Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга бөгөөд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал байдаг.
Нэгд, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал
Хоёрт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал
Гуравт, Монгол Улсын Үндэсний эв нэгдэл
Сүүлийн үед УИХ дээр Үндсэн хууль болон Газрын хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал яригдсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлсэн баримт ил боллоо. Тиймээс Ерөнхийлөгч Засгийн газар болон хуулийн байгууллагыг энэ асуудал дээр ажиллаж үр дүнг нь ард иргэдэд нээлттэй мэдээлэх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа
Монгол Улсын газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай:
“Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Үндсэн хуульд заасан байдаг. Монгол Улсын халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь Монгол төрийн үндсэн үүрэг ҮАБ-ын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.
Монгол Улсын УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон газрыг гаднын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаар баримт мэдээлэл гаргаж тавилаа. Иймд Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдсэн сан, бүртгэл түүний хяналтын асуудлаар хуулийн хүрээнд арга хэмжээ авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, авсан арга хэмжээгээ шуурхай танилцуулах чиглэл өгч байна” гэжээ.