Open iToim app
Ярилцлага | 5 мин уншина

Б.Солонгоо: Засгийн газар "Оюу толгой"-д тавьсан татварын акт үндэслэлтэй гэдэг байр сууриа хамгаална

Б.Солонгоо: Засгийн газар "Оюу толгой"-д тавьсан татварын акт үндэслэлтэй гэдэг байр сууриа хамгаална
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 13
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой “Оюу толгой” компанийн татварын маргааны талаар ярилцлаа.
-“Оюу толгой” компанийн татварын маргааны асуудал ямар шатандаа явж байгаа вэ. Дундын дансанд байршуулж байсан нэг их наяд төгрөгийг манай Засгийн газар ковидын үед нэг иргэнд 300 мянган төгрөг хэлбэрээр тараасан. Энэ маргаанд манай Засгийн газар ялах боломж байгаа юу?
-“Оюу толгой” төслийн татварын маргаан үргэлжилж байгаа. Маргаантай холбогдуулаад Монгол Улсын Засгийн газар хуулийн фирмтэй хамтарч ажиллаж байна. Олон улсын нэр хүндтэй хуулийн фирм Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Бидний хувьд маргаанд татварын албанаас тавьсан акт үндэслэлтэй гэж үзээд ажиллаж байна. Одоогоор “Рио Тинто” компаниас зөвшилцөж  маргаанаа шийдвэрлэе гэдэг хүсэлт гаргасны дагуу түр түдгэлзээд байгаа. Энэ сарын 31-ээр түр түдгэлзсэн хугацаа дуусна.
-Үүнээс өмнө хоёр тал ойлголцвол Арбитрын шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхгүй гэсэн үг үү?
-Түдгэлзүүлсэн хугацааг сунгах талаар тодорхой хүсэлт гаргаагүй тохиолдолд маргаан үргэлжлээд явна. Тэгэхээр эхний ээлжид “Оюу толгой” компанийн зүгээс манай Засгийн газрын гаргасан сөрөг нэхэмжлэлд тайлбар өгөх ёстой. Процессын ажиллагаа тухайн Арбитрын бүрэлдэхүүн буюу Арбитрын шүүхээс гаргасан хуваарийн дагуу үргэлжлээд явна. Бидний хувьд энэ маргаанд өөрсдийнхөө байр суурийг хамгаалах зорилгоор тодорхой бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Ер нь манай улсын Татварын хууль тогтоомжууд дээр тодорхой хязгаарлалтууд байдаг. Өөрөөр хэлбэл, татварын акттай холбогдуулаад аль нэг компанитай, татвар төлөгчтэй тусгайлсан хэлцэл хийх, тохиролцох боломж хязгаарлагдмал. Тэгэхээр тодорхой үнийн дүн дээр тохиролцох ч юм уу, энэ маргааныг зөвшилцөж шийдвэрлэх боломж хязгаарлагдмал. “Оюу толгой” компани нэг их наяд гаруй төгрөгийн татварын акт дээр маргалдаж нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, “Оюу толгой” компанийн 2018 он хүртэлх татвар төлөлт дээр хийгдсэн хяналт, шалгалт дээр үндэслэж тавигдсан хоёр татварын акт байгаа. Мөн 2019, 2020 он дээр нь бас татварын акт тавьсан байдаг.
Хөрөнгө оруулалтын гэрээн дээр хэрвээ тодорхой маргаан гарсан тохиолдолд Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан учраас татварын маргаантай холбоотой асуудлыг Лондоны Олон улсын Арбитрын шүүхэд маргаан үргэлжилж байна.
“Оюу толгой” компанийн сүүлийн жилүүдийн татвар төлөлт дээр мөн хяналт шалгалт орсон. Шалгалтаар өмнө нь татварын акт тавьж байсан зөрчлүүд хэвээрээ байгаа учраас дахин татварын акт гаргах магадлал маш өндөр байгаа. Хэрвээ “Оюу толгой” компани шинээр гарах татварын акттай санал нийлэхгүй гэвэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой. Ер нь нэмэгдүүлэх магадлал өндөр гэж бид харж байгаа.
Яагаад татварын маргаан үүсээд байдаг юм бэ гэж иргэд асуух байх. Учир нь, Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан Татварын орчин гэсэн бүлэгтэй холбоотой. Энэ бүлгийн тодорхой зүйл заалтыг хэрхэн тайлбарлаж, ойлгох вэ гэдэг дээр маргаан үүсээд байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж байсан. Тухайн үед Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын хууль, тогтоомж шинэчлэгдсэн. Мөн манай улс Олон улсын татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг гэрээ конвенцод нэгдэж орсон. Ялангуяа үнэ шилжилттэй холбогдуулаад татварын суурийг бууруулах асуудлаар бид хууль, эрх зүйн шинэчлэл хийсэн. Үүн дээр үнэ шилжилтийн хяналт шалгалт хийдэг болсон. Үүнтэй холбогдуулаад Татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний татварын орчинтой холбоотой зүйл заалтыг хэрхэн тайлбарлаж ойлгох вэ гэдэг дээр талууд маргалдаж байгаа.
