Open iToim app
Спорт | 3 мин уншина

Тамирчид: Холбоо болон багийн эзэд зөвшилцөлд хүрч, эргэн нэгдэх орон зайгаа үлдээх ёстой

Тамирчид: Холбоо болон багийн эзэд зөвшилцөлд хүрч, эргэн нэгдэх орон зайгаа үлдээх ёстой
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 31
Монголын сагсан бөмбөгийн холбоо болон багийн эздийн дунд үүссэн үл ойлголцлын улмаас нэр бүхий таван баг Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигээс гарч, сагсан бөмбөгт дахин хагарал үүссэн. Уг асуудал нь сагсан бөмбөгийн тамирчид, тэр дундаа зөвхөн дээд лигийн багуудаас бүрддэг үндэсний шигшээ багийн тамирчдыг хохироох байдал үүсгээд байна. Тэгвэл сагсан бөмбөгийн тамирчид МСБХ болон багийн эздийн дунд үүссэн үл ойлголцлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
“Эрдэнэт Майнерс” багийн тамирчин Г.Баттөр: Үндэсний дээд лиг эхлэхэд хоёр хоног үлдээд байна. МСБХ болон багийн эздийн дунд үүссэн маргаан, нэгэндээ тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаагаас болж таван багийн 70 гаруй тамирчин Үндэсний дээд лигт тоглох боломжгүй болсон. Сагсан бөмбөгийн тамирчдын хувьд албан ёсны нэгдсэн нэг лигт тогтлох байр суурьтай байгаа.
МСБХ өнгөрсөн 10 жилийн хугацаанд хуваагдаж, хоёр лигтай байж үзсэн. Манай үеийн залуучууд бүгд хоёр лигт тоглож үзсэн. Хоёр тусдаа лигтэй байх нь  сагсан бөмбөгийн хөгжлийг хойш нь татдаг.  
Тамирчдын төлөөлөл МСБХ болон Багийн эздийн холбоотой уулзаж сагсан бөмбөгчид аль нэг холбооны талд орохгүй, сагсан бөмбөг сонирхогч, үзэгчдээ хүндэтгээд лигийн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эздийн холбоо өчигдөр албан ёсны мэдэгдэл гаргасан. Үүнээс харахад үүссэн асуудлыг эргэн харж, зөвшилцөлд хүрэх хүсэлтийг МСБХ-нд гаргасан. Бидний хувьд МСБХ энэ асуудалд ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна.
“Хасын Хүлэгүүд” багийн тамирчин Б.Билгүүн: Талууд харж байгаа өнцгөөсөө хамаараад өөрсдийн дүгнэлтүүдийг хийж байна. Манай багийн хувьд багийн эздийн шийдвэрийн дагуу Үндэсний дээд лигтээ тоглохоор болсон. Миний хувьд сагсан бөмбөгийн нэг лиг байх ёстой, тамирчид нэгдмэл байр суурьтай байх ёстой гэдэг шалтгаанаар энд сууж байна.
МСБХ болон багийн эздийн зөрчлөөс болж асуудал үүсэж, лиг хуваагдахад хүрсэн. Тамирчид бэлтгэлээ хийгээд нэг лигт тоглоно гэж бодож байтал ердөө 10 хоногийн өмнө ийм асуудал үүссэнд маш их харамсалтай байна. Хэдий холбооны дүрэм журмыг дагаж, мөрдөх нь зөв ч багийн эзэдтэй үүссэн зөрчил, шалтгааныг залруулж, эргээд нэг лиг болж нэгдэх орон зайг хэн хэн нь үлдээгээсэй гэж хүсч байна. Миний хувьд тамирчид нэг лигт тоглох хүртэл “Хасын Хүлэгүүд” багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй.
“IHC Apes” багийн тоглогч Э.Цэрэнбаатар: Манай багийн тамирчдын хувьд холбоодын үл ойлголцлоос болж зөвхөн дээд лиг төдийгүй хөгжлийн лиг, оюутны лиг болон бусад сагсан бөмбөгийн лигт тоглож байгаа тамирчид, үзэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Тиймээс сагсан бөмбөгийн хөгжлийг илүү ахиулж, хамтдаа нэгдмэл байх байр суурьтай байгаа.
“Эрдэнэт Майнерс” багийн тамирчин Т.Санчир: Сагсан бөмбөгийн холбоонд хагарал үүсэж байгаа  асуудал бол анхны тохиолдол биш. Үзэгчид, тамирчид, багийн эзэд, холбоо гээд бүгд хагаралтай, хоёр лигтэй байдлыг туулж үзсэн. Хоёр талд лигтэй, сагсан бөмбөг хагаралтай байна гэдэг тийм сайхан зүйл биш. Ялангуяа, сагсан бөмбөгийн спортод үзэгчид хамгийн чухал. Үзэгчид тамирчдыг нэг лигт харахыг хүсэж байгаа. Тиймээс үзэгчдийг хүндлээд талууд уян хатан шийдэлд хүрээсэй гэж хүсч байна. Талууд шийдэлд хүрнэ гэж найдаж байна.
МСБХ-ны сонгууль жилийн өмнө болсон. Сагсан бөмбөгт хувь нэмрээ оруулсан бүх талууд санал нэгтэйгээр одоогийн холбооны ерөнхийлөгчийг сонгосон. Тиймээс бид дундаас сонгогдсон учир Г.Батцэнгэл захирал шийдвэрээ эргэн хараасай гэдгийг албан ёсоор хүсмээр байна.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн