Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Сурвалжлага: Барилгын политехник коллежийн төгсөгчдийн 75 хувь нь шууд ажлын байртай болдог

Сурвалжлага: Барилгын политехник коллежийн төгсөгчдийн 75 хувь нь шууд ажлын байртай болдог
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 26
Манай улсад нийт 77 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 214 мэргэжлээр 38034 оюутан суралцдаг. Энэ удаагийн сурвалжлагаараа бид "Барилгын политехник коллеж"-ийг онцолж байна.
Сургууль руу орвол адилхан дүрэмт хувцас өмссөн хүүхдүүд байна. Заримынх нь хувцас цэв цэвэрхэн байх бол заримынх нь хувцас цемент, шохой болчихсон, модны үртэс наалдсан, харлаж түлэгдсэн байв. Учир нь, мэргэжил мэргэжлээрээ тэдний хувцас иймэрхүү харагддаг аж. Гагнуурын ангийнхны хувцас харласан байх бол агааржуулалтын ангийнхны хувцас цэвэрхэн байх жишээтэй. Царайг нь харвал жаахан хүүхдүүд мөртлөө өмссөн хувцас, хийж буй ажлыг нь харвал тэд аль хэдийнээ том хүн болжээ.
Тэдний сурдаг Барилгын политехник коллеж нь барилгын мэргэшлээр дагнасан МСҮТ бөгөөд 70 гаруй жилийн хугацаанд 50 мянга гаруй барилгачин бэлтгэжээ. Тэд дотоодын болон гадаадын 200 гаруй барилгын компанитай хамтран ажилладаг байна. Жилд дунджаар 800 барилгачин бэлддэг ба үүний 75-аас дээш хувь нь шууд ажлын байртай болдог аж.
undefined
Г.Нямдулам: Манай оюутнуудыг ажилд авъя гэж олон улсын томоохон байгууллагууд ханддаг
Нарийн мэргэжлийн чиглэлээр сургуулиа төгсөж буй оюутнуудыг гаднын компаниуд ихээхэн сонирхдог талаар Барилгын политехник коллежийн захирал Г.Нямдулам ярилаа.
Тэрээр "Манай сургууль БНСУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ-ын коллеж, компаниудтай хамтран ажилладаг. Сүүлийн үед Европ, Азийн орнууд ажиллах хүчний дутагдалд орсонтой холбогдуулан томоохон үйлдвэрүүд манай сургуулиас оюутан, ажилтан авъя гэж их хандах болсон. Тухайлбал, БНСУ-ын Самсунг корпорацийн Хүнд аж үйлдвэрийн захирал ирж ажиллах хүч авах тухай ярилцсан. Үүнийг бид бүхэн хоёр талаас нь хүлээн авч байна.
Бид өөрсдийн ажиллах хүчээ хөрөнгө зарж бэлтгэж байгаа мөртлөө гадагшаа алдаад байх уу. Эсвэл дотооддоо ажиллах хүчээ ашиглах уу гэдгийг анхаарах шаардлагатай юм. Мэдээж оюутнууд цалин өндөртэй, хангамж сайтай газар ажиллахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй оронд шинэ техник, технологитой ажиллаж сурах сонирхол байна. Иймд холбогдох хүмүүс нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Манай хүүхдүүдийн ур чадвар хаана ч гологдохгүй. Харин тэд ажиллах орчин, цалин хөлсөө голж байна. Иймд бид хамтран ажилладаг аж ахуй нэгжүүддээ цалин, урамшууллаа нэмж, ажлын орчныг хангаж өгөхийг хүсдэг" гэлээ.
Тус сургуулийн сургалтын хөтөлбөр нь мэргэжил бүр дээр өөр байдаг байна. Барилгын чиглэлийн мэрэгжлүүдийн хувьд хичээлийн 30 хувьд нь онолын мэдлэг олгоход, 70 хувьд нь дадлага сургуулилт хийдэг байна. Ингэснээр оюутнууд илүү практик мэдлэгтэй болж, ажлын байранд бэлтгэгддэг аж.
undefined
Ц.Лхагвадорж: МСҮТ-д сурах нь ашигтай
МСҮТ-д сурах нь үеийнхнээсээ түрүүлж алхах нэг хөшүүрэг болдог байна. Мөн ажил хийж сурахаас гадна дээд сургуульд сурснаас ашигтай хэмээн Мужааны хоёрдугаар ангийн оюутан Ц.Лхагвадорж онцолж байлаа.
