Кремлийн тэргүүн Владимир Путин 2006 онд Бээжинд айлчлах үеэр ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх санамж бичиг байгуулсан түүхтэй. Улмаар хамгийн түрүүнд ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын нутаг дахь Чаяндины орд газраас эх авч БНХАУ-ын хүн амын 80 хувь нь аж төрдөг, ДНБ-ий дийлэнх хэсгийг бүрдүүлэгч Бээжин, Шанхай, Тяньжин, Далянь тэргүүтэй зүүн эргийн томоохон боомт хотуудад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч-1” төсөл яригдаж эхэлсэн. Уг төсөл олон жил хэлэлцээний ширээний ард яригдсаны эцэст 2014 онд талууд гэрээнд гарын үсэг зурж, 2019 онд жилд 38 шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Гэрээний хүрээнд ОХУ-ын тал 30 жилийн турш БНХАУ-д 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэхээр тохиролцсон. Мөн Москвагийн хувьд “Сибирийн хүч-1” хоолой нь дан ганц БНХАУ-д экспорт хийгээд зогсохгүй, алсдаа Хятадын зүүн эргээр дамжин Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн бусад зах зээлд байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл юм.
Үүний дараа ОХУ-ын Ямалын хойг дахь Уренгой ордоос эх авч, Алтайн хязгаарыг гатлан БНХАУ-ын баруун бүс буюу Шинжаан-Уйгур руу байгалийн хий нийлүүлэх “Алтай” байгалийн хийн хоолойн төсөл яригдах болсон. Гэвч уг төслийн бүтээн байгуулалт нь нэг талд Алтайн хязгаарт аж төрдөг ОХУ-ын үндэсний цөөнхийн шашин, соёлын дурсгалт газруудыг дайран өнгөрнө. Цоохор ирвэс зэрэг ховордсон ан амьтдын өлгий нутаг болсон байгалийг сүйтгэнэ. Төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай автозам нь Алтайн хязгаар дахь Хятадын нөлөөг улам тэлнэ. Нөгөө талд, “Алтай” маршрутыг амжилттай барьсан тохиолдолд Хятадын Шинжаан-Уйгур дахь Исламын шашины хэт даврагч үзэлтэй бүлэглэлүүдийн террорист халдлагын бай болох зэрэг эрсдэлүүдээс шалтгаалан уг төсөл талуудын хэлэлцээний сэдвээс хасагдсан.
Харин 2019 оноос эхлэн уг төслийг Монгол Улсын нутгаар дамжуулах асуудал идэвхтэй яригдах болж, төслийн нэрийг “Сибирийн хүч-2” болгон өөрчилсөн. Учир нь, манайд Засгийн газрын тогтворгүй байдлыг эс тооцвол дотоодын хагарал тэмцэл, үндэстэн болон шашин хоорондын мөргөлдөөн байхгүй буюу хөршүүдийн хувьд төслийн аюулгүй байдал ямар ч эрсдэлгүй. Улмаар манай хоёр хөрш “Алтай” маршрутаас татгалзсанаар “Сибирийн хүч-2” төсөл Монгол-Орос-Хятадын гурван талт түвшинд яригдаж эхэлсэн. Ийнхүү Монголын газар нутгаар дайрч ОХУ-аас жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх уг төсөл өнгөрсөн хугацаанд “Бүс ба зам” санаачилга болон ШХАБ-ын уулзалтуудаар төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын түвшинд гурван талт болон хоёр талт хэлэлцээний гол сэдэв байж ирсэн.
Ингээд 2021 онд Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын төрийн өмчит “Gazprom” компанитай хамтран “Сибирийн хүч-2” төслийн Орос-Монголыг холбох хэсгийн нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхэлсэн. Одоогоор төслийн нийт өртөг урьдчилсан байдлаар 14 тэрбум ам.доллар орчим байна гэж тооцсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-д айлчилж, Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ ТЭЗҮ бэлэн болсон талаар мэдэгдсэн. ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчлах үеэрээ “Сибирийн хүч-2” төслийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх санал тавьж, 2024 оны нэгдүгээр улиралд барилгын ажлыг эхлэх хүлээлттэй байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Харин өнгөрсөн сард урд хөршийн нийслэл Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ “Сибирийн хүч-2” төслийг аль болох хурдан эхлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Гэвч одоог хүртэл манай хоёр хөрш уг асуудлаар албан ёсоор тохиролцоонд хүрч, эцсийн байдлаар гар бариагүй яваа.
Тэгвэл Хятадын шинжээчид 2030 он хүртэл тус улсад байгалийн хийн нэмэлт нийлүүлэлт шаардлагагүй гэж Ши Жиньпинд зөвлөж байгаа. Дээр нь, Бээжин эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байдалд орж, Европын холбооны орнуудын алдааг давтахаас болгоомжилж буй. Энэ ч утгаараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын үеэр “Сибирийн хүч-2” бус Туркменистаны Саман-Дэпе ордоос эх авч Узбекистан, Киргизстан, Тажикстаны нутгаар дамжин БНХАУ-ын Шинжаан-Уйгурт байгалийн хий нийлүүлэх “Хятад-Төв Азийн хийн хоолой”-н Д шугамыг байгуулах ажилд илүүтэй анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Нөгөө талд, ижил Исламын шашинтай Төв Азийн орноос авах байгалийн хийн нийлүүлэлтийг улам тэлэх асуудал нь “Алтай” маршрутад тулгарч байсан Шинжаан дахь аюулгүй байдлын эрсдэлийг дагуулах магадлал асар бага байх нь гарцаагүй.
Тиймээс манай урд хөршийн хувьд ганцхан ОХУ илүү хямд үнэ санал болгосон тохиолдолд “Сибирийн хүч-2” төслийг эхлүүлэх зөвшөөрөл өгөх хувилбарыг авч үзэх болов уу.
Тэгвэл манай хойд хөршийн хувьд Украины дайны хориг арга хэмжээтэй холбоотой барууны орнуудын хоригоос шалтгаалан богино хугацаанд эрчим хүчний экспортын хувьд БНХАУ-аас өөр зах зээлгүй болсон. Тэр утгаараа анхаанаасаа Европоос хэд дахин хямд гэрээтэй “Сибирийн хүч-1” маршрутаас нийлүүлэх байгалийн хийг улам хямдруулж, БНХАУ-д хөнгөлөлт үзүүлж байгаа. Тухайлбал, 2022 онд Турк болон Европын орнуудад нийлүүлэх ОХУ-ын байгалийн хийн үнэ 1000 шоо метр тутамд дунджаар 983 ам.доллар байсан бол “Сибирийн хүч-1” хоолойгоор БНХАУ-д нийлүүлэх үнэ энэ онд 297 ам.доллар, ирэх онд 270 ам.долларт болох төлөвтэй байна. Хятадын тал “Сибирийн хүч-2” төсөл дээр үүнээс доошоо үнэ дээр тохиролцох хүртэл гэдийх хандлага ажиглагдаж буй.
Мэдээж ОХУ-ын хувьд Монгол Улсын газар нутгаар дайрах Сибирийн хүч-2” маршрут Хятадын нутагт ороод зүүн тийш Бээжин болон бусад томоохон хотууд, баруун тийш Шинжаанд байгалийн хий нийлүүлэх асар давуу талтай. Гэвч Москва зөвхөн өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг гэтлэх зорилгоор Бээжингийн тавьсан урт хугацаанд хямд үнээр байгалийн хий нийлүүлэх шаардлагыг хүлээн авсан тохиолдолд “Сибирийн хүч-2” төсөл Монголын “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Хятадын Чалко компанийн хооронд 2011 онд байгуулсан алдарт муу гэрээний хоёр дахь хувилбар болох магадлал өндөр. Энэ тохиолдолд “Сибирийн хүч-2” төсөл эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй болж манай улс нэг хэсэг зөвхөн Чалкогийн өрийг төлөхийн тулд олборлолт, тээвэрлэлт, татвар багтсан зардлаас доогуур үнээр Хятадад нүүрс экспортолж байсан шиг нөхцөл байдалд ОХУ орох эрсдэлтэй.
Гэхдээ “Сибирийн хүч-2” маршрут амжилттай хэрэгжсэн тохиолдолд Монгол Улс өөрийн нутгаар дамжих тээврээс татвар авч төсвийн шинэ эх үүсвэртэй болох. Байгалийн хийн хэрэглээнд шилжиж нийслэл болон аймгийн төвүүд агаарын бохирдлын асуудлаа шийдэх зэрэг давуу талтай. Гэвч уг төсөл нь эдийн засгийн хувьд манай улсад үр ашигтай гэх баталгаа хангалтгүй. Хамгийн гол нь, Монгол Улс тог цахилгаан, газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний хувьд хойд хөршөөс улам хараат байдалд орох эрсдэлтэй. Үүнээс чухал нь манай улс байгалийн хийн хоолойн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах эсэх. Монгол Улс онцгой обьектын аюулгүй байдлыг хангах чадамжгүй гэж үзсэн тохиолдолд ОХУ манай нутаг дэвсгэрт тусгай хамгаалалтын цэрэг оруулж ирж болзошгүй асуудалд хариулт байхгүй хэвээр байна. Мөн манай улсад явагдаж байгаа хэд хэдэн нүүрсний давхаргын метан хийн хайгуулын төслүүд эхнээсээ үр дүнгээ харуулж, нөөцөө тодорхойлж эхэлсэн. Тиймээс бидний хувьд хүний хийг, айлд зөөхөөс илүүтэй ойрын ирээдүйд өөрт байгаа төслүүдээ нэгдсэн болдогоор хэрэгжүүлж байгалийн хийн хэрэглээг дотоодоос хангах, цаашлаад урд хөрш рүү экспорт хийх асуудалд төвлөрөх нь Монгол Улсын эрх ашигт илүүтэй нийцэх талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх болжээ.