Манай улсын цэвэр усны нөөц багасаж, ирэх онуудад ундны усгүй болох эрсдэлтэй гэх судалгаа бий. Иймд иргэд олон нийт, ААН, байгууллагууд цэвэр усаа хэмнэх шаардлага үүсээд буй. Энэ хүрээнд олон төсөл, арга хэмжээ, нөлөөллийн аян өрнөдөг ч бодит үр дүнд хүрсэн нь цөөн.
Тэгвэл манай улсад шинээр хэрэгжиж байгаа тодорхой үр дүнд хүрэх нэгэн төсөл, бүтээн байгуулалт бол Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн нийт санхүүжилт 461.76 сая доллар байдаг. Үүний 350 сая долларыг нь АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламж, 111.76 сая долларыг нь Монгол Улсын Засгийн газраас бүрдүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулж буй томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр юм.
Уг үйлдвэрийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил 2022 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 27 хувьтай байгаа бөгөөд 2025 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа аж. Үйлдвэрийн тухайд Хятадын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Шинэ төв цэвэрлэх байгууламжийн баруун талд байрлаж буй. Энэ нь тодорхой шалтгаантай. Тухайлбал, Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Тэгвэл энэхүү стандартын шаардлага хангасан уснаас 50 мянган м3-ыг нь хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт авч илүү гүн цэвэрлэж, ДЦС-3 болон ДЦС-4-д үйлдвэрлэлийн зориулалтаар эргүүлэн ашиглуулснаар жилдээ 18.3 сая м3 усыг хэмнэх боломжтой юм. Эл хоёр дулааны станц нь өдгөө жилд 21 сая м3 цэвэр ус буюу нийслэлийн жилийн хэрэглээний 23.8 хувьтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг хэрэглэж байгаа. Үүний 70 орчим хувийг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг байна. Тэгвэл хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор техникийн зориулалтаар ашиглаж буй энэхүү цэнгэг усыг хэмнэх бодит үр дүнд хүрэх юм. Нөгөөтэйгүүр нийслэлчүүдийн хэрэглэх 18.3 сая м3 усыг хэмнэх чухал ач холбогдолтой.

Э.Энхгэрэл
Үйлдвэрийн бүтээн байгуулалт, ажлын явцын талаар Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл:
Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр өргөжин тэлж буй нийслэл Уланбаатар хотын хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагатай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ. Хаягдал ус дахин боловсруулах төслийн тухайд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, нийслэлийн ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистойгоор удирдах боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр бол компакт гэрээний хүрээнд хийж байгаа гурван төслийн нэг. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, түүнийг дагалдсан шугам сүлжээ ашиглалтад орсноор өнөөдөр Улаанбаатар хотын ДЦС-уудад хэрэглэж байгаа нийт усыг хэмнэх боломжтой. Тодруулбал, өнөөдөр хэрэглэгдэж байгаа 21-22 сая м3 уснаас 18 сая м3 усыг нь дахин боловсруулсан хаягдал усаар орлуулах боломжтой бүрдэнэ. Мөн зөвхөн өнөөгийн хэрэглээнд зориулаад зогсохгүйгээр цаашид хаягдал усыг дахин боловсруулах бодлого, эрхзүйн орчин нөхцөл сайжирч тогтвортой болохын хэрээр үйлдвэрийн хүчин чадлын сайжруулах, нэмэгдүүлэх, бусад үйлдвэр ААН-үүд авч ашиглах боломж бүрдэнэ.
Үйлдвэрийн барилга угсралтын ажил 2022 онд эхэлсэн. Энэ үйлдвэр нь зураг төсөл эхэлж гараад дараа нь барилга угсралтын ажил явж байгаа гэдгээрээ онцлог. Барилга угсралтын ажил одоогоор 27-28 хувьтай байна. Үйлдвэрийг 2025 оны нэгдүгээр улирал гэхэд ашиглалтад оруулж, туршилт тохируулгыг хийхээр төлөвлөж байна. Санхүүжилтийн хувьд Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын корпорацтай хамтарсан 461 сая доллароор төсөл хөтөлбөр бүхэлдээ хэрэгжиж байна хэмээлээ.
Ийн хоногт “ДЦС-4” ТӨХК 24300 м3, “ДЦС-3” ТӨХК 25200 м3 цэвэр ус ашиглаж буйг бүрэн халах боломж бүрдлээ. Мөн энэхүү үйлдвэрийг хувьчлах эсэх асуудал яригдаад буй. Тэгвэл энэ нь ташаа бөгөөд үйлдвэр ашиглалтад ороход УСУГ хариуцан ажилллуулах тул үйлдвэрт ажиллах мэргэжилтэн, боловсон хүчнийг одооноос бэлдэж байгаа аж.