“Рио Тинто” компанийн зүгээс 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр байсан татвартай холбоотой Монгол Улсын бүх хууль, тогтоомж тогтворжсон гэж үзээд байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үед байсан хууль тогтоомж өөрчлөгдөхгүйгээр “Оюу толгой” төсөлд мөрдөгдөнө гэж үздэг. Харин манай Засгийн газар болон татварын алба татварын хувь хэмжээг л тогтворжуулсан, 2009 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, ялангуяа процессын шинж чанартай татварын хууль, тогтоомж тэр чигээрээ тогтворжсон гэж үзэхгүй гэсэн байр суурьтай байдаг. Тэгэхээр талуудын байр суурь дээр их зөрүү байгаа гэсэн үг. Цаашид энэ маргааныг шийдвэрлэж байж “Оюу толгой” төсөл дээр маргаангүй байх үндэслэл бүрдэнэ.
-Энэ маргаан дээр манай Засгийн газар гаднын зөвлөх үйлчилгээ авсан мөнгөө өгөөгүй, таны нэр дээр мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан гэсэн мэдээлэл гараад байна. Та үүнд тайлбар өгөхгүй юү?
-Бид Арбитрын маргаан дээр хуулийн фирмтэй хамтарч ажилладаг. Үүн дээр төлбөр төлөөгүй маргаан огт байхгүй. Манай Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд явж байгаа.
-Татварын маргаан хэзээ шийдвэрлэгдэж дуусна гэсэн тооцоо бий юу?
-Татварын маргаан дээр тийм хугацаа байхгүй. Тухайн Арбитрын шүүхээс гаргасан хуваарийн дагуу холбогдох нотлох баримт цуглуулах, мөн талууд тайлбар гаргах ажлууд  хийгдээд явна. Өнөөдрийн байдлаар тэдэнд шийдэгдэнэ гэсэн хугацаа байхгүй. Гэхдээ Засгийн газар манай тавьсан татварын актууд үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас байр сууриа хамгаалаад хуулийн фирмтэй хамтраад ажиллаж байна.
-Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийж 34 хувьд оногдож байсан Монгол Улсын өргийг тэглэсэн. Гэхдээ дахиад далд уурхайн бүтээн байгуулалтад 1.6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт босгох саналыг хөрөнгө оруулагч талаас тавьсан байна. Энэ мэт хөрөнгө оруулалтын зардал нэмэгдээд байхаар манай өр ч нэмэгдээд явах юм биш биз дээ?
-1.6 тэрбум ам.доллар бол зээл авах асуудал. Үүнийг манай Засгийн газар хариуцах ёстой гэсэн үг биш. Ер нь бол “Оюу толгой” компани өрийн дарамт маш ихтэй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд компанийн өр их хэмжээгээр нэмэгдсэн. Үүний нэг шалтгаан нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой. Дэлхий даяар зээл авахад өртөг өндөр болсон. “Оюу толгой” компанийн зээлийн хүүг тооцох аргачлал нь 6.5 хувь дээр нэмэх нь libor буюу Лондоны банк хоорондын зээлийн хүү байдаг. Банк хоорондын зээлийн суурь хүү нэмэгдээд байгаа учраас “Оюу толгой” компанийн төлөх зээл нэмэгдээд байгаа юм. Жилийн 12 орчим хувийн зээлтэй зээл төлж байна гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ дагаад авсан зээл нь нэмэгдээд байдаг.
Засгийн газар “Рио Тинто” групптэй гэрээ хэлэлцээр хийгээд Монгол Улсын 34 хувьд оногдох өрийг бүрэн тэглүүлсэн. Энэ бол маш том амжилт. Бид одоо татварын маргаан дээр анхааран ажиллаж байна.
-“Оюу толгой” дээр дахиад татварын акт тавигдах байх гэж та хэллээ. Хэдий хэмжээний татварын актын асуудал яригдаж байгаа юм бэ?
-Миний ойлгож байгаагаар Татварын албанаас “Оюу толгой” компанид татварын хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтын ажил дуусаад татварын акт тавихад ойрхон байгаа гэж ойлгосон. Энэ асуудлаар Татварын албанаас мэдээлэл авсан дээр байх. Энэ бол Татварын байгууллага болон “Оюу толгой” компанийн хоорондын асуудал.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн