Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй билээ. Б.Ганхуягийн ар гэрээс түүний биеэс хүнцэл хэмээх хор их хэмжээгээр илэрсэн гэх мэдээллийг өмнө нь өгсөн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас дараах тайлбарыг хийжээ. Цагдаагийн ерөнхий газрын тайлбарт "Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа “Г”-г хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй гэх мэдээллийг түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэдээс мэдээлснийг Прокуророос харьяалал тогтоосны дагуу Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Шүүгдэгч Г нь 2023 оны 11 дүгээр сард "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт онош тодруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх үед тус эмнэлгээс Эрүүл ахуй, хор судлалын лабораторид сорилт шинжилгээ хийлгэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс цусанд илэрсэн 9,29 мкг/дл хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан. Хүний биед хүнцэл 9200 дахин ихэссэн бол хүн амьд явах боломжгүй ба Г-аас авсан биологийн дээжид хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүл ахуй, хор судлалын шинжилгээгээр цусанд хүнцэл 9,26 мкг/дл, шээсэнд 0,86 мкг/дл, үсэнд 0,24 мкг/дл, мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр давтан хийсэн “Хэлт энд сэфти солушинс” ХХК-ийн лабораторийн шинжилгээгээр цусанд 8,96 мкг/дл, үсэнд 0,22 мкг/г, шээсэнд илрээгүй зэрэг нь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тус тус тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр хариу мэдэгдсэн" гэсэн байна.