Шүүх | 2 мин уншина

Шүүх: Эмээлтийн махны гэх хэргийг шийдвэрлэлээ

Шүүх: Эмээлтийн махны гэх хэргийг шийдвэрлэлээ
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 27
Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийг шалгахад БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь өнгөрсөн оны тавдугаар сард тогтоогдсон билээ.
Уг хэргийн дагуу Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт “Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/ нарыг, мөн БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүхээс “Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/ нарыг “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Мөн “Эм Ди Си Пи” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-д нийт 25.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан. Мөн "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрийн 5 хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн