Засгийн газар “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилт хийхийн тулд 392.5 сая ам.долларын бондыг дэлхийн зах зээл дээрээс босгосон талаар өнөөдөр Сангийн сайд Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө.Тэрээр "Монгол Улсын Засгийн газар зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум ам.долларын “Сенчири I” төслийг КОВИД-ын үед хэрэгжүүлсэн. “Сенчири II” төслийг мөн адил амжилттай хэрэгжүүлж гадаад өр төлбөрөөс бүрэн шалтгаалсан дефолтоос бүрэн гарсан байдаг.Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын "Хуралдай" бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор “Сенчири 3” төслөө арваннэгдүгээр сарын 23-28-нд амжилттай хэрэгжүүллээ. “Сенчири 3” Хонг Конг, Сингапур, Английн Лондон, Америкийн Нэгдсэн Улсын Нью Иорк зэрэг хотуудад Сангийн яам, Монгол банкны хамтарсан баг ажиллаа. 350 сая ам.долларын “Сенчири III” бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам.долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.875 хувь бөгөөд энэ нь хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд.АНУ-ын Төв банкны хүү 5.5 хувьтай байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3 хувь байна.2020-2024 онд Засгийн газар болон Хөгжлийн Банк нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийг төлөх хуваарьтай байсныг 100 хувь амжилттай зохицууллаа. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.