Open iToim app
Улс төрийн намууд | 2 мин уншина

АН-ын бүлэг: Ж.Ганбаатар сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэ

АН-ын бүлэг: Ж.Ганбаатар сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэ
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 11
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар дизель түлш, бензин тасарсантай холбогдуулан УУХҮ-ийн сайдын мэдээллийг сонссон байна. Мөн өвөлжилт хүндэрч, зуд болж буйтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг дуудсан ч ирээгүй аж. Уг хоёр асуудлыг бүлгээр хэлэлцсэн байна.
Ц.Туваан: Бензин өгөхгүй байж байгаад түгжрэл бууруулчихлаа
undefined
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монголчууд бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэж ярьдаг. Эрх баригчдын шийдвэрийг харсаар байгаад монголчууд хүнд байдалд орлоо. Асуудал өнөөдөр шууд болсон юм биш хоёр сарын өмнөөс яригдаж байсан ч өнөөдөр бахь байдгаараа байна. Өнөөдөр албан тушаалтнууд шийдэл хэлсэнгүй. Улаанбаатарт таван цаг дараалж байж, АИ 95 аваад салж байна. Хөдөө орон нутагт бүр дизель түлш олдохгүй, зуд турхантай, идшээ ч идэж чадаагүй, өвөлжөө хаваржаандаа бууж чадаагүй байна. Зарим компаниуд туслах гэж тэжээл, өвс явуулъя гэсэн ч түлштэй машин алга. Ийм асуудал өнөөдөр тулаад байна. Эрх баригчдын бодлого хаана байна вэ. Сүүлдээ Улаанбаатар хотын түгжрэл гайгүй болчихож, бензин шатахууныг нь өгөхгүй байж байгаад түгжрэлээс салъя гэсэн юм биш биз дээ. Агаарын бохирдлыг бага байлгахын тулд машинаас гарч буй утааг багасгаж байгаад шийдэх гэж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага байна. Асуудлыг бүлгийн хуралдаанаар хурцаар тавьсан. Ж.Ганбаатар сайд долоо хоногийн дотор асуудлыг шийднэ гэсэн. Үнэндээ үнэмшихгүй байна.
Ж.Батсуурь: Биднийг шахаад байвал уул уурхай руу түлшээ өгөхөө болино шүү гэж сүрдүүлсэн
undefined
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Л.Баярмандал нартай ярилцлаа. Хоёр сарын өмнө сануулж байсан ажлуудаас нэг нь ч шийдэгдээгүй байна. Импортоор орж ирж буй шатахууны хэмжээ багасаагүй байгаа гэж хэлж байна лээ. Гэвч амьдрал дээр "0" зогсоод байна шүү дээ. Шатахууны үнэ нэмэгдэж, дизель түлш бараг 6000 мянган төгрөг боллоо. Тэдний ярьж буй зүйл өнөө маргаашаа аргацаасан шинжтэй байгаа юм. Та нар ингээд шахаад байвал уул уурхай руу түлш өгөхөө больж, иргэддээ өгье гэж хариулсан. Энэ мэт элий балай юм ярьж байна.
Бичигт, Замын-Үүдийн боомтоор шатахуун оруулж ирэхэд БНХАУ-ын талтайгаа хэдэн удаа уулзсан бэ протоколоо үзүүл гэхээр олон удаа уулзаж байгаа л гэж хариулах юм. АМГТГ-ын дарга нь өндөр үнэтэй шинэ жилд ороод явахын оронд боомтуудаар яваад шатахуун оруулж ирэх хэлцлээ хиймээр байна. Зам зуураа хөдөө орон нутагт нөхцөл байдал ямар байгааг харах хэрэгтэй. Хөдөө бол том байтугай жижиг машин ч явахгүй байна шүү дээ.
Мөн УИХ дахь АН-ын бүлгээс УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулахад санал нэгдсэн байна.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн