Open iToim app
Төсөв | 8 мин уншина

Б.Түвшинтөгс: 2024 оны төсөв Монголбанкийг нэлээд сорино

Б.Түвшинтөгс: 2024 оны төсөв Монголбанкийг нэлээд сорино
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 31
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, МУИС-ийн дэд профессор, доктор Б.Түвшинтөгстэй 2024 оны төсвийн талаар ярилцлаа.
-Засгийн газраас 2024 оны төсвийн төслийг өргөн барьж, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Эдийн засагчид зардлаа хэт тэллээ, орлогоо өөдрөгөөр төсөөллөө гэж анхааруулсаар байна. Таны хувьд ирэх оны төсвийн төслийг ямархуу болсон гэж үзэж байна вэ?
-Төсвийн зардал 22.3 хувиар өссөн байна. Үүнийг хангахын тулд мэдээж орлогоо өөдрөгөөр төсөөлөхөөр болчихдог. Ингээд ДНБ-ий 2.8 хувь буюу 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн төсөл өргөн баригдсан. Төсөв ингэж тэлсэн нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь сонгууль. Сүүлийн арав гаруй жилийг харахад сонгуультай жилүүдэд иймэрхүү тэлэлт хийсэн байдаг. Сонгуулийн жилд төсвийн тэлэлт өндөр байснаа, сонгуулийн дараах хоёр жилд өсөлт нь хязгаарлагддаг хандлагатай явж ирсэн. Ийм мөчлөг төсөвт нөлөөлсөөр олон жил болж байна, одоо ч үргэлжлэх шинжтэй. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газар ийм л байдалтай төсөв оруулсаар ирсэн. Гэхдээ ийм байдал зөвхөн манай улсад ажиглагдаг уу гэвэл бас үгүй юм. Жишээ нь, бидний жишээ авах дуртай АНУ-д ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор тэлэх бодлого явуулах сонирхол гарсаар ирсэн. Тэгэхээр зөвхөн манай улсад гардаг гэхээс илүү эрх баригч намын сонирхол тийм байдаг байх нь. Үүнийг бид даван туулах ёстой. Энэ жилийн төсөвт нөлөөлөхгүй ч төсөв сонгуулийн нэг хэрэгсэл байсаар байх уу гэдэгт энэ удаагийн УИХ тодорхой зохицуулалт хийсэн.
-Ямар өөрчлөлтийг хэлж байна вэ?
-Энэ оны долдугаар сард Төсвийн тухай хуульд, түүнийг дагаад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хуульд бодлогын дорвитой өөрчлөлт орсон. Тухайлбал, төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв өргөн барихдаа өөрчилдөг практикийг хязгаарласан. Магадгүй 2024 оны төсвийн төсөл бол хуучин, ужгирсан хандлагын хамгийн сүүлчийн жил байх боломжтой. Энэ бол сонгуулийн болон эдийн засгийн мөчлөгийг сөрөх төсөв, сангийн бодлогод гарсан ахицтай тал гэж болно.
Нөгөө талаас, төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцлоо гэх шүүмжлэл жил бүр гардаг. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар орлогыг өөдрөг төсөөлж, өсөж байгаа зарлагаа санхүүжүүлэхээр оролдож ирсэн. Бас л олон жил явж ирсэн хандлага. Энэ нь олон аргатай. ДНБ-ээ өөдрөгөөр төсөөлөх, зэс нүүрсний үнийг өндрөөр төсөөлөх, сүүлийн үед ажиглагдаж буй хандлага нь экспортын гол бүтээгдэхүүний биет хэмжээг өөдрөгөөр төсөөлөх гэх мэт. Долдугаар сард холбогдох хуулиудад хийсэн өөрчлөлтөөр энэхүү хэт өөдрөг төсөөллийг хянадаг биш юмаа гэхэд хэлэлцүүлэг хийдэг байх тогтолцоо орж ирсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энэ чиглэлээр маш хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулж ирсэн. Гэвч, одоогийн байдлаар энэ зөвлөлийн нөлөө бага, тэдний санал зөвлөмж төсвийн төсөлд бараг тусдаггүй. Долдугаар сард холбогдох хуулиудад хийсэн өөрчлөлтөөр энэхүү зөвлөлийн үйл ажиллагаа илүү хүчирхэг, хараат бус, судалгааны чадавхтай, олон нийтэд дуу хоолойгоо хүргэдэг болох учиртай.
Энэхүү зөвлөлөөс Төсвийн хүрээний мэдэгдэл дэх есөн макро үзүүлэлтийг эдийн засгийн загварчлалуудын үдсэн дээр таамаглаж УИХ-д санал, зөвлөмжөө, дагалдах тооцоо судалгаагаа олон нийтэд нээлттэй оруулж ирдэг зохион байгуулалтад орвол дээр ярьсан төсвийн тогтвортой байдал илүү баталгаажих үндэстэй. Ингэхийн тулд энэ зөвлөл, түүний судалгааны алба Монголбанктай дүйцэхүйц судалгааны чадавхтай болох ёстой.
Ингээд төсөв сангийн бодлогыг ерөнхийд нь харахаар Засгийн газар төсвөө оруулж ирэхдээ өмнөх хандлагаар оруулж ирлээ, дараа жилээс тоглоомын дүрэм өөрчлөгдөнө гэж найдаж байна.
-2024 оны төсвөөс юу ч хүлээгээд хэрэггүй, харин 2025 оны төсөв сайн төлөвлөлттэй байж магадгүй гэж үү?
-Энэ жилийн төсвийн төсөл миний хувьд 2012 оны төсвийг санагдуулсан. Та бүхэн санаж байгаа бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсан ч 2013 оноос бүрэн хэрэгжиж эхлэхээр заасан байсан. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулийн төсвийн орон зайг тухайн үеийн Улсын их хурал, Засгийн газар авч үлдсэн байдаг.
Миний бодлоор 2024 он мөнгөний бодлогыг нэлээд сорино. Нийт эрэлтийг дэмжсэн төсвийн бодлого явж байгаа учраас эдийн засгийн өсөлт хангагдах талтай. Гэхдээ, эрэлт өндөр байхаар үнэ хөөрөгдөнө. Гэтэл, Монголбанк ирэх онд инфляцыг бууруулж 8 хувьд хүргэх зорилт тавьсан. Тэгэхээр Монголбанкийг мөнгөний бодлогоо хатууруулахын шаардана гэсэн үг. Хатуу бодлого гэдэг чинь өнөөдрийн өндөр хүү буурахгүй, харин ч өсөх талтай гэсэн үг.
Улмаар, үнэ хөөрөгдөхөөр валютын ханшид дарамт ирнэ. Гадаад валютын дотогшлох урсгал бидний төсөөлж байгаа шиг биш, доголдвол Монголбанкинд валютын ханшийн зохицуулалт хийх шаардлага гарна. Ийм бие биеэсээ нөхцөлдсөн асуудлууд үүсэх эрсдэл 2024 онд бий.
-Төсөв ирэх онд Монголбанкийг нэлээд сорихоор харагдаж байна. Мөн ипотекийн зээлийг Засгийн газар хариуцахаар болж байсан ч сүүлийн жил эзэнгүй явсаар дунд нь иргэд зээл авч чадахгүй хохирлоо. Гэтэл ирэх оноос Монголбанк хариуцах юм байна. Гэвч эх үүсвэр тодорхойгүй?
-Өмнөх шигээ Монголбанкны эх үүсвэр гаргавал Монголбанк бүр л хүнд байдалд орно. Дээр хэлсэнчлэн Засгийн газрын зарлагын тэлэлт инфляц хөөрөгдөнө. Иймд мөнгөний бодлогыг хатууруулж зорилтот хэмжээнд барина гэсэн дүр зурагтай байгаад байдаг. Гэтэл үүн дээр нэмээд ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргавал мөнгөний нийлүүлэлтийг өсгөж буй хэлбэр. Тэгэхээр баримтлах гээд байгаа мөнгөний хатуу бодлоготой нь зөрчилдөнө. Ингээд хүнд байдлыг улам нэмэгдүүлнэ. Нэг талаараа эдийн засагт мөнгө нийлүүлж, нөгөө талаараа улам хүчтэй чангална гэсэн үг.
Ипотекийн хөтөлбөрийн нэг сул тал нь салбар онилсон бодлого. Эдийн засгийн салбаруудаас барилгын салбарыг сонгож аваад дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр бусад салбар нь хохирчихдог. Төв банкнаас салбарыг онилсон бодлого явуулах нь хохиролтой. Барилгын салбар яагаад ийм давуу талтай, эх үүсвэр нь хөнгөлөлттэй байх ёстой вэ гэдэг асуулт гарна.
Ипотекийн зээл дээр хүмүүсийн ярихгүй байгаа нэг зүйл бий. Ипотекийн хөтөлбөрөөр дамжуулж иргэдийг орон сууцжуулна, гэр хорооллыг багасгана гээд байгаа.
-Тэгээд утаа багасна гээд байгаа?
-Тийм. Гэтэл яг үнэндээ ипотекийн зээлийг шинээр авах хүмүүс дийлэнхдээ орон сууцанд түрээсээр амьдарч буй эсвэл орон сууцад амьдарч буй өрхүүдийн хүүхдүүд л авна. Эрэлт нь эндээс бий болно гэж харж байгаа. Тэрнээс биш яндангийн тоо буурах албагүй.
-Зүгээр л барилгын салбарыг тэжээгээд байгаа ч юм шиг санагдчихлаа?
-Барилгын салбар бол манай эдийн засгийн 10 орчим хувь. Барилгын салбар өндөр өсөлттэй бол иргэдийн амьдрал сайжирна, иргэдийн тав тухтай амьдрах орчин сайжирна. Агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ судалгаагаар нотлох ёстой. Ипотекийн хөтөлбөр гэр хорооллыг хэрхэн багасгаж байгааг судлах ёстой. Энэ талын судалгаа дутмаг.
undefined
-Ирэх оны зардлын задаргааг харвал урсгал зардал 80 хувийг эзэлж байна. Урсгал зардал дотроо хамгийн их тэлсэн нь цалин, тэтгэврийн зардал байгаа юм. Нэг талаар иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмэх нь зөв ч нөгөө талд цалин, тэтгэврийн нэмэгдэл нь төсөвт дарамт болж байна. Тэгэхээр төсөвт дарамт учруулахгүйгээр яаж цалин, тэтгэврийг нэмэх вэ?
-Манай эдийн засаг уул уурхайд суурилсан. Уул уурхайд суурилсан эдийн засаг нь хязгаарлагдмал нөөцтэй учраас зөвхөн одоо амьдарч байгаа бидний үе, бидний дараагийн үе гэсэн явцуу хүрээнд хүртэж байна. Тэгвэл бидний хүүхдийн хүүхэд яах вэ. Бид ийм ужгирсан тогтолцооноос зайлсхийх ёстой. Хавтгайруулсан халамж бол нэг талаар баялгийг ард түмэнд хүргэж буй суваг мөн боловч зах зээлийн механизмыг, хувийн секторыг дэмжсэн тогтолцоо руу явах бодлогыг тууштай явуулах учиртай.
