Open iToim app
Ярилцлага | 6 мин уншина

Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэр 2027 он гэхэд дотоодын хэрэгцээнийхээ 70-75 хувийг хангана

Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэр 2027 он гэхэд дотоодын хэрэгцээнийхээ 70-75 хувийг хангана
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 14
Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн зун газрын тосны үйлдвэрийн нөхцөл байдлыг байнгын хороон дээр танилцуулахад санхүүжилт байхгүй ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байсан. Үүнээс хойш нөхцөл байдал дээрдсэн үү?
-Манай газрын тосны үйлдвэр байгуулах төсөл Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа. Энэ эх үүсвэрээр зөвхөн үйлдвэрээ барина. Үүнээс гадна манайх Хөгжлийн банкнаас гурван зориулалтаар зээл авдаг. Нэгд, компанийн үйл ажиллагааны зардал, хоёрт, үйлдвэрийн гаднах дэд бүтэц буюу үйлдвэрийн талбайг Сайншандтай холбосон хүнд даацын авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам. Үүнийг  2018 онд барьж эхлээд 2019 онд ашиглалтад өгсөн. Одоо зөвхөн арчлалын зардал гарч байгаа. Гуравт, Сайншандад баригдаж байгаа газрын тосны хотхонд зориулж зээл олгож байгаа. Энэ гурван зориулалтаар Хөгжлийн банкнаас манайд зээл олгож байсан ч өнгөрсөн жилийн өдийд танай барьцаа хөрөнгө алга, тиймээс зээлийг зогсоолоо гэсэн. Тэгэхээр манай байгууллага урсгал зардалгүй болж компанийнхаа цалинг ч тавьж чадахгүй болсон. Үүнээс хойш 1-3 сар хүртэл төр засгийн бүх байгууллагад хандсан. Ингээд Засгийн газар гуравдугаар сарын 1-нд 82 дугаар тогтоол гэж гаргаад тэр тогтоолоор компанийн урсгал зардлыг шийдэхийн тулд манай компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлсэн. Ингээд манай газрын тосны үйлдвэрийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага манайхыг харьяалахаа байчихсан. Гэтэл гадаадын зээл, буцалтгүй тусламж, татвараар хөнгөлөх, чөлөөлөх бүх процесс салбарын яамаар дамжуулж Сангийн яаманд очоод гаднын байгууллагад очих ёстой. Гэтэл “Эрдэнэс Монгол”-оос очсон бичгийг Сангийн яам хүлээж авахгүй. Зөвхөн манай салбар ч биш олон улсын зээл тусламжаар хэрэгжиж байгаа бүх төсөл салбарын яамаар явдаг. Үүнээс болж маш их хугацаа алдсан. Бичиг таг гацсан. Энэтхэгт гэрээгээ зээлийн шугамд оруулдаг. Тэр ажил гацсан.
Зургадугаар сарын 3-нд ҮАБЗ газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг сонссон. Энэ асуудлыг бүгдийг ярьсан. Мөн зургадугаар сарын 7-нд УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороон дээр сонсоод ер нь алдаа байна төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийг өөрчилмөөр байна, түүхий тосон дээр Засгийн газар анхаарах, үйлдвэрийн зардлыг шийдэх гэх мэт хэд хэдэн асуудлаар тогтоол гаргасан. Өчигдөр тогтоолын хэрэгжилтийг сонслоо.
-Тогтоолд ямар зүйлүүд багтсан бэ. Хэрэгжиж чадсан уу өнгөрсөн хугацаанд?
-Энэ тогтоолд төрийн өмчийн хувьцаа хэрэгжүүлэгчээр төрийн захиргааны төв байгууллагыг тогтоох гэж заасан. Гэхдээ одоо ч манайх “Эрдэнэс Монгол”-д харьяалагдаж байна. Урсгал зардал, орон сууцны барилгын үлдэгдэл санхүүжилтийг 2024 оноос улсын төсөвт суулгах. Энэ ч хийгдээгүй.
-Танай компанийн жилийн урсгал зардал хэд юм бэ?
-Манай урсгал зардал шалихгүй. Жилийн долоон тэрбум төгрөг орчим байдаг.
-Үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал 30 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ санхүүжилтээ нэмж зээл авах уу?
-Энэ бол Засгийн газрын шийдэх асуудал. Манай хөрөнгө оруулалтын зардлыг 2017 онд тооцож байсан. Түүнээс хойш үйлдвэрийн төслийг маш хүнд нөхцөлд хэрэгжүүлж байна. Ковид цар тахал, дайны нөхцөл байдлаас шалтгаалаад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын зардал өссөн. Мөн таван жилийн өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан төслийн санхүүжилт хоёр дахин нэмэгдчихлээ. Хөрөнгө оруулалтын зардал гэдэг тендерт ирүүлж байгаа үнийн дүнгээр тодорхойлогдож байгаа. Бид ирсэн үнийн дүнг бууруулахын төлөө үнэхээр их ажил хийдэг. Маш том том хэлэлцээрүүд хийсэн. Тухайлбал, II, III багц ажлын үнийн дүнг 112 сая ам.доллар буулгасан. Энэ мэт ажиллаад бид тендерт ирсэн үнийн дүн, гэрээний үнийн дүнгүүдээ нэмээд үзэхэд таван жилийн өмнөхөөс 34 орчим хувиар нэмэгдсэн. Үүнийг мэдээж манай төр засгийн мэргэжлийн байгууллагууд эксперт хийнэ. Уул уурхайн сайдын тушаалаар хөндлөнгийн экспертүүд томилогдож байна. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Гэхдээ ганцхан ковид болон гадаад нөхцөл байдлаас болоогүй. ТЭЗҮ хийсний дараа барихдаа тулаад инженерчлэл хийгээд эхлэхэд бидэнд ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл түвэгшлийг бууруулах, шинээр нором стандартуудын хэрэгжилтийг хангах, нарийн технологиуд лиценз эзэмшигчдээс тавьж байгаа шаардлагыг хангах, нэмэлт ажлууд шаардлагатай болсон нь хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхэд мөн нөлөөлсөн.
quote photo
Газрын тосны үйлдвэрийн "Эрдэнэс Монгол"-д шилжүүлснээр ажил таг гацсан. Үйлдвэрийн урсгал зардлыг ирэх оны төсөвт суулгана гэсэн ч суулгаагүй "Эрдэнэс Монгол" 10.9 хувийн хүүтэй зээлээр урсгал зардлыг санхүүжүүлж байна
-Үйлдвэрийн байршлаа сонгохдоо л алдаатай байсан. Түүхий эдээ хоолойгоор татах хол газар гэж ярьж байсан. Энэ төсөл анхнаасаа л алдаатай эхэлчихсэн юм уу?
-Үйлдвэрийн төсөл эхэлж байх үед хүмүүс маш их асуудаг байсан. Сайншанд муу байрлал биш. Нефть, химийн үйлдвэр улс орны эдийн засгийн хамгийн том, хүндрэлтэй, түвэгтэй үйлдвэр. Ийм үйлдвэртэй байж бусад үйлдвэр дагаж хөгждөг. Аж үйлдвэрийн цөм болсон үйлдвэрийг бий болгохгүйгээр бусад үйлдвэрийг ярьж болдоггүй. Сингапур, Солонгос, Япон газрын тосгүй хэрнээ хамгийн түрүүнд нефтийн үйлдвэрээ барьсан байдаг. Энэ үйлдвэрээ гол дэд бүтцээ буюу төмөр замаа түшиглэж л барих ёстой. ОХУ, БНХАУ-ыг холбосон ганц энэ төмөр замынхаа дагуу байхаас өөр аргагүй. Зарим хүмүүс яагаад Тамсагт бариагүй юм бэ гэж асуудаг. За Тамсагт барьсан байя. Энэ үйлдвэр рүү орж байгаа техник, тоног төхөөрөмж, бараа материал, химийн бодис, тэсэрдэг, дэлбэрдэг бүтээгдэхүүнийг хаанаас яаж зөөх байсан бэ. Дорнод руу машинаар зөөнө. Өөр зам байхгүй.
Мөн Дорнодод хийгдсэн олон янзын нефтийн бүтээгдэхүүнээ гол хэрэглэгч Өмнөговь, говийн бүс, төвийн бүс рүүгээ яаж аваачих вэ. Тэсэрдэг, дэлбэрдэг нефтийн бүтээгдэхүүн битгий хэл иргэний тээврүүд ямар их аваар хийж байна. Тэгэхээр энэ байрлал байж яагаад ч болохгүй. Хэрвээ манайх дэд бүтэц өндөр хэмжээнд хөгжсөн бол хаана ч барьсан болно. Нэг үгээр хэлбэл, дэд бүтэц номер нэг. Чухам Чойр уу, Сайншанд уу гэдэг хоёр дахь асуудал. Гэхдээ аж үйлдвэрийн цогцолбор барина гээд аль дээр шийдчихсэн юм билээ.
-Танайх Хөгжлийн банкинд хэдий хэмжээний зээлтэй вэ. Үүнийгээ хэзээнээс төлж эхлэх вэ?
-Манайх бүх зээлээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд төлнө. Хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар авах зээлийн шугамтай. Одоо бол 170 тэрбумыг авсан. Зээлийн шугамдаа хүрээгүй.
-Танай үйлдвэрийн урсгал зардлыг ирэх оны төсөвт суулгаагүй юм байна. Хөгжлийн банк зээлээ зогсоочихсон. Тэгэхээр хаанаас санхүүжилтээ авч байна вэ?
-Манай урсгал зардлыг “Эрдэнэс Монгол” зээлийн үндсэн дээр буюу 10.9 хувийн хүүтэй зээлээр өгч байгаа.
-Үйлдвэрийн ажил ямар шатандаа явж байна вэ?
-Үйлдвэрийн нэгдүгээр хэсгийн ажил дууссан. Энэ дараа дараагийн ажлын суурь. Бид 89 км цахилгаан дамжуулах агаарын шугам, усны шугам хоолой, 11 худаг, худаг бүр дээрээ насос станц, 30 мянган метр кубын багтаамжтай газар доорх усан сан, оффис, ажилчдын хоолны газар, эмнэлгийн анхан тусламж, агуулах, засварын цэх, гал команд гээд есөн барилга байшин барьсан. Хов хоосон газар үйлдвэр барих гэж байна. Тэрнийхээ суурийг бүгдийг нь бэлдчихсэн. Үүнээс гадна мөнгөөр тоогоор хэмжиж болдоггүй олон ажил хийсэн. Тухайлбал, олон компанийн гэрээ хэлэлцээр бий.
-Үйлдвэр хэзээнээс бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр орчин үеийн түлш, шатахуун үйлдвэрлэх зориулалттай. 1.5 сая тонн газрын тосыг боловсруулаад шатахуун үйлдвэрлэхэд зөвхөн зуухны түлш дагалдаж гарна. Энэ зуухны түлшээр бид үйлдвэрийнхээ цахилгаан станцыг тэжээнэ. Манай газрын тосны хүхрийн агууламж маш бага учраас бид жилийн 3000 тонн элементийн хүхэр гаргаж авна.
Үйлдвэр 1.5 сая тонны хүчин чадалтай. 1.33 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тодруулбал, бензин, дизель, онгоцны түлш, зуухны түлшийг Монгол Улсын зах зээлийн бүтцэд нийцүүлж үйлдвэрлэнэ. Манай үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнүүд чанарын хувьд одоо зах зээл дээр хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс өндөр учраас зарцуулалт арай бага гэж тооцвол 2027 он гэхэд дотоодын зах зээлийнхээ 70-75 хувийг хангана гэж тооцож байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн