Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Сонгуулийн тойргийг бүсчилж тогтоовол таван тойрогтой болно

Сонгуулийн тойргийг бүсчилж тогтоовол таван тойрогтой болно
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 8
Парламент 126 гишүүнтэй болох анхны сонгуулийг ирэх жил хийнэ. УИХ Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 126 гишүүнтэй болох өөрчлөлт хийсэн. 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох юм.
Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд хоёрдугаар сарын 1-ээс өмнө сонгуулийн тойрог, мандат, товыг тогтоохоор заасан ч эрх баригчид  энэ онд багтаан сонгуулийн тойрог болон товыг тогтоох дээр санал нэгдсэн талаар  эх сурвалж мэдээллээ.
2020 оны сонгуулийг томсгосон тойрог олон мандаттайгаар явуулсан. Тэгвэл ирэх жилийн сонгуулийг үүнээс том буюу бүсчилж байгуулах саналыг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы индэр дээрээс хэлэв.
Тэрээр “Сонгуулийн тойрог тодорхой болоогүй байхад УИХ-д нэр дэвших санаатай нөхдүүд мөнгө тараагаад эхэлчихсэн байна. Тиймээс сонгуулийн тойргоо томсгомоор байна. Жижиг тойргийн зовлонтой явсаар байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжлөө ч маргааш нь нэг нөхөр гарч ирж попроод улс орны  эдийн засгийг нураана. Тэгэхээр хэт жижиг тойрог байж болохгүй. Одоо  байгаа тойргоо томсгомоор байна. Тухайлбал, баруун аймгуудаа нэг тойрог болгоод асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Ингэж тойргоо томсговол зам харилцаа, эрчим хүч, хил боомтын асуудлууд шийдэгдэж томоохон хөрөнгө оруулалтууд шийдэгдэх бололцоотой. Сонгуулийн тойргийг тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр тогтоож байж улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Тэгэхгүй бол өнөөдрийн жалга довны үзлээр бие биерүүгээ дайрч давшилсан улс төр хол явахгүй нь ээ. Тойрог тогтоох асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ асуудлаа шийдмээр байна” гэсэн юм.
Уг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар түүний саналыг дэмжсэн.
Тэрээр “Уг асуудлыг цагийг нь тулгаж байгаад шийдэх биш одооноос хэлэлцэж эхлэх нь зүйтэй. Асуудлыг тулгаж байгаагаад шийдэх нь эрх барьж байгаа нам эвслийн саналаар шийдэгдэх магадлалтай. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намуудаас санал авч, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлж тойрог томсгох  асуудлыг арванхоёрдугаар сардаа хэлэлцэхээр тов тогтооё. Тойрог тогтоох асуудал дээр намын бүлгүүд, улс төрийн намууд, саналаа нэгтгэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос саналаа оруулж ирэх ёстой. Сонгуулийн тойргоо зөв тогтоохгүй бол мөнгөний, авлигажсан сонгууль болно. Тиймээс нэг мөсөн томоохон өөрчлөлт хийх нь зөв” гэв.
Үүнээс харахад, эрх баригч нам сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоохоор санал нэгдсэн бололтой. Хэрвээ сонгуулийн тойргийг бүсчилж тогтоовол баруун, зүүн, хангай, төв, Улаанбаатар гэсэн таван тойрогтой болно. Сонгуулийн бүсчилсэн тойргийн талаар СЕХ-оос тодруулахад "2001 онд Монгол Улсыг бүсчилж хавааснаар төв, хангай, баруун, зүүн, Улаанбаатар гэж тав хуваасан байдаг. Яг энэ байдлаар сонгуулийн тойргийг хуваах, эсэхийг Их хурал шийднэ. Хэрвээ энэ бүсчлэлээр сонгуулийн тойргийг хуваавал хэтэрхий өргөн цар хүрээг хамарна. Тухайлбал, зүүн бүс гэхэд улсын хойд хилээс урд хил хүртэлх нутаг дэвсгэрийг хамардаг" гэсэн юм.
Өмнө нь манай улс Их хурлын найман удаагийн сонгууль хийсэн. Үүний долоо нь мажоритар /1996, 2000, 2004, 2016 онд 1 мандаттай 76 тойрог, 1992, 2008, 2020 онд олон мандаттай томсгосон тойргоор/ тогтолцоогоор явуулсан байдаг.
-1992 оны сонгууль томсгосон мажоритар буюу нэг тойрог, олон мандаттай
-1996 оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандаттай
-2000 оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандаттай (1996 оны сонгуультай ижил) 76 тойрогтой, тойрог бүр нэг мандаттай
-2004 оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог нэг мандат хэлбэрээр явагдсан сонгууль (1996, 2000 оны сонгуультай ижил)
-2008 оны сонгууль томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай Нийт 26 тойрогтой, тойрог бүр 2-4 мандаттай.
-2012 оны сонгууль холимог хэлбэрээр явагдсан анхны сонгууль (мажоритар ба пропорциональ хослуулсан)
-2016 оны сонгууль томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандат хэлбэрээр явагдсан сонгууль (1992, 2008 оны сонгуультай ижил) Анх удаа орон нутгийн мандатын тоог багасгаж нийслэлд ногдох мандатын тоог нэмэгдүүлсэн сонгууль.
-2020 оны сонгууль томсгосон мажоритар буюу нэг тойрог, олон мандаттай хэлбэрээр сонгуулиа хийж байсан.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн