Open iToim app
Улс төр | 3 мин уншина

МАН-ыг дахин олонх болгох БҮСЧИЛСЭН ТОЙРОГ

МАН-ыг дахин олонх болгох БҮСЧИЛСЭН ТОЙРОГ
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 19
Эрх баригч нам ирэх жилийн Улсын Их хурлын сонгуулийг бүсчилсэн буюу хэд хэдэн аймгийг нэгтгэж томсгосон тойргоор хийх улс төрийн шийдвэр гаргасан. Манай улс өмнө нь найман удаагийн Улсын Их хурлын сонгууль хийхдээ бүчилсэн байдлаар тойргоо хувааж байгаагүй, анх удаа энэ хувилбараар сонгууль хийхээр болж байна.
МАН-ын дарга нар буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, генсек нар нэг өдөр уулзаж сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар шийдсэн гэх яриа улс төрийн хүрээнд гараад буй. Энэ ч үнэний ортой. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 7-нд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бүсчилсэн тойргийн талаар чуулганы хуралдаан дээр ярьж, судалж үзэхийг УИХ-ын даргаас хүссэн. Харин УИХ-ын дарга тэр даруй бүсчилсэн тойргийг судалж, УИХ-д танилцуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд чиглэл болгосноор энэ тойргийн талаар нийгмийн хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн юм. Харин өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж бүсчилсэн тойргийг дэмжих улс төрийн шийдвэр гаргаж, намын бүлэг нь ч дэмжсэн. Тиймээс одоо тогтоолын төсөл боловсруулан батлах процесс үргэлжилнэ. 
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр 21 аймгийг долоон тойрог, 54 мандаттай байхаар танилцуулжээ. Улаанбаатар хот гэхэд 24 мандаттай байх хувилбарыг танилцуулсан байна. 21 аймгийн 7 тойргийг нь танилцуулбал:
-Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог -3 мандаттай,
-Увс, Ховд, Завхан, Говь-Алтай нэг тойрог - 10 мандаттай,
-Архангай, Баянхонгор, Өвөрхангай нэг тойрог - 9 мандаттай,
-Хөвсгөл, Орхон, Булган нэг тойрог - 8 мандаттай,
-Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг нэг тойрог - 10 мандаттай,
-Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь нэг тойрог - 7 мандаттай
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар нэг тойрог 7 мандаттай байх дээр санал нэгдсэн байна.
Харин Улаанбаатар хотыг яг хэдэн тойрог болгох дээр зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа аж. Гэхдээ хэд хэдэн хувилбарыг ярьж байгаа гэнэ. Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг нэг тойрог, Сүхбаатар, Чингэлтэйг нийлүүлж нэг тойрог Хан-Уул, Багануур, Налайх нэг тойрог, Баянгол, Багахангай нэг тойрог гэх байдлаар ярьжээ. Мөн Улаанбаатарыг бүхэлд нь нэг тойрог болгох санал ч яригдаж байгаа аж.
Аймгуудыг энэ хуваалтаар бүсчилвэл, Баян-Өлгий аймгийн иргэдээс бусад иргэд санал өгөхдөө 7-10 хүний нэрийг саналын хуудас дээр дугуйлна. Өөрөөр хэлбэл, өмнө нь аймагтаа нэр дэвшсэн хүмүүсээс сонгодог байсан бол энэ удаад 3-4 аймгийг хамруулсан нэр дэвшигчдээс сонгоно гэсэн үг.
Тойргийг томсгох тусам мөнгө тараах, “царцаа нүүлгэх” зэрэг сонгууль луйвардах, санаl худалдан авах хандлага багасаж, улсын төсвийг 76 жижиг тойрогт хуваадаг байдал арилах давуу талтайг судлаачид онцолдог. Гэхдээ бүсчилсэн тойргоос сонгогдох нэр дэвшигчид олонд танигдсан байх шалгуур бий болно. Нэг талдаа олонд танигдсан хүн олон санал авах, ялах магадлалыг нэмдэг хувилбар. Өөрөөр хэлбэл, одоо эрх барьж, албан тушаал хашч байгаа, сайн муугаар ч хамаагүй иргэдэд танил болсон хүмүүс сонгогдох магадлал өндөр. Энэ утгаараа шинэ хүн, эмэгтэйчүүд, шинэ улс төрийн хүчин сонгогдох магадлал багасна.
Хамгийн харамсалтай нь, улс төрийн жижиг нам эвслүүд парламентад орж ирэх боломжгүй болох тал өндөр. Хамгийн том нам л олонх болох хувилбар гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Уг нь парламентын засаглалаа хөгжүүлье гэвэл олон улс төрийн хүчин парламентад орох хэрэгтэй. Харин хамгийн том бүтэцтэй, хөлтэй, эрх баригч нам дахин олонх болохоор тойргийг улам томосгох шийдвэр гаргаж буй гэж харах хүн олон бий. МАН найман жил үнэмлэхүй олонхоор засаглачихаад одоо гэнэт улсаа бодоод тойргоо томсгож байгаа зүйл огтоос биш. Тэд тойрог томсгох нэрийдлээр өөрсдийгөө, намаа дахин олонх болгох боломжит хувилбарыг сонгож буй юм. Ер нь эрх барьж байгаа нам Сонгуулийн хууль, тойргийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн баталсаар ирсэн уламжлалтай. Энэ удаад ч үргэлжлэх нь.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ “Холимог тогтолцоогоор жинхэнэ утгаараа олон намын төлөөлөл парламентад орж ирнэ. Гадаад дахь монголчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл парламетад орж ирэх үүд хаалга нээгдэж байна” хэмээн хэлж байв. Харамсалтай нь, тэрээр сонгуулийн тойргоо томсгож, шинэ залуу улстөрчид, олон намын төлөөлөл парламентад орж ирэх үүдийг хаах алхам руу орлоо.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн