Хөрөнгийн зах зээлд банкны хадгаламж, Засгийн газрын бондоос ч өндөр өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан Омни Ассет ТЗК компанийн анхдагч арилжаа амжилттай болж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 10.00 цагт Монголын хөрөнгийн биржид хоёрдогч зах зээлийн арилжааг нээлээ.
“Омни Ассет” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжаагаа арваннэгдүгээр сарын 22-ны 10.00 цагт нээсэн бөгөөд төлөвлөсөн 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа хоёр цагийн дотор төвлөрүүлснээр анхдагч арилжаа хаагдсан байна.
Тодруулбал, “Омни Ассет” нь “Хөрөнгөө босго” уриан дор хөрөнгө оруулагчдад өгөөжөө улирал бүр хүртэх, нэгж нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 19.6 хувийн өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан 60,000 ширхэг үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй арилжиж, амжилттай хөрөнгө оруулалтаа татжээ. Энэхүү эрэлттэй хөрөнгө оруулалтаас хоцорсон оролцогчид хоёрдогч арилжаанд оролцох боломж нээгдэж байна.
“Омни Ассет” ХБҮЦ нь зах зээлд эрэлттэй байсны гол шалтгаан нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц өндөр өгөөжтэй, дээр нь үнэт цаас гаргагч “Омни Капитал ББСБ” ХХК нь олон нийтэд нээлттэй бүтээгдэхүүн санал болгож байсан туршлагатай, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн санал болгодог, найдвартай компани гэдэг нь давуу тал болсон аж.