Open iToim app
Соёл, урлаг | 3 мин уншина

Шар Гэгээ: Монгол өөрөө шинжлэх ухааны орон

Шар Гэгээ: Монгол өөрөө шинжлэх ухааны орон
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 20
Улаанбаатар олон улсын кино наадмын шилдэг кино зохиол, шилдэг туслах эмэгтэй дүр, шилдэг хөгжмийн зохиолоор шалгарсан “Шар гэгээ” уран сайхны кино өнгөрөгч сарын 24-нөөс бүх IPTV, OTT видео сангаар үзэгчдийн хүртээл болсон. Уг кино Монголынхоо кино наадмаас гурван том шагнал авч, гарсан даруйдаа олон нийтийн таашаалд нийцэж, ам сайтай байгаа билээ. Тэгвэл энэ удаа аньсага чийглэх уг киноны талаар сийрүүлье.
Монгол бол хөгжиж буй орон. Иймдээ ч олон улсын сайн жишиг, санаа, санаачилгыг даган дуурайж, хуулбарлаж яваа. Урлаг соёлын салбар ч ялгаагүй, тэр дундаа кино урлаг. Сүүлийн жилүүдэд бусад улсад юу гарна, түүнтэй ижил төстэй үйл явдал, зохиол, дүр төрхтэй кино талх шиг театр, IPTV-д нийлүүлэгдэх болсон. Нэг талдаа сайн ч, нөгөө талдаа чанаргүй, дутуу дулимаг кино нэртэй “бранк” цөөнгүй гарч буй. Харин энэ удаад олон улсын дуураймал бус үндэсний онцлог, ондоошлыг “Шар Гэгээ” сайтар агуулжээ. Шалтгаан нь зохиол. Энэхүү киноны эх зохиол нь Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Шар гэгээ” жүжгийн зохиол юм. Энэ цаг үед үнэ дагаж чанар гэдэг шиг зохиол дагаж чанар болчхоод буй.
Киноны тухайд говийн зартай анчин Дашжилынх зүү утас холбох хоёр охинтой ч хүү тогтдоггүй. Харин хангай нутагт аж төрөх тайжийн адууч Даримынх үрийн зулай үнэрлэж амжаагүй, тэдний мөрөөсөл нь хүүхэд. Эл хоёр айл аргаа барж, адаг сүүлд нь анчны ганц олдсон хүүг адууч Даримын гэр бүл өргөн авснаар үйл явдал цааш өрнөдөг.
Өнөөдөр XXI зуун. Бид шинжлэх ухаанд итгэж, түүнд найддаг цагт аж төрж байна. Хэдийгээр шинжлэх ухаанаар баталж, цаасан дээр бичиж бүртгээгүй ч монголчуудын нэгэн нээлт эл кинонд өгүүлэгддэг. Тэр нь хүүхэдгүй айл хүүхэд өргөж авснаар хүүхэдтэй болох, хүүхэд тогтдоггүй айл хүүхдээ тогтоохын тулд айлд өргүүлэх тухай юм. Энэ уламжлалт ухаанаар олон гэр бүл үр хүүхэдтэй болж, ирсэн хүүхдээ буцаахгүйн тулд замыг нь “баллан” тогтоож байсан гэдэг. Магадгүй, таны өвөө, эмээ, элэнц, хуланцад ч тохиолдож байсан эсэхийг үгүйсгэхгүй. Бодоод үзье л дээ. Бидний үүх түүхийг сөхвөл хар ус харамлах атугай, хайрлаж өсгөсөн хүүхдээ хүний дутууг дүүргэхээр өгөх хэмжээний энэрдэг, хайрладаг зөөлөн улс байж. Харин одоо....
Мөн киног зөвхөн хүүхэд олох “тэмцлийн” тухай хэмээн тодорхойлж боломгүй. Учир нь, анчин Дашжилын тухайд амьтны амь тасалснаас улбаатай хүүтэй болж чаддаггүй. Нэг төрлийн үйлийн үр. Энэ нь ч кинонд тод харагддаг. Хүүг эрүүл саруул өсөн торниж байхад Дашжил ахин ан хийснээр хүү энддэг. Энэ нь хүн, байгалийн холбоог давхар өгүүлж буй. Иймдээ ч монголчууд байгаль дэлхийтэйгээ эв түнжинтэй байж, аргадаж, тахин шүтэж, хайрлан хамгаалж ирсэн биз.
Энэ хэсэгт "Шар гэгээ" киноны “баатар”-уудыг танилцуулъя. Гол дөрвөн дүр болох Дашжилын дүрд Н.Ялалт, Даримийн дүрд Э.Батнямбуу, Хажидын дүрд Т.Энэрэл, Хоролгаравын дүрд Л.Жижжалам тоглосон. Эл УСК бол хамгийн урт текстийг, хамгийн амархнаар өгүүлсэн гэдгээрээ онцлог байх. Ингэж хэлэхийн учир нь тэдний нүд, харцны өгүүлэмж. Магадгүй үрээ алдсан эх хүн, эцэг хүний шаналсан, туйлдсан, гансарсан мэдрэмж, сэтгэлийг тайлбарлахад хэдэн хуудас, хэдэн боть номын дайтай байна байх. Харин тэдний уй гашуугаас үзэгч хуваалцахад энэ урт текст хэрэггүй байв. Хэдийгээр монголчуудын үзэж дассан МУГЖ Д.Цэрэндарьзав, МУГЖ Ш.Даваасамба, МУСТА Л.Доржням туслах дүрд тоглосон ч өег байв. Үүнийг “луйгар”-ууд чимж, сонирхогчид гялалзсан гэхэд ч болох юм.
Сайн зохиол, сайхан найруулга, сайн жүжигчдийн буянд “под” хийчихэж байгаагийн сацуу саарч, алсарч буй уламжлал ёсоо ч багахан мэдэж авсан нь залуу хүнд олзуурхууштай. Тухайлбал, дөрвөн хананы дундаас тоотой гардаг залуус бидний дунд уламжлал ёс заншлаа үгүйсгэх хандлага бий. Гэтэл болхи, мухар гэх монгол үндэстний өв уламжлалын үйл, үг бүр нь утгатай, үр ашигтай аж.  Жишээлбэл, хөх олс тавих, хураах, хүүхэд хөлсөх зэрэг үгийг залуус уг киноноос анх удаа сонсох нь лавтай.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн