Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй хамт такси үйлчилгээг зохицуулах, бүртгэх тухай дагалдах хуулийн төслүүдийг оруулж ирсэн. Ингэхдээ такси үйлчилгээг зөвшөөрөлтэй ААН явуулах, нэг өнгийн тээврийн хэрэгслээр үйлчлэх, зөвшөөрөлгүй иргэн такси үйлчилгээнд явбал таван сая төгрөгөөр торгох зэрэг хатуу заалтууд оруулж байгааг такси үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэх "1000 таски жолооч" чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтыг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон, хамгийн олон бүртгэлтэй “таксичид”-тай Юбикаб ХХК-иас зохион байгуулав.
Ингээд жолооч нарын байр суурийг тоймлон хүргэе.

UBCab ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр: Сүүлийн үед манай улстөрчид, шийдвэр гаргагчдын амнаас такси үйлчилгээг бүртгэлжүүлнэ гэх үг гарах болсон. Бид нар өнгөрсөн хугацаанд юу хийж ирснээ энэ хүмүүст ойлгуулаагүй юм болов уу. Бидний өдөр тутамд хийж байгаа зүйлийг энэ хүмүүс төдийлөн мэддэггүй юм болов уу. UBCab өөрийн гэсэн стандарттай. Тэр стандартыг хэрэглэгч мөрдүүлдэг. Үйлчилгээ авсан хэрэглэгч бүр сайн бол сайн, муу бол муу гэдэг үнэлгээгээ өгдөг. Энэ системээр муу нь шахагдаж, сайн нь үлддэг. Такси үйлчилгээ явуулахад зөвхөн нэг өнгийн такси байх ёстой гэдэг чинь Улаанбаатарт өмнө нь байсан шийдэл шүү дээ. Сити, Улаанбаатар такси гэж байсан. Яагаад тэр газрууд байхгүй болсон юм. Тухайн таксины жолооч хуримтлал үүсгэж таксинд явах машинаа худалдан авч байгаа шүү дээ. Тэгвэл нэг өнгөтэй болговол тэр машин нь зарагдах уу, үгүй. Нэг өнгийн такси байхын сул тал нь энэ. Тэгээд ч дэлхий дээр нэг өнгийн такситай улс хотууд байхгүй болж эхэлж байна.
Бид бизнес хийж байгаа ч гэсэн зөвхөн өөрсдийн эрх ашгаа харахгүй
Н.Отгонбаяр
Нэгэнт ардчилсан улс мөн юм бол бүртгэлжүүлэх, тусгай зөвшөөрөлтэй болгох хуульд жолоочид эрх ашгаа хамгаалж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй учраас өнөөдрийн 1000 жолоочийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Мэдээж хууль UBCab-д ашигтай. UBCab машин лизингийн үйлчилгээтэй, машин оруулж ирдэг. Бид тэр үйл ажиллагаагаа өргөжүүлээд явна л гэсэн үг. Гэхдээ өчигдөр приус машин зээлээр авсан залуу яах юм. Хууль тогтоосноо зөв талдаа рультай "Sonata" авч байж л таксинд яв гэдэг зөв зүйл биш байх. Бид бизнес хийж байгаа ч гэсэн зөвхөн өөрсдийн эрх ашгаа харахгүй. Бидний хамтрагч жолооч нарын асуудал хөндөгдөж байна шүү дээ. UBCab-д явж байгаа 40 мянган жолооч байна. Эдгээрээс зөвхөн өглөөнөөс орой хүртэл таксинд явдаг нь хэд байгаа бол.
Мөн өглөө хүүхдээ хүргэж өгчихөөд дуудлагаар таксинд явдаг тэтгэврийн хөгшин "Хүүхдүүдийнхээ гарыг харахаа больчихлоо" гэдэг, уул уурхайн компанийн ээлжиндээ ажиллачихаад хотод ирж 14 хоног UBCab-д явдаг хүмүүс ч байна. Төрд ажилладаг залуус хүртэл оройн цагаар үйлчилгээнд явж байна. Үнэхээр UBCab байгаагүй бол бусдын карма руу гараа дүрэх байсан байх. Ажлаа тараад таксинд явснаар хэнээс ч гуйхгүй зээлээ төлдөг болсон гэдэг. Тэгэхээр бидний бий болгосон энэ систем дээр бусад орны жишгээр хувиараа таксинд явдаг хүмүүсийг бүртгэлжүүлэх л хэрэгтэй. Харин тэднийг хүн тээвэрлэхдээ үзлэгт орж, машин техникээ шалгуулдаг, даатгалаа хийлгэдэг болгож зохицуулах ёстой болохоос зөвхөн компанид зөвшөөрөл олгож явуулах нь зүй ёсных биш. Бүр санхүүгийн чадамжтай компани гээд биччихсэн байгаа. Ер нь, өнөөдөр түгжрэл үүсгэж байна гээд муу хэлүүлээд байгаа хүмүүс чинь Улаанбаатар хотын иргэдийн тээврийн асуудлыг хариуцаж байгаа шүү. Бүгд мэдэж байгаа. Ажил тараад явахад автобусны буудал дээр хүн нь багтахгүй байна. Тэр хүмүүс юунд сууж, яаж явж байгааг мэдэж байгаа болов уу. Ямар ч байсан шийдвэр гаргагчид Авто тээврийн тухай хуулиа эргэн хараасай. Заавал 5000 машин оруулж ирж, шинээр такси бааз байгуулах юм бол дахиад л түгжирнэ. Үүнээс илүү өдөр бүр таксинд явж байгаа хүмүүсээ бүртгэлжүүлж болдоггүй юм уу. Энэ санал дээр байр сууриа нэгтгэх зорилгоор өнөөдрийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Таксины жолооч 1: Миний хувьд таксинуудыг нэг өнгөтэй болгох хуулийн зохицуулалтыг эсэргүүцэж байна. Учир нь, би 2010 оны буруу талдаа рультай Приус-30 автомашинтай. Машинаа гурван жилийн хугацаатай зээлээр авахад 37 сая болгож төлж байгаа. Үүнийгээ эргүүлж зарах юм бол 12 сая хүрэх үү, үгүй юү. Тэгээд өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд хоёр охиноо унтуулчихаад шөнөжин таксинд явдаг. Сарын зээл маань сая гаруй мянган төгрөг. Хоёр гарч, хоёр амардаг ажил хийдэг ч цалин нийгмийн даатгалаа суутгаад зээлээ төлөөд яг таардаг. Хоёр хүүхдээ тэжээх, амьдралаа залгуулахад мөнгө хэрэгтэй учраас боломжит цагаараа таксинд явах шаардлага гардаг.

Таксины жолооч 2: Энэ хуулийн төсөл дээр 100 хувь санал нэгдэхгүй байгаа. Эрх баригчид дэндүү харалган байна. Нүд нь балай, чих нь дүлий. Бидний ажлыг байр, өнөөдрийн нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Бид сайндаа такси үйлчилгээнд яваагүй. Бүгд өр зээл, ахуй амьдралтай учраас л явж байна. Монголын нөхцөл байдалд 20 мянган төгрөг ямар үнэ ханштай байгаа билээ. Дэлгүүр ороход 20 мянган төргөг 5500 төгрөгийн ханштай болчихсон. Эрх баригчид хэт амьдралаас тасарчихсан байна. Хуулийн сургуульд дөрвөн жил сурч байсны хувьд энэ хууль бидний хөл, гарыг дөнгөлөх юм биш үү. Ардчилсан Монгол Улсад бид лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэг шиг хий сэлгүүцсэн ч яадаг юм.

Таксины жолооч 3: Хуулиар халхалж байгаад бидний тавагтай хоолноос хумслах гээд байна. UBCab-д би баярлаж байгаа. Би Х.Нямбаатар болон Д.Сумъяабазарын жолооч хийж явахдаа сардаа хоёр сая төгрөг авч үзээгүй. Нэг удаа ч авч байгаагүй. Одоо би таксинд явснаараа гэр бүлдээ цаг гаргадаг болсон. Тэднийг баарны өмнө сахих биш баарнаас гарсан хүнийг аюулгүй хүргэж өгдөг аппликейшн ашиглаж байгаа. Энэ нь надад боломж олгож байгаа. Тэрнээс түрээсийн такси авч ял хийж яваагүй байхгүй юу. Магадгүй Хятадаас цахилгаан машин оруулж ирээд бид нарт зарах гээд байгаа байх. Эсхүл Солонгосоос хугацаа нь дууссан, худлаа он шивсэн машин оруулж ирж биднийг дарамтлах гээд байна. Таны буруу рультай машинаар хүн зөөх, зөв рультай машинаар хүн зөөхийн ялгаа юу байгаа юм.