Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Стандарт, Хэмжил зүйн газар хамтран “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Төрийн худалдан авах ажиллагаа, МҮХАҮТ, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран оролцож, "Барилгын материалын стандарт, гарц шийдэл", "Улсын байгууламжуудын чанар, стандарт" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан "Импортын барилгын материалын стандарт, нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ “Сүүлийн үед суурьшлын бүсийн хүн амын дунд шалтгаангүйгээр бие сульдах, тавгүйрхэх зовиур нийтлэг илрэх болсон. Үүнийг мэргэжилтнүүд мөн л хар тугалга агуулсан барилгын материалтай холбон тайлбарлаж байгаа. Энэ бол импортын барилгын материалд стандарт, хэм хэмжээг чанд баримтлах нь үндэсний аюулгүй байдалд холбогдох нэн тулгамдсан асуудал болохын нотолгоо. Барилгын материалын чанар сайн биш байна гэж бид ярьж бичиж байгаа боловч чухам ямар материалын, ямар үзүүлэлт, чанар муу байгаа түүнд нөлөөлж буй хүчин зүйл, арилгах арга замын талаар ярихгүй бол материалын чанар аяндаа сайжрахгүй. Өөрөөр хэлбэл, бид судалгаа, дүгнэлт, техникийн баталгаа үндэслэлгүйгээр таамгаар ярьцгааж байна. Чанарын дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсгийн нэг тохирлын үнэлгээний хэсэгт баталгаажуулалтын байгууллага, сорилтын лаборатори, техникийн хяналтын байгууллагууд хамаардаг.
Засгийн Газрын 291 тогтоолоор заавал баталгаажуулалтад хамруулах барилгын материалын 7 бүлгийн 30 зүйлийн 230 нэр төрлийн бүтээгдэхүүний дийлэнхэд тохирлын баталгаажуулалт хийхээр Үндэсний итгэмжлэлийн төвөөс Барилгын хөгжлийн төв, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Барилга архитектур корпорац зэрэг байгууллагууд нь итгэмжлэл аван үйл ажилладаг.
Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагууд голчлон бетон хольц, дайрга, төмөрбетон хийц, хуванцар цонх, хаалга, хөөсөн полистрол бүтээгдэхүүн, бетоны нэмэлт, ган туйван зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгосноос биш бидний яриад байгаа дотоод орчинд хамаарах будаг, лак, цавууг шинжлэн үнэлэх асуудал орхигдоод байна” хэмээн онцолсон юм.
Тус хэлэлцүлэгт Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын Тэргүүн Г.Батсүх "Барилгын материал импортлогч, үйлдвэрлэгч нарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц шийдэл" сэдвээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин "Барилгын материалын хуний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл" сэдвээр тус тус итгэл тавьж, хэлэлцүүллээ.
Мөн импортоор орж ирж байгаа чанар стандартын шаардлага хангахгүй барилгын материалуудыг улсын хилээр оруулж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллахаар боллоо.