Тэрээр "МСҮТ-д сурах их сонирхолтой. Миний хувьд мужааны хоёрдугаар анги. Модоор янз бүрийн зүйл хийх нь сонирхолтой санагддаг. Эхний ээлжид ширээ, сандал гэх мэт зүйл хийж, цахилгаан багажууд, машинууд дээр ажиллаж сурч байна. ЕБС-д сурч байсан бол арванхоёрдугаар ангид сурч байх байсан. Манай аав модон эдлэл хийдэг учир би ч бас хийж сурмаар санагдсан учраас МСҮТ-д орсон. Арван жилээ төгсөөд дахиад дээшээ сурч болох л байсан байх. Гэхдээ МСҮТ-д сурснаар бүрэн дунд боловсролтой болохын зэрэгцээ ажил хийж сурч байгаа нь их ашигтай санагддаг. Арванхоёрдугаар ангиа төгссөн гэдэг гэрчилгээгээ авахын зэрэгцээ мэргэжлийн үнэмлэхтэй болоод төгсөнө. Үргэлжлүүлээд ч их сургуульд сурсан болно шүү дээ. Гэхдээ сурахын оронд ажиллаж байсан нь дээр юм шиг санагдаад байгаа.
Мөн сар бүр өгдөг байсан тэтгэлгийг төгссөний дараа бөөндөж өгөхөөр болсон. Тэгэхээр тэр мөнгөөрөө жижиг цех хийж болох юм. Эсвэл цехэд хэрэглэдэг машин авдаг ч юм уу гэж бодож байна. Төгсөөд бас техникчээр сурна" гэсэн юм.
undefined
Тус сургууль нь 2013 оноос Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) хамтран ажиллажээ. Энэ хүрээнд сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, орчин нөхцөл, хүний нөөц, багш бэлтгэл, үйлдвэрлэлийн дадлага, хамтын ажиллагаа гээд олон зүйлээ шинэчилжээ.
Тухайлбал, ХБНГУ-ын Засгийн газрын хэлний бэлтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хэлний бэлтгэлд хамрагдсанаар герман хэлний B1 түвшний сертификат олгодог бөгөөд өөрийн мэргэжлээр ХБНГУ-ын томоохон компаниудад ажиллах боломжтой байна. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөлд сантехник, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин, барилга угсралтын техникч гэсэн хоёр мэргэжил хамрагдсан. Энэ хүрээнд ХБНГУ-ын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр тус мэргэжилтнийг бэлтгэж, багш нарыг чадавхжуулдаг аж. Энэхүү хоёр мэргэжлийн сургалтын орчин ХБНГУ-ын тоног төхөөрөмжөөр хангагддаг байна.
Нэг хэсэг дээд боловсролтой л болчихвол сайхан амьдарна гэх ойлголт байсан. Эцэг эхчүүд хүүхдээ их сургуульд л сургачихвал, хүүхдүүд нь их сургуульд орчихвол болох нь тэр гэж хичээсэн. Боловсролын зээл олгох, төрийн их сургуулиудын чадамжийг сайжруулах гээд төрийн бодлого ч ийш чиглэсэн он жилүүд өнгөрлөө. Дээд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дээд боловсролтой болох нь сайн зүйл. Гэвч улс орны амьдрал зөвхөн дээд боловсролын бэлтгэдэг чиглэлийн мэргэжилтнүүдээс гадна техникийн болон мэргэжлийн боловсролын мэргэжилтнүүдийн нуруун дээр явдаг нь үнэн билээ.
Сүүлийн жилүүдэд бид дээд боловсролын тогтолцоонд анхаарч ирсэн ч мэргэжлийн болон техникийн боловсролыг орхигдуулсан. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй хүүхдүүдийн 95 хувь нь чанартай, чанаргүй хамаагүй их сургуульд элсэж байна. Ийнхүү суралцаж буй оюутнуудыг гуравны нэг нь л ажлын байртай байна. Харин хөдөлмөрийн зах зээлд цагаан захтнууд бус мэргэжлийн болон техникийн мэргэжлийн ажил мэргэжил эрэлттэй байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.
Нөгөө талд ерөнхий боловсролын сурагчдын дунд МСҮТ, политехник коллеж гэхээр муу сурдаг хүүхдүүд ордог, зөвхөн стефент авахын төлөө л ордог гэх ерөнхий ойлголт байсан. Нийгэмд байгаа ойлголт нь ийм болохоор МСҮТ, политехник коллеж руу зүглэх хүүхэд байтугай, хүүхдээ элсүүлэх эцэг эх байхгүй байлаа. Харин сүүлийн үед энэ хандлага өөрчлөгдөж эхэлжээ. Учир нь, ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид МСҮТ, мэргэжлийн коллежид сурагч бүр орох боломжтойгоос гадна ажлын талбарт эрт гарч, амьдралаа багаасаа өөрсдөө аваад явчих боломжтой гэдгийг ойлгож эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй, нарийн мэргэжлийг дадлагаар дамжуулан эзэмшдэг тул төгсөнгүүтэй цалин хангамж өндөртэй, нэр хүндтэй компаниудад ажиллах боломжтойг ганцхан коллежийн үйл ажиллагаанаас харах боломжтой байна.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн