хамаатан нь хавдраар өвдөж байсан бол аль болох олон, эрт үзлэгт орохыг зөвлөдөг. Хоёрт, умайн хүзүүн хавдартай эмэгтэй жирэмслэхэд асуудал үүснэ. Харин хавдрын урьтал илэрч өөлөх эмчилгээ хийсэн бол төрөхөд умайн хүзүү сорвижсоноос хүндрэл үүсэж болохоос өөр асуудал байхгүй.
-Энэ төрлийн өвчний насжилт ямархуу байна вэ. Залуужиж байгаа юу?
-Тоон судалгааг насжилттай холбож үзэж байгаагүй юм байна. Гэхдээ залуужиж байгаа. Тухайлбал, 8-9 жил хавдартай хүмүүстэй ажиллаж байхад дийлэнх нь 45-аас дээш насныхан байсан. Гэхдээ цөөн тооны 25 настай хэр нь хавдрын урьтал болчихсон, хавдрын гуравдугаар шаттай 28, 29 настай буюу 30-аас доош насны эмэгтэйчүүд орж ирж байна. Тэгэхээр хавдар залуужиж байна гэж хэлнэ. Энэ нь нэгдүгээрт хүн амын тоо өсөж байгаатай, хүн амын нягтаршил ойртож холбоотой ариун цэврийн дэглэм, бэлгийн харьцааны асуудал эмх замбараагүй болж байгаагаас болж өвчлөл нэмэгдэж, насжилт залуужиж байна.
-Өдөр тутамд иргэдтэй ойр ажиллаж байгаагийн хувьд хамгийн түгээмэл ажиглагдаж байгаа зүйл нь юу байна вэ. Өвчлөл эсхүл буруу ойлголт уу?
-Өнөөдрийн түвшинд хавдар их байна гэж байгаа нь хавдрыг хавдартай нь харьцуулсан судалгаа байгаа юм. Хавдраас бусад өвчинтэй харьцуулаагүй судалгаа гэсэн үг. Өдөр тутамд иргэдтэй ажиллахад монголчуудад хавдраас илүүтэй үрэвсэл өндөр байна. Ингэж өндөр байх шалтгаан нь манай улсын нөхцөл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэнд маш хангалтгүй. Хүүхэд байхаасаа л шүд хоолойны өвчин тусдаг. Шүд, хоолойн үрэвслийн үндсэн үүсгэгч нь үе мөч, зүрх, бөөр гээд бүгдэд нь нөлөөлж, өвтгөдөг. Ингэж бөөр өвдөх үед шээсээр нян гарч үтрээ үрэвсэх нөхцөл бүрддэг. Монголчуудын нийт хүн амын 70 нь бөөр, шүд хоолойн үрэвсэлтэй. Эмэгтэй нь ч адилхан, эрэгтэй нь ч адилхан. Ингээд тооцохоор үрэвсэл гэдэг чинь хавдраас илүү байна. Нэгд, үрэвсэлт өвчнийх нь үүгэгч өндөр. Хоёрт, нөхцөл муу байна. Яагаад гэвэл Монгол Улс дөрвөн улиралтай. Өвөл хасах 20 градус, зун нэмэх 30 градус болохоор температурын зөрүү маш их. Хавар нь өглөө хүйтэн, өдөр нь дулаахан байдгаас болоод охидууд нимгэн гарчихдаг. Тэрнээсээ болоод даарч үрэвсэл сэдрэх нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ байдал үргэлжилж дахин дахин үрэвсээд байхаар хөхөнцөр вирусийг тэжээдэг хүүхдүүдэд вирусийн үржил, идэвх нь улам нэмэгдэж хавдар болох нөхцөлөө даамжруулдаг.
Тэгэхээр нэгд ээж, аав нар эрүүл байх ёстой. Жирэмсэн ээж эрүүл байж эрүүл хүүхэд төрнө. Эрүүл төрсөн хүүхдийг эрүүл байлгах эрүүл ахуйн дэглэмийг барьж, дулаан байлгах ёстой. Ингэх юм бол хүүхэд өвдөхгүй бөөр, шээсний үрэвсэл бага байна шүү дээ. Үүнийг хувь хүн, нийгэм, эмчийн үйл ажиллагаагаар цогц явуулж байж хавдар, үрэвсэл, халдвараас сэргийлнэ.