Open iToim app

БАЙР СУУРЬ: Буцаалтаа бүр болиод НӨАТ-ын 10 хувиа л 5 болгочих

БАЙР СУУРЬ: Буцаалтаа бүр болиод НӨАТ-ын 10 хувиа л  5 болгочих
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 2
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим лхагва гаригт “НӨАТ-ын асуудлаар бизнес эрхлэгчдийн байр суурь” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн иргэдэд олгох НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг өөрчилснөөр эдийн засаг, бизнест үзүүлэх нөлөөний талаар илтгэл танилцуулсан. Тэрээр Монгол Улсад 2022 оны байдлаар далд эдийн засгийн хэмжээ 10.15 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 18.8 хувьд хүрсэн. Худалдан авагчид НӨАТ өгөхгүйгээр бүтээгдэхүүний үнээ хөнгөлж зарах зэргээр татвар төлөхөөс зайлсхийдэг байдлаас шалтгаалж бий болдог алдагдсан татварын орлогын дүн 2022 онд гурван их наяд төгрөг болж, ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэж байгааг онцолсон юм.
Мөн МҮХАҮТ-ын “Монголын бизнесийн орчин 2020” судалгаагаар бизнес эрхлэгчид бизнесийн орчин, НӨАТ-ын хувь хэмжээнд тааруу үнэлгээ өгсөн. Бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд татварын орчныг сайжруулах буюу НӨАТ-ын хувийг бууруулах, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдал судалгаагаар аж ахуйн нэгжүүд татвар, НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, хойшлуулалтын дэмжлэг үзүүлэх, НӨАТ-ыг бүгд жигд 5 хувь төлдөг байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн талаар мэдээлсэн юм.
Улмаар МҮХАҮТ-аас 2023 онд НӨАТ-ын буцаан олголтын дүн энэ оноос дунджаар 20  хувиар өснө. Одоогийн хоёр хувийн буцаалтаар иргэдэд нийт 299.6 тэрбум төгрөг олгоно. Харин НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлж таван хувь болгосон тохиолдолд нэмж 449.4 тэрбум төгрөг төлөвлөх шаардлагатай гэж тооцоолжээ.
“CEO” клубын ерөнхийлөгч Б.Гантулга энэ талаар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох шийдэл бизнес эрхлэгчдэд хэрэгтэй шийдвэр. Бизнес эрхлэгчид нэг орчинд өрсөлдөх ёстой. Өнөөдөр бүх татвараа шударгаар төлөөд явж байгаа маш олон бизнэс байгаа. Гэтэл ямар ч талбар төлдөггүй, татвараас зугтдаг шударга бус бизнесүүд байдаг. Шударгаар явж байгаа бизнесүүд татварын зардлаа шингээчихээр шударга бусаар бизнес хийж байгаа хүмүүсийнхээс бараа, бүтээгдэхүүн нь 10-20 хувь өндөр болдог. Хэрэглэгч, худалдан авагч хямд үнийг сонгох нь зүй ёсны хэрэг. Ингээд татвар төлдөггүй, эдийн засагт ямар ч оролцоогүй бизнесүүд шударга бизнесүүдээс хоёр дахин их борлуулалт хийдэг гэх судалгаа байгаа. Энэ нь эргээд шударга бизнесүүд адилхан татвараас зугтаах, татвараа нуун дарагдуулах нөхцөл рүү түлхдэг нь эцэстээ улс, нийгэмд хохиролтой.
undefined
Тиймээс буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг нь эргээд иргэдийн НӨАТ авах идэвхийг нэмэгдүүлэх хөшүүрэг болно. Жишээ нь, жилийн өмнө НӨАТ-ын нэг хүрэхгүй хувиар санхүүждэг сугалааг болиулах шийдвэр гаргахад иргэдийн идэвх буурч НӨАТ-ын орлого бүрдүүлэлт 50 хувиар шууд буурч байсан. Харин НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэх санал иргэдийг улам сэдэлжүүлж, худалдан авалт хийхдээ НӨАТ нэхдэг сонирхлыг нэмэгдүүлнэ. Энэ нь далд эдийн засагт төвлөрч байгаа татварыг авах шийдэл болно. Нөгөө талдаа НӨАТ-ын буцаалтад шаардлагатай 600 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр эргээд бизнест худалдан авалт болж, эдийн засгийн эргэлтийн нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн орлого тэрхүү 3 хувиар нэмэгдэнэ гэх байр суурийг илэрхийлсэн.
Барс группын тэргүүн Ч.Амарбаатар: Зөв хэрэглэж чадвал НӨАТ бүртгэлийн хамгийн том дата. Гэхдээ ард түмэнд хамгийн хүндээр тусаж байгаа татвар. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх зэргээр ажил хийсэн болж, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, татварын орчин нөхцөлийг сайжрууллаа гэж ярихын оронд НӨАТ-ыг 5 хувь болгох хэрэгтэй. Ингэснээр бизнес эрхлэгчдэд дарамт бага учирна.
undefined
Тиймээс эсрэгээрээ буцаан олголт гэдэг зүйлийг болиод НӨАТ-аа 10 хувиас 5 хувь болгох ёстой. НӨАТ 5 хувь болсноор бүх бараа, бүтээгдэхүүний үнэ тэр хэмжээгээр буурна. Эндээс худалдан авагч, бизнесийн аль аль нь хожно. Хамгийн гол нь, жилийн борлуулалт нь 50 сая дотор байвал НӨАТ төлөхгүй гэдэг хорлонтой зүйлийг болих хэрэгтэй. Бизнес хийж байгаа л бол бүгд татвар төлөх ёстой. Мөн уул уурхай, төмөр зам, банк санхүү зэрэг гол мөнгө эргэлдэж байгаа газрууд НӨАТ төлдөггүй. УБТЗ ХНН, тээврийн компаниуд, уул уурхайн бүтээгдэхүүн огт татвар төлөхгүй гараад явчихдаг. Тиймээс гол бизнесүүдээсээ татвар авах хэрэгтэй. Нөгөө талд гаалийн татварыг нэмэх замаар төсвийн орлогоо нөхөх боломжтой. Ингэснээр уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих үйл явцад дэмжлэг болно.
Эрх баригчид асуудлыг бүтээн зургаар харахгүй зөвхөн хэрэглэгч талаас нь харж байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүс цөөнх учир тэдний санал тийм чухал биш. Нөгөө талд, татвар төлөгч биш хэрнээ иргэд олуулаа, дээр нь сонгогч болохоор илүү үнэтэй. Тиймээс татвар төлөгчдөө хамгаалж, хөгжүүлэхийн оронд зөвхөн сонгогчдод хандсан бодлого л явж байна.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн