Нийслэлээс нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийг нээлтэй зарлаж, санал ирүүлсэн компаниудыг өнгөрсөн сарын 24-нд олон нийтэд танилцуулж байсан билээ. Тендерт БНХАУ-ын "Yutong Bus" компани шалгарсан бөгөөд бусад компанийн ирүүлсэн материал шаардлагад нийцээгүй гэж Үнэлгээний хороо үзсэн.
Гэхдээ тендерт оролцсон компаниуд захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Сангийн яаманд ажлын таван өдрийн дотор гомдол гаргах хуулийн хугацаатай. Энэ хугацаа өнөөдөр дуусах байсан ч тендерт оролцогч компаниудаас өнөөдөр Сангийн яаманд гомдол гаргажээ. Ингэснээр нийслэл нийтийн тээврийн автобусны тендерийг дахин зарлах нөхцөл үүсч байгаа юм.
Хэрвээ тендерт оролцсон компаниуд гомдол гаргаагүй байсан бол ирэх 7 хоногт худалдан авах гэрээгээ хийж, шинэ он гарахаас өмнө 300 автобусыг оруулж ирэхээр төлөвлөж байсан аж. Харамсалтай нь гомдол гарсан учраас нийслэлийн нийтийн тээврийн шинэ автобус оруулж ирэх хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлохоор боллоо.
Гүйцэтгэгчийн нийлүүлэх автобус нь 2023 онд үйлдвэрлэгдсэн, зөв талдаа жолооны хүрдтэй, 26-аас дээш суудалтай, 80-иас дээш хүний багтаамжтай, Евро-5 түлш хэрэглэх заалттай, -45 хэм хүртэл хүйтэн тэсвэртэй байх шаардлагатай аж.
Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны дараа буюу он дуусахаас өмнө эхний 300 гаруй автобусыг оруулж ирэх, үлдсэнийг нь 2024 оны нэгдүгээр улиралд авах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Нийслэлийн Засаг дарга, Түгжрэлийн сайд нар мэдээлж байсан билээ.
Эргэн сануулахад, нийслэл аравдугаар сарын 24-өөс арваннэгдүгээр сарын 24-н хүртэл 183.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нээлттэй тендер зарласан бөгөөд энэ хугацаанд Хятадын дөрөв, Монголын нэг компаниас үнийн санал ирүүлсэн.
-Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd -147,686,834,611
-Xiamen Golden Dragon Bus CO.LTD- 156,932,775,600 -Yutong Bus Co.,Ltd- 165,589,920,000
-Майнс Ап /Моннис групп/-178,817,556,720