Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан авлигын хэргийг хянан хэлэлцдэг шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ яаралтай горимоор хэлэлцэхээр болсон. Ингэхдээ авлигын дагнасан шүүхийн ажиллаж эхлэх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэмээн тусгасан байна. Харин Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш нэг жилийн хугацаанд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэж, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, авлигын хэргийг одоо эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэлэлцдэг бол үүнийг болиулж шууд давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэнэ гэсэн үг юм. Тэгвэл энэ талаар хүмүүс ямар байр суурьтай байгааг хүргэж байна. Х.Тэмүүжин: Авлигын шүүх нь Ерөнхийлөгчийн хонгилыг үүсгэнэХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин: Энэ Засгийн газрын санаачилгын хамгийн аюултай нь бидний олон жил ярьж байгаа хонгил гэдэг зүйлийг маш богинохон, хурдан хугацаанд байгуулж, шинэ, супер хонгилын системийг л санаачилж байна. Авлигатай тэмцэх даганасан шүүх байгуултал Дээд шүүх давж заалдах шатны журмаар асуудлыг шийднэ гэдэг нь сонгуулиас өмнөх онилсон, чиглэсэн тодорхой хэргүүдийг нэн даруй шийд гэдэг шүүхийн тогтолцоог албан ёсоор хийх дүр зураг харагдаж байна. Шууд хэлбэл, улс төрийн захиалгаар хүссэн пиарынх нь үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох тийм улс төрийн шийдлийг Засгийн газар гаргаж байна.