Уул уурхайн салбар өсөж буй сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн баялгийг иргэдэд шууд хүртээж ирсэн. Энэ бол байж болох бодлого. Үүнд онолын үндэслэл ч бий. Энэ төрлийн шилжүүлэг төсвийн зарлагаас илүү үр ашигтай хувилбар байх талтай. Хувь хүн өөрөө авсан мөнгөө хамгийн ашигтайгаар зарцуулна. Засгийн газраар дамжуулбал авлигад өртөмхий, үр ашиггүй зүйл рүү орох гээд олон эрсдэл бий. Тиймээс нэг талаас шууд үр ашгийг хүртээх зөв. Нөгөө талаас, баялгийн үр ашгийг хадгалж байх ёстой. Зарим эдийн засагчид бүр энэ баялгийг энэ үед үр ашиггүй хэрэглэж байснаас газар доор нь хадгалж болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл, институцээ бэхжүүлж ав, үүний дараа баялгаасаа ашиг хүрт гэдэг. Зөвхөн энэ үеэ дэмжсэн бодлого байх юм уу, эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжсэн урт хугацааны бодлого байх ёстой юм уу гэсэн асуудал тулгарсаар байна. Манай бодлого эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжсэн урт хугацааны бодлого руу чиглэж буй боловч нэмж хийх алхмууд, доголдолтой, хэрэгжихгүй байгаа зүйлс олон байна.
Тухайлбал, Ирээдүй өв сангийн тухай хууль батлагдсан ч дагалдах корпорац нь байгуулагдах, үйл ажиллагаагаа явуулах нь хүлээгдээд удлаа. Энэ алхмуудыг хугацаа алдахгүйгээр хийх ёстой. Анхны концепц нь санг тусгай баг удирдаад, өгөөжийг нь хүртээд, өгөөж нь хуримтлагдаад, сан нь томроод хэдэн жилийн дараагаас сангийн өгөөжөөс төсөв ашиг шимээ хүртдэг, орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг тогтолцоо руу шилжих гээд байгаа боловч хойшлуулаад л байна. Халамж, цалин, тэтгэврийн нэмэгдлийг төсвөөс цалинжуулахаас илүү сангийнхаа өгөөжөөр шийддэг байх тогтолцоо руу явах ёстой. Цаашлаад урт хугацаандаа ирээдүй өв сан нь тэтгэврийн тогтолцооны араг яс болох ёстой юм. Иргэд өнөөдөр 5, 10 төгрөг авах бус тэтгэвэрт гарахдаа ашгаа хүртдэг тогтолцоо руу шилжих нь зөв. Уг нь бид энийгээ цаасан дээр хууль болгоод биччихсэн. Хэрэгжихгүй л байгаа юм.
-Зарим эдийн засагч манай улс энэ байдлаараа яваад байвал олон улсын хөтөлбөрт хамрагдах эрсдэлтэйг анхааруулж байгаа. Та юу гэж бодож байна вэ?
-Би тэгж бодохгүй байгаа. Манай улс өмнө нь яагаад хөтөлбөрт орсон бэ гэхээр төлбөрийн тэнцэл нь өндөр алдагдалтай, уул уурхайн салбар гацаатай, валютын нөөц багассан, эдийн засагт тодорхой бус байдал давамгайлсан, гадагшаа төлбөр тооцоо хийж чадахаа больсон, өрийн түвшин ДНБ-тэй харьцуулахад өндөр болоод, үүн дээрээзохицуулалт хийх ёстой болсон зэрэг шалтгаануудтай байсан.
Өнөөдөр чухам юу булингартуулаад, эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгоод байна вэ гэхээр инфляц. Инфляц өссөнөөр ААН-үүдэд дарамт үүснэ. Энэ үед ажилгүйдэл өсөх, бизнесийн идэвхжил буурах, зээлийн олдоц буурах асуудал үүснэ. Эдийн засаг дампуурч, хөтөлбөрт ортлоо тулна гэхээс илүү эдийн засаг байж болох байсан хэмжээнээс дутуу өсөлт авна. Өөрөөр хэлбэл, алдагдсан боломж өндөр байгаа гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн