Сонгууль дөхөж, улстөрчид нэр дэвшихээр горилж байгаа тойргоо услаад тун завгүй явна. Ер нь ирэх жилийн сонгууль дуустал монгол төрийн үйл ажиллагаа төрийн мэргэшсэн албан хаагчдын нуруун дээр явах нь.
Сайд, дарга нараас ихийг хүлээгээд ч хэрэггүй. Төрийн ажлыг замхруулж, хувийн эрх ашгаа боддог дарга нарын үйлдлийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Б.Баярмагнай нараас харж болохоор байна. Сайд, дэд сайд нь сонгуульд анхаараад завгүй явахад удирдлагад нь ажилладаг цэргийн ангид эрдэнэт хүний амь эрсэдлээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймагт нэр дэвшихээр өнгөрсөн зунжин л тойрогтоо тулж ажилласан. Харин дэд сайд Б.Баярмагнай нь Булган аймагт нэр дэвшихээр гүйж яваа сурагтай.
Г.Сайханбаяр сайд Ерөнхийлөгчийн ангийн найз бөгөөд түүний квотоор Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Тиймээс ирэх жилийн сонгуулиар ч Ерөнхийлөгчийн квотоор Архангай аймагт нэр дэвшихээр тойргоо услаад эхэлсэн гэдгийг намынхан ч, сөрөг хүчнийхэн ч хэлж буй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимаас “Батлан хамгаалахын сайд Их хуралд нэр дэвшинэ гээд энэ зунжин Архангай аймагт хэдэн зуун хүнтэй цэргийн ангийг ажиллуулсан. Зунжин төсвийн мөнгөөр сонгуулийн ажил хийсэн. Төрийн мөнгийг ийм байдлаар хувьдаа, сонгуульдаа ашигладаг байдал хэрээс хэтэрчихээд байна” гэсэн юм.
Г.Сайханбаяр сайд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт “Зэвсэгт хүчний 342 дугаар анги”-ийг энэ ондоо багтаан байгуулах гэж байгаа. Мөн Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хороо хамтран зохион байгуулдаг "Бүх цэргийн наадам" барилдааныг Архангай аймагт зохион байгуулсан. Энэ бол Г.Сайханбаяр сайдын тойргоо усалж, хийж буй гол ажлууд нь.
Архангай аймаг УИХ-ын гурван мандаттай. 2020 оны сонгуулиар сонгогдсон гурван залуу гишүүний нэг нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол нэг нь шүүхээс долоон жилийн хорих ял аваад байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр мандат суларсан. Тиймээс Г.Сайханбаяр сайдад мандат олдохгүй гэх зовлон байхгүй.
Харин тус яамны дэд сайд Б.Баярмагнай МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд Булган аймгийн квотоор Бага хурлын гишүүн болсон. Аав нь Булган аймгийн Дашинчинлэн суманд төрсөн гэдгээс өөр Булган аймагтай хамаатах зүйл түүнд үгүй. Гэхдээ Булган аймгийн квоттой МАН-ын Бага хурлын гишүүн учраас ирэх жил Булган аймагт нэр дэвшинэ гэнэ.
Булган аймаг хоёр мандаттай. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН нэр дэвшүүлэхгүй учраас нэг мандат суларч байгаа. Тиймээс энэ орон зайд Батлан хамгаалах яамны дэд сайд Б.Баярмагнай нэр дэвшихээр горилж байгаа.
Нэг яамны хоёр сайд сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орчихоор хариуцсан ажил нь цалгардгийг 326-р ангид болсон харамсалтай явдал харуулж байна.
Сонгуулийн хуулиар төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшвэл сонгуулийн жил эхлэхээс өмнө буюу нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажлаа өгөх ёстой. Харин улс төрийн албан тушаалтнууд ажлаа хийнгээ сонгуульд нэр дэвшиж болно. Тиймээс Батлан хамгаалах яамны хоёр сайд ажлаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшинэ. Энэ нь Б.Пүрэвдорж гишүүний хэлсэнчлэн төрийн мөнгийг хувьдаа, сонгуульдаа ашиглах боломж, эрх мэдэл нь ч тэдэнд